Өнгөрсөн хаврын цаснаар нэг шуудай нүүрс 2500 төгрөгт хүрсэн. Шуудай ч гэж дээ, хэрэглэгчдийн хэлдгээр 100 төгрөгийн гялгар шар тор дүүрэхгүй нүүрс гээд бод доо. Өнгөрсөн өвөл нэг портер машины тэвш нүүрс хаанахын гэдгээсээ шалтгаалаад 100-160 мянган төгрөг байсан. Харин зил 130 машины тэвш, таван тонн нүүрс 280-300 мянган төгрөгийн үнэтэй байв. Хэдийгээр хамтарсан нийгэмлэгийн дарга нар үнэд өөрчлөлт орохгүй гэж хэрэглэгчийг тайвшруулж буй ч иргэдийн нуруун дээрх ачаалал 15 хувиар нэмэгдэх нь илэрхий байна. Энэ өсөлтийг хүлээн зөвшөөрөгүй гэдгээ мэдэгдээд байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэрхэн ажиллаж байна вэ. Хэрэглэгчийн авдаг цалин нь үнийн өсөлтийг хөөж дийлэлгүй өвдөг сөгдөхөд ойрхон байна. Оны эхэнд олон улсын валютын сангийн нөхдүүдийн инфляци 20 хувьд хүрнэ гэсэн анхааруулгын эсрэг инээж суусан төв банк өдгөө уйлах хэцүү, инээх хэцүүхэн суугаа гэх.
Тээвэрлэлийн зардалаасаа 50 хувийн алдагдалтай ажилладаг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг ашигтай ажиллуулья гэвэл 62 жилийн тэртээд үзэглэсэн гэрээг өнөөдөр өөрчлөхөөс өөр аргагүй болсон юм шиг. 1949 онд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр зам”-ын тухай гэрээ өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй байгаа. Дээрх гэрээнд зааснаар хоёр тал хувь, хувьцааг ижил тэгш эрхтэйгээр эзэмших ёстой. Дээрээс нь тус нийгэмлэгийн орлогоос Монгол Улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар орж ирдэггүй гэсэн. Тэгэхээр энэ гэрээг өөрчлөхгүйгээр алдагдлыг нь арилгахаар иргэдийн нуруун дээрх ачааг энэ мэтээр нэмээд байж боломгүй мэт. Нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Улаанбаатар төмөр замд олон улсын төсөл, тусламжийг хамруулах шаардлагатай болчихоод байгаа бус уу. Оросуудын ая талыг харж, орлогын албан татвараа ч тус нийгэмлэгээс авч чадалгүй олон жилийн турш тэдний үгээр хөдөлсөн.Одоо тус нийгэмлэгийг ашигтай ажиллуулья гэвэл хуучирсан гэрээг шинэчилж, шинэ төсөл, хөтөлбөрөөр л ажиллах хэрэгтэй болсон юм шиг ээ. Тэрхүү гэрээнээс болж тус нийгэмлэг АНУ-аас хэрэгжүүлж буй Мянганы сорилтын сангийн тусламж, дэмжлэгийг авч чадаагүй. Учир нь оросууд дургүйцсэн. Тэгэхээр дотоодын нүүрс тээвэрлэлтийн үнийг хэд дахин нэмээд ч Улаанбаатар төмөр замын алдагдлыг арилгах арга болж чадахгүй л болов уу. Хуучирсан гэрээг шинэчлэхгүйгээр алдагдлаа ард түмний нуруун дээр тохоод ч ашигтай ажиллаж чадахгүй л байх даа.
"Ардын эрх" сонин