Монгол Улс Азийн авто замын сүлжээнд холбогдоно | News.MN

Монгол Улс Азийн авто замын сүлжээнд холбогдоно

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Монгол Улс Азийн авто замын сүлжээнд холбогдоно

Монгол Улс Азийн авто замын сүлжээнд холбогдоно

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Хуралдааны үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс Үндсэн хуулийн дэд хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгах санал гаргасан. Мөн зарим гишүүд алдаатай хууль батлагдаж, Үндсэн хуулийн цэц дээр очоод унаж байгааг шүүмжилсэн юм. 

Ингээд хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 66,7 хувийн саналаар дэмжиж, батлав. 

Зам тээврийн хөгжлийн сайд 2016 онд Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээр нь 20 зүйл, гурван хавсралтаас бүрджээ. Гол зорилго нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, авто тээврээс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомт хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх аж. Талууд энэхүү хэлэлцээрийг дотоодын хууль журмаар зохицуулж, дипломат шугамаар харилцан мэдэгдэх үүрэг хүлээсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Гурван улсыг дамнасан авто тээврийн гэрээ батлагдах гэж байгаад бид баяртай байна. Гэхдээ хэд хэдэн зовлонтой асуудал харагдаж байна. Хоёр хөрш маань Монголын экспортын бараанд тавьж байгаа тарифын хязгаарлалт бизнес эрхлэгчид хүндрэл учруулж байгаа. Монголын бүтээгдэхүүн гадагшаа 40,50 хувийн татвартайгаар дэлхийн зах зээлд гарах боломжгүй. Зам тээврийн асуудал шийдэгддэг юм байж. Хажуугаар нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Орос, Казазстан, Беларусын байгуулсан эдийн засгийн холбоотой нарийн ойлголцохгүйгээр монголын бүтээгдэхүүн гадагш гарах ямар ч боломжгүй байна. Тарифын хязгаарыг чөлөөлөхгүйгээр ямар ч боломжгүй харагдаж байна. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Энэ хэлэлцээрийг 100 хувь дэмжиж байна. Хэлэлцээр соёрхон баталсантай холбоотойгоор монголын нутгаар бараа таваар тээвэрлэх шаардлага гарна. Гэтэл Монголд энэ замын төсөөлөл ямар байна вэ. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулагдаад олон жил боллоо. Жил бүр улсын төсвөөс татаас авдаг ч дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байна. Чөлөөт бүсийг олон улсын жишигт нийцсэн байдлаар хөгжүүлмээр байна. 

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл:

-2016 оны есдүгээр сард гурван улс туршилтын тээвэр хийсэн. Энэ туршилтаар замын асуудал тулгарч байгаа юм. Зам гэхээр дагалдаад, гэрэлтүүлэг, хяналтын асуудал тулгарна. Манай 1050 км зам дээр нэн даруй арга хэмжээ ав гэсэн. Нэгдүгээрт, замын засвар. Хоёрдугаарт, тэмдэг тэмдэглэгээний асуудал. Гуравдугаарт, камерын хяналтын асуудал. Үүнээс гадна Монгол Улсын тээврийн хэрэгслийн одоогийн байгаа номер дугаар камерын хяналтад орохгүй байна гэж дүгнэсэн. 

-Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Бид чөлөөт бүсийг маш их анхаарч байгаа. Яг чөлөөт бүсийн асуудлыг манай яам эрхлэх асуудалд байхгүй учраас Гадаад харилцааны яам, Шадар сайдын ажлын алба, Чөлөөт бүсүүдийн захиргаатай хамтарч байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт дамжин өнгөрөх тээврийн тодорхой хэсгийг Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжуулна гэж заасан. Тэгэхээр энэ чөлөөт бүс ашиглалтад орохоор дамжин өнгөрөх тээврийг энэ бүсэд хийхээр төлөвлөж байна. 

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Улсын нисэхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсөл санаачлагчид Улсын нисэхийн тухай хуулиар зохицуулагдах улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, хуульд заасан нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох, албан тушаалын харьяаллыг тодорхой болгох, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд улсын нисэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг тогтоохдоо баримтлах үндэслэлийг тусгах, улсын агаарын хөлгийн ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэгтэй холбогдсон харилцааг нэмж тусгах, улсын агаарын хөлгөөр тусгай үүргийн нислэг үйлдсэн тохиолдолд тухайн хэрэглэгч байгууллагаас төлбөрийг буцаан авахтай холбогдсон зохицуулалт, улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгтэй холбогдох харилцааг Агаарын цэргийн командлал хэрэгжүүлэх зохицуулалт, хуульд заасан “арилжааны нислэг” гэдэг нь монгол хэлний тайлбар, Иргэний хуулийн зохицуулалтаар энэхүү төрлийн нислэгийн үйлчилгээ үзүүлснээр эд хөрөнгийг ямар нэгэн эд хөрөнгөөр солих, авах гэсэн утга санааг илэрхийлсэн байгааг “төлбөрт нислэг” гэж өөрчилснөөр тухайн харилцааг хууль зүйн зөв утгаар ойлгож хэрэглэх боломж бүрдэх зэрэг хуулийг боловсронгуй болгох практик хэрэгцээ, шаардлага байгаа аж.

Ингээд дээрх асуудлаар асуух асуулттай гишүүн цөөхөн байсан тул хуулийн төслийг дэмжээд, УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөв.

Т.НОМИН  

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-12 202.72.245.122

Монгол Улсын тээврийн хэрэгслийн одоогийн байгаа номер дугаар камерын хяналтад орохгүй байна гэж дүгнэсэн. Орос, Хятадынх болоод манайх л болдоггүй айн, нөгөө машины дугаарыг солих гэж зүтгээд байгаа бүлэглэлийн "цаад эзэн" нь тодорч байна уу үгүй юу энэ чинь

Avatar

Зочин 2018-04-12 112.72.14.227

Чааваас энэ Дарвааны хэлж байгаа үгийг ккк

Avatar

Зочин 2018-04-12 27.123.214.116

Яриад л бдаг нэг ч хэрэгжсэн юм бхгүй дуугүй бай цаашаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж