А.Ариунаа: С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

А.Ариунаа: С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан

А.Ариунаа: С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан болж өндөрлөлөө. Энэ үеэр С.Баярын өмгөөлөгч А.Ариунаатай цөөн хором ярилцлаа.

-Шүүх хурлаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор та байр сууриа хэлэхгүй юу?

-Шүүх хурлаас С.Баярыг цаашид үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай хорихоор боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярыг уржигдар /2018.04.10/ 18.00 цагт шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ баривчлах болсон үндэслэл нь гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй гэсэн нөхцөл байдлаар шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Энэ үндэслэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэхээр шүүх С.Баярыг баривчилсан гол үндэслэл нь Оюутолгойн гэрээтэй холбоотой. Оюутолгойн гэрээ байгуулснаар их хэмжээний авлига авсан талаар сошиал орчноор 10 жил орчим шуурлаа. Энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Шүүхээс зөвшөөрөлгүй баривчилсан нь буруу юм. Оюутолгойн гэрээтэй бүх холбоотой материалууд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүй зөвлөлийн архивд нотлох баримтууд байсаар байтал энэ нотлох баримтууд яагаад зөөвөрлөх устгах, үрэгдүүлэх боломжтой нөхцөл байдал үүсэж болзошгүй гэсэн нөхцөл байдлаар хойшлуулалшгүйгээр баривчилсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

-Ерөнхий сайд асан С.Баяр нь шүүх хуралд онлайнаар оролцсон уу. Энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Тийм ээ, шүүх хуралд онлайнаар оролцсон. С.Баяр “Өнөөдөр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорилоо гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаар унах, Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох, Оюутолгойн нэр хүнд унах энэ асуудал нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талыг нь харж үзээч ээ” гэсэн саналыг хэлсэн. Хамгийн гол нь цагдан хорих болсон үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

-Прокурор тайлбарласан уу?

-Би тайлбарыг шаардсан. Ингэхэд дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж. Өнөөдөр энэ хүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан байгаа шүү дээ. Эрүүгийн хэрэг үүсэн яллагдагчаар татахаас өмнө Монгол улсаа төлөөлж элчин сайдаар ажиллаж байсан хүн. Америкт долоо найман хаус авсан гэдгээ шалгуулахаараа өөрөө хүсэлтээ өгөөд, би шалгуулъя гээд  хүрээд ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдгээр цагдан хорьж байгаа нь хууль зүйн үндэсгүй гэсэн байр суурьтай өнөөдрийн шүүх хуралд оролцоо.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж