Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2018.04.12/ яаралтай хэвлэлийн хурлыг “Монгол ньюс” мэдээллийн төвд зарлав. Энэхүү хуралд тус холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, тэргүүлэгч гишүүн И.Доржсамбуу болон өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар оролцлоо. Өнөөдрийн хурал товлосон цагаас хугацаа хэтэрсэн. Учир нь хурлын төгсгөлд дархан аварга Хорлоогийн Баянмөнх, М.Хүдэрбаатар нар орж ирсэн юм.
Ингээд өнөөдрийн хурлын үйл явцыг хүргэж байна.
БӨХИЙН ӨРГӨӨНД ХҮЧ ХЭРЭГЛЭН ОРНО ГЭВ
Хурлын эхэнд Бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав яаралтай хурлыг хийх болсон талаараа тайлбарласан юм.
Тэрбээр “Үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлж, чөлөөт бөхийн олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга бурхны оронд заларсан энэ үед хэвлэлийн хурал хийх болсондоо харамсаж байна. Учир нь өчигдөр “Монгол HD” телевизийн байранд хэсэг бөхчүүдийг цуглуулж, хурал болсноос гадна хэвлэл мэдээллээр Бөхийн холбооны ташаа мэдээллийг энэ үед гаргаж байгаад нь харамсаж яаралтай хурал хийхээс аргагүй боллоо.
Цагийг эзэлсэн дархан аваргын бурхан болсон энэ үед хийж байгаа үйлдлээ түр зогсоогоочээ гэдгийг Л.Чинбат захиралд утсаар хэлсэн. Гэтэл тэрбээр төлбөртэй мэдээллийг мэдээллийн сайтуудаар тавьж байна. Мөн өчигдөр өөрийн телевизийн байранд болсон хурал, уулзалтын үеэр “Би Бөхийн холбооны тэргүүн болсон. Оюуны өмчийн газраас тамга, гэрчилгээ өгсөн.” Тиймээс хуулийн дагуу тамга тэмдэг байгаа учраас ирэх бямба гаригт (2018.04.14) Бөхийн өргөөнд дайрч орно. Үүнд хамгаалалтын баг ажиллана.” гэсэн мэдээллийг бөхчүүдэд өгчээ. Энэ талаар бөхчүүд бидэнд мэдээлсэн учраас бид яаралтай хурлыг хийхээс аргагүйд хүрлээ. Өмнө нь Бөхийн өргөөнд хоёр удаа дайран орох гэсэн ородлого гарч, зарим бөхчүүд шатаасан ч яахав гэж зохисгүй зүйл ярьсан байна. Бид Бөхийн холбоо, Бөхийн өргөөг авах юм бол бөхийн бай шагналыг нэмж, бөхчүүдийг цалинтай болгох зэрэг болзол тавьж, тэднээр гарын үсэг зуруулан авч үлдсэн байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлээд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн байгууллагууд, Прокурорын газарт бүгдэд нь хандана. Мөн бөхчүүддээ хандаж хэн нэгэн мөнгөтэй хүний ятгалаганд орж, талцуулж байгаа энэ асуудалд орохгүй байхыг сануулж байгаа. Уг нь бид дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Л.Чинбат даргатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан. Гэтэл маргааш нь бөхчүүдийг цуглуулж, хуралдан Бөхийн өргөөнд хүч хэрэглэн дайран орно гэсэн үйлдэл гаргаж, хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна” гэв.
Мөн энэ удаа хуулийн байгууллагуудын зарим хүмүүс албан тушаалын нөлөөнд автаж, шийдвэрийг яаралтай хүргүүлэх зэрэг хууль бус үйлдэл гарлаа. Тодруулбал, Үндэсний бөхийн “Их Эе” хуралдаан болохын өмнө уг хурлыг хуралдуулахгүй гэсэн Шүүхийн шийдвэрийг гарсан өдөр нь Р.Нямдоржид өөрийн биеэр гардуулна гэсэн үймээнийг Бөхийн өргөөнд хийсэн. Мөн Оюуны өмчийн улсын бүртгэлийн байцаагч н.Оюунмаа нарын хүмүүс албан тушаалтын нөлөөнд автаж, хуурамч тамга, гэрчилгээг гаргасан зэрэг хууль бус үйлдэл болсон гэдгийг хэлэв.
Л.ЧИНБАТ НЬ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН УЧРААС ДҮРЭМ ЗӨРЧЖЭЭ
Хуулийн зөвлөх, өмгөөлөгч Д.Одонтунгалаг дараах тайлбарыг өглөө.
2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон ээлжит бус “Их Эе” хурал нь өөрөө Үндэсний бөхийн холбооны дүрмийг зөрчсөн байна. Дүрмээр бол тэргүүнээр сонгогдсон хүн нь орон тооных байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Л.Чинбат нь орон тооны бус этгээд байна. Энэ хурлаас Цэцдийн зөвлөлийг сонгосон ч Бөхийн холбооны дүрмээ зөрчсөн учраас үүнтэй холбоотойгоор хууль бус тооцуулах маргааныг манай талаас гаргасан. Мөн үүнээс гадна Улсын бүртгэлээс гаргасан тамга, гэрчилгээ байна.Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой гэж хуулинд заасан байгаа.
Бүртгэл хийсэн үндэслэл болох нотлох баримтууд нь өөрөө ээлжит бус хурал нь нээлттэй болоогүйгээс гадна нийт бөхчүүд хуралдаа ороогүй. Төрийн бус байгууллагын холбогдох заалтыг зөрчсөн учраас энэ хуралдааныг хүчингүй болгох маргаан явж байгаа учраас эцсийн шийдвэрийг хэлэх боломжгүй байна” гэв.
2017 оны тавдугаар сарын 28-д болсон ээлжит бус “Их Эе”-д нийт 42 бөх, гишүүд оролцжээ. Гэтэл 2018 оны гуравдугаар сарын 24-нд болсон ээлжит “Их Эе”-д 200 гишүүнээс 151 нь мандатаа авч албан ёсоор хуралдаа суусан нь хууль ёсны шаадлага хангасан гэсэн хуулийн үндэслэлтэй гэв.
Хурлын төгсгөлд 2017 оны тавдугаар сард болсон Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаанаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүн М.Хүдэрбаатар болон дархан аварга Хорлоогийн Баянмөнх нар дараах тайлбарыг өглөө.
БӨХИЙН ХОЛБООГ АЛБАН ЁСНЫ БӨХИЙН ХОЛБОО ГЭЖ ҮЗЭХГҮЙ
Х.Баянмөнх:
2002 оны дөрөвдүгээр “Их Эе” хурлын ямар ч хүчин төгөлдөр бичиг байхгүй. Зургадугаар “Их Эе” хурлыг хүчээр хийж, намайг хүчээр хөөн гаргаж байсан. Мөн сая наймдугаар их хурлыг Б.Бат-Эрдэнэ даргалж, ард иргэдийн толгойг эргүүлчихлээ. Хуулийн дагуу явах хэрэгтэй. Би Үндэсний бөхийн холбоог албан ёсны Бөхийн холбоо гэж үзэхгүй. Би нэг зүйлийг баримталдаг. Монголын ард түмэнд үнэн үг хэл. Худал үг хэлж болохгүй. Би худал үг нэгийг ч хэлж болохгүй. Өнөөдөр Улсын бүртгэлийг хүчингүй болгож байна. Шүүхийн шийдвэрийн захирамж гарчихсан байхад үгүйсгэж байна. Би цаашид дахин 10 жил бөхийн төлөө зүтгэх чадвар байна. Оюун ухаан мөнхөд байдаг. Энэ Бөхийн холбоог бөхчүүдээс гадна энгийн иргэд авах ёстой. Би болоогүй байна. Бөхийнхөө төлөө тэмцэнэ.
М.Хүдэрбаатар:
Та бүгдийн наад тамга, гэрчилгээ хүчингүй болсон. Энд албан ёсны гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энд Л.Чинбат тэргүүн гэж байна. Та бүхэн яагаад ард түмнийг хууран мэхэлж, худал мэдээлэл хүргээд байгаа юм бэ? Би бөхийн талаар олон ажил хийсэн. Цаашид бөхийн холбоог шинэчлэхийг хүсэж байна. Дээд шүүхийн тогтоол гарчаад байхад хууль бус гэж хэлээд байна. Бөхийн холбоонд ямар үймээн гарсныг олон түмэн харсан. Би Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Албан ёсоор хөөгдөөгүй. Би аймгийнхаа холбоонд ажиллахдаа Бөхийн холбооноос илүү их ажлыг хийж, санаачилсан. Тиймээс надад ганцхан шинэчлэл хийх шаардлага байна.