Дэлхийн банк: Төслүүдээ хөдөлгөхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Төслүүдээ хөдөлгөхийг зөвлөв

Дэлхийн банк: Төслүүдээ хөдөлгөхийг зөвлөв

Дэлхийн банкнаас өнөөдөр /2018.04.12/ хагас жил тутам гаргадаг бүс нутгийн эдийн засгийн судалгааны тайлангаа танилцууллаа.  Тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлт тогтвортой байж, 2018 онд дунджаар 6,3 хувьд хүрэх төлөвтэй байна гэж дүгнэжээ. Гэхдээ тогтвортой байдал, тогтвортой өсөлтийг хангахад тулгарах эрсдэл үүсч болохыг анхааруулсан байна. Хэдийгээр бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөв эерэг байгаа ч бодлого боловсруулагчид шинэ сорилтуудыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхийг зөвлөсөн талаар онцлон тэмдэглэжээ. Мөн хөгжингүй эдийн засагтай орнуудад хүүгийн түвшин төсөөлснөөс илүү хурдацтай өсч, худалдааны сөргөлдөөн нэмэгдэх магадлалтай. Үүнтэй холбоотойгоор богино хугацааны эрсдэлүүд тулгарч байгаа тул Мөнгөний бодлогоо чангатгаж, төсвийн тэнцвэрт байдлыг хадгалах нь зүйтэй. Урт хугацаанд өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд улсын болон хувийн хөрөнгө оруулалт, бүтээмжийн өсөлтийг нэмэгдүүлж, хүний хөгжлийг дэмжих нь чухал  гэдгийг тодотгожээ.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Виктория Кваква:

-2018 онд эдийн засаг өсөх хандлагатай байгаа ч хөгжингүй улс орнуудын зээлийн хүү нэмэгдэх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт нь бүс нутгийн хэт ядуурлыг бууруулахад асар их үр өгөөжтэй байлаа. Энэхүү амжилтаа бататгаж, эдийн засгийн хувьд эмзэг хэвээр байгаа хүн амын ирээдүй хэтийн төлөвийг сайжруулахын тулд өсөлтийг урт хугацаанд тогтвортой байлгах шаардлагатай. Бодлого боловсруулагчид эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж буй асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ урт хугацааны өсөлтийн нөөц бололцоог сайжруулах алхмуудыг хийх нь зүйтэй гэв.

Монгол Улсын хувьд нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн, макро эдийн засаг тогтворжиж байгаа зэргээс хамаарч 2017 онд эдийн засаг 5.1 хувиар нь өссөн дүнтэй гарсан. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол 2017 оны эцсээр 1,9 хувьд хүртэл буурсан байна. Эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэх, 2018 онд 5,3 хувь хүрэх бол 2019-1920 онуудад 6 хувь давах төлөвтэй байна гэсэн судалгаа гаргасан байна. Цаашид дунд хугацаанд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт болон уул уурхайн салбартай хамаарал өндөртэй салбарууд болох худалдаа болон тээвэр үйлчилгээний салбарын идэвхжил нь эдийн засгийн өсөлтийг чухал нөлөө үзүүлэхээр байна гэж дүгнэжээ.

Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нганугийн хэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирээдүйд тогтвортой үргэлжлүүлж, түүхий эдийн зах зээлээс хамаарах хамаарлыг бууруулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд буй асуудлууд үргэлжлэх, мөн мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоодод эрсдэл учирч болзошгүйг анхаарах хэрэгтэй’ гэдгийг онцлов.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж