Цалин нэмүүлэх жагсаалд уран бүтээлчид нэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Цалин нэмүүлэх жагсаалд уран бүтээлчид нэгджээ

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулж буй цалин нэмүүлэхийг шаардсан жагсаал эхэллээ. Жагсаалд боловсрол, эрүүл мэндийн салбарынхан төдийгүй Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, ажилчид бус төрийн байгууллагынхан оролцож байна. Жагсаалыг нээж, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “400 мянган ахмад тэтгэвэр авч байгаа ч юундаа ч хүрэлцэхгүй төдийгүй ядуусын эгнээнд багтаж байна. Монголын төсөв долоон триллионд хүрсэн ч цалин тэтгэвэрт ердөө нэг триллионыг нь зарцуулж байна. Олигархуудад мөнгө өгөх болохоор тэрбум тэрбумаар нь тараадаг эрх баригчид төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх болохоор мөнгөгүй болчихдог. Сонгуулийн амлалтаа биелүүлэх болохоор мөнгөтэй болчихдог хэрнээ цалин нэмэх болохоор мөнгөгүй болчихдог нь биднийг доромжилж байна. Тиймээс үйлдвэрчний эвлэлүүд цалингаа нэмүүлэхээр эвлэлдэн босч байна” гэдгийг хэлэв.

Харин урлагийн ажилтнуудыг төлөөлж жүжигчин Г.Мягмарнаран “Уран бүтээлчид өөрсдийнхөө төлөө хэзээ ч гуйлга гуйж, шаардлага тавьж яваагүй. Бид тэвчээртэй хандаж, болох байлгүй, бүтэх биз дээ гэж явсаар өнөөдөр идэх хоолгүй болж байна. Өнөөдөр Монголын төрд урлагийг дэмжих ямар ч бодлого алга. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, тэднээс шаардаж байна. Зүгээр ажлаа хийгээд, уран бүтээлээ туурвиад явахаар цалин нэмдэггүй, өлсгөлөн зарлахаар мөнгө өгдөг юм байна. Бид өнөөдөр 230 мянган төгрөгийн цалин авдаг. Барааны үнэ үнэ өдрөөс өдөрт өсч буй энэ үед энэ мөнгөөр юу авахыг жирийн иргэд мэднэ. Тайзан дээр бид цагаан захтай, цатгалан хүний дүрд тоглодог ч гэртээ очихдоо үр хүүхэддээ юу ч үгүй өрөвдөлтэй амьтан буцаж байна. Урлагийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэм. Уран бүтээл хийх мөнгө өг” гэж индэр дээрээс мэдэгдэв. Түүнийг дэмжин Улсын драмын эрдмийн театрын жүжигчин н.Урнаа, найруулагч Найдандорж нарын олон уран бүтээлчид лоозон барин жагсчээ. Жагсаал үргэлжилт байна.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж