Их Британид химийн хортой бодист хордсон Оросын экс тагнуулчийн охин Юлия Скрипал Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас ямар ч тусламж авахгүй гэжээ.
Сергей Скрипал мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодист хордсоны улмаас эрүүл мэнд нь тун ноцтой байдалд байгаа гэнэ. Их Британид болсон энэ хэргийн улмаас ОХУ, Их Британийн харилцаа Хүйтэн дайны үеийнх шиг хурцадмал байдалд орсон.
Их Британийн цагдаагийн газраар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ Юлия “Би гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө холбоо барьсан. ОХУ-ын Элчин сайдын яам чадах чинээгээрээ туслахыг санал болгосон ч би ийм үед тэдний саналыг хүлээж авч чадахгүй” гэжээ.
Их Британи дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас өмнө нь Юлия Скрипалтай холбоо тогтоох гэсэн боловч чадаагүй талаар мэдэгдэж байсан юм.
Юлия Скрипалын мэдэгдлийн дараа Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яам “Бид Сергей, түүний охин Юлиятай уулзах хүсэлтээ дахин гаргана. Одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд тэднийг хорьж, цагдаж байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн байна.
Юлия Скрипалын биеийн байдал сайжирсан ч хэвлэлд ярилцлага өгөхөөр хангалттай тэнхрээгүй байгаа бөгөөд ОХУ-ын хэвлэлүүдэд үеэлийнх нь өгсөн мэдээлэл түүний хэлсэн үг биш хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters