Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүйгээр 0,07 га газар өмчлөх эрхтэй. Гэхдээ газар үнэгүй өмчлөх эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ээр дуусгавар болно. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.
-Газар үнэгүй өмчлөх хуулийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт хэчнээн иргэн 0,07 га газраа өмчилж авсан байдаг юм бол?
-УИХ-аас 2003 онд Монгол Улсын иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх тухай хуулийг баталж байсан. Дараа нь 2008, 2013 онуудад газар өмчлөлийн хуулийн хугацааг тус бүр таван жилийн хугацаатайгаар сунгасан. Хамгийн сүүлд УИХ Газар өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа үнэ төлбөргүй газар өмчлөх хугацааг 2018 оны тавдугаар сарын 1-н болгож сунгасан. Нийслэлийн 1,3 сая иргэнээс 14 хувь нь, Монгол Улсын хэмжээнд газар өмчлөл 13 хувьтай байна.
Нийслэлийн газрын албанаас 2018 оны өмнө гэр хороололд газар эзэмшиж байсан иргэдийг газраа өмчлөх аян өрнүүлж, судалгаа хийсэн. Нийт 200 мянган иргэнээс 17 мянга орчим иргэн газраа өмчлөөгүй байна гэсэн судалгаа гарсан. Нийслэлийн газрын албанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн агентлагт газар өмчлөлийн хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтээ хүргүүлсэн. Агентлагаас мөн газар өмчлөлийн асуудлыг хугацаагүйгээр сунгаж өгөх хүсэлтээ УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Хугацааг сунгах л болов уу.
-Нийслэлд газар байна уу. Иргэд өмчлөх газар олдохгүй байна, олдож байгаа нь ямар ч дэд бүтэцгүй, эсвэл хүн амьдрахын аргагүй газар байна гэж их ярьдаг. Цахимаар газар өмчлөхийг зогсоосон шалтгаан нь юу вэ?
-Нийслэлийн Засаг даргын А-17, А18 тоот агаарын бохирдолтой холбоотой захирамжууд гарсан. Энэ захирамжуудад нийслэл өөрийн даацын хэмжээг тогтоосон. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын эцсийн тэлэх хязгаарыг тогтоож өгсөн. Тогтоосон хязгаарын хүрээнд газар олгох, эзэмшүүлэх ажил хийгдэж байна. Өмнөх жилүүдэд иргэдэд цахимаар газар өмчлөх эрх олгосон. Нийт 44 байршилд 68869 иргэнд цахимаар газар өгсөн. Эдгээр газруудын байршил нь суурьшлын бүст ороогүй, эко бүсэд хамаардаг. Сансрын зурагнаас төлөвлөлт хийсэн газруудад шууд цахимаар газар олгож, төлөвлөлт хийсэн учраас цэг тэмдэгтийг нь байршуулахаас эхлээд хийх ажил олон байгаа. Зарим олгогдсон газарт цэг тэмдгийг нь байршуулахаар гуу жалга, өндөр уулын орой, эрэг газар гэх мэт тухайн газар иргэн амьдрах боломжгүй газрыг ч өмчлүүлсэн байсан. Түүнээс гадна цахимаар олгож байсан учраас газар өмчлөх хүсэлтэй хүмүүсийн 34 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 17 наснаас өмнөх хүүхдүүд эд хөрөнгө, газар, аливаа зүйлийг өмчлөх боломжгүй. Ийм учраас 0-17 хүртэлх насны хүүхдүүдийн авсан газрыг эцэг, эх нь захиран зарцуулах эрх зүйн боломж нь хэр нээлттэй вэ гэх зэрэг олон асуудлууд тулгамдаж байгаа юм. Мөн дэд бүтэц байхгүй, зам байхгүй байх жишээтэй. Мөн энэ 44 байршилд газар өмчилж авсан 69 мянга орчим иргэдээс нэг нь ч хашаа барьж, тэндээ амьдраагүй. Гэтэл өнөөдөр зайлшгүй газар өмчлөх, тэндээ амьдрах шаардлагатай хэчнээн хүн байна вэ зэрэг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай ажлууд тулгарсан учраас цахимаар газар өмчлөлийг түр хугацаагаар зогсоосон. Газар өмчлөл бага хувьтай, мөн Монгол Улсын иргэн хаана ч газар өмчлөх эрхтэй учраас дараагийн өмчлөлийг хот хооронд болон суурин газрыг холбосон газар болон тухай иргэн төрсөн нутагтаа, өөрийн сонирхсон аймаг, суманд авах боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ саналуудыг хуульд эсвэл журамд хэрхэн зохицуулах вэ гэдгийг бид судалж байна. Дэд бүтэцтэй, суурин газруудад иргэдээ газар өмчлүүлэх чиглэл рүү явах нь зөв гэсэн гарцыг хайж байна.
-Цахимаар газар олгох нь иргэдэд илүү хүртээмжтэй амар байсан юм болов уу. Цаашид хуулийн хугацаа сунгагдвал цахимаар газар өмчлөх үү эсвэл?
-Иргэд өмчилсөн газартай болчихсон гэдэгт л илүү сайшаалтай хандсан байх. Яг өмчилсөн газраа цаашид ямар хэрэгцээнд ашиглах, амьдрах боломжтой эсэх тал дээр тооцоолол хийгээгүй байх шиг байгаа. Энэ нь цахимаар олгосон газруудад хашаа бариагүйгээс харагдаж байгаа. Мөн гэр бүлийн хэрэгцээнд нэг газар, нэг дор газар авах сонирхол маш их. Гэтэл энэ боломж нь хуульд тусгагдаагүй байсан. Цахимаар олгох уу, өөрсдийн сонгосон газрыг нь өмчлүүлэх үү гэдгийг олон нийтээс санал асуулга явуулж ямар хэлбэрээр газар олгох вэ гэдгийг судалж байж шийднэ.
-Цахимаар олгосон газарт иргэд газраа хатгаагүй гэсэн. Иргэд өмчилсөн газраа хашаажуулах шаардлагатай байх?
-69800 хүн газраа өмчлөөд нэг нь ч хашаа хатгаагүй, амьдраагүй байх жишээтэй. Иргэд газраа аваад дугуй, шон хатгачихсан байдаг. Иргэд өөрсдөө амьдрах, өмчлөх эрхтэй бол тухайн газраа хашаалж, хамгаалж явах ёстой. Өмчилнө гэдэг нь тухайн иргэн өөрөө захиран зарцуулах эрхтэй болдог учраас бид хашаагаа барь гээд шаардаад байх нь зохимжгүй. Иргэд аль болох өөрсдөө хариуцлагатай байх нь л чухал.
-Нийслэлтэй ойр дэд бүтэц хөгжсөн Төв аймгийн зарим сумд, суурин газруудад газар олгох боломж байдаг уу?
-Нэгдсэн асуудлыг бодлогоор хангаж шийдвэрлэх нь Геодизи, зураг зүйн агентлаг зохицуулах болов уу. Жишээлбэл, Улаанбаатар хоттой ойрхон сумдын өөрсдийнх нь ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл зэрэгт нь ямар зохицуулалт хийх вэ гэдгийг сайн судалж, шийдвэрлэх байх. Орон нутгаас газар авах хүсэлтэй байгаа бол тухайн орон нутгийн Засаг даргад хандаад газраа авах боломжтой.
-Зуслангийн газар өмчлүүлэх ажил хийгдэж байгаа юу?
-Ногоон бүс буюу зуслангийн газарт газар эзэмших ажил үргэлжилж байгаа. Ногоон бүст гэр бүлийн хэрэгцээнд хориглолт, хамгаалалтаас гадна бүст байвал 0,07 га газар өмчлүүлнэ. Ойн, усан сан болон замын трасс гэх мэт тодорхой шаардлагууд бий. Түүнээс бусад нөхцөлд ногоон бүст газар олгож байгаа.
–Тавдугаар сарын 1-ээр хуулийн хугацаа дуусгавар болж, сунгагдлаа гэхэд сунгагдах хугацаа болтол нэг ч газар өмчлөхгүй гэсэн үг үү?
-Бүр олгохгүй гэсэн ойлголт байж болохгүй. Иргэд өөрсдөө оршин суугаа газраа боломжтой, эзэнгүй, нөөц газруудыг олж ирвэл дүүргүүдийн Засаг дарга нар шийдвэрлэх боломжтой гэсэн хуулийн заалт бий. Хугацаа дуусгавар болох гэж байгаа учраас сүүлийн нэг сар ачаалал маш их нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн харьяа газрын албад амралтын өдөр буюу бямба гаригт ажиллах үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна.
–Хотын даргын захирамжаар Эко бүс тогтоосон гэсэн. Энэ эко бүс дэд бүтэц хөгжсөн газрууд гэж ойлгож болох уу?
-Эко бүсийг иргэдэд ойлгомжтой болгох тал дээр ажиллаж байна. Сая цахим өмчлөлөөр уулын дотор талд гэр хороолол ихтэй байснаас агаарын бохирдол ихсэж байгаа. Цахимаар эко бүст газар өмчлүүлбэл агаарын бохирдол нэмэгдэхгүй байх боломжтой юм. Тиймээс суурьшлын бүс, эко бүсийг тус тусад нь тогтоож, газар олгож байгаа юм.
-Сүүлийн үед иргэдийн дунд газрын маргаан их гарах болсон нь давхардуулж газар олгосонтой холбоотой гэх юм билээ?
-Газрын маргаантай холбоотойгоор 600 гаруй иргэд оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр иргэдийн зүгээс газар давхацсан, хориглосон бүст амьдрах зэрэг саналуудыг их ирүүлсэн байдаг. Иргэд тухайн үед газар эзэмших гэрчилгээгээ авсныхаа дараа кадастрын зураглал хийлгэж газрын албаны мэдээллийн санд суулгах ёстой байдаг. Гэтэл гэрчилгээгээ аваад зураг хийлгээгүйгээс мэдээллийн санд бүртгэгдээгүй учраас дараагийн иргэнд олгогдсон маргаанууд их гарч байна. Үүнийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Түүнээс гадна Туул голын сав зэрэг хориглолт хамгаалалтын бүст иргэд өөрсдөө ирж бууж, газар хатгачихаад газар олгохгүй байна гэж заргалддаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр 152 иргэний өргөдлийг холбогдох аж ахуй нэгжид албан бичгээр хүргүүлээд, тухайн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр болсон.
Ш.ЧИМЭГ