Оюутны тэтгэмжийг зохицуулсан журам ЗГ-аас батлаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэмжийг зохицуулсан журам ЗГ-аас батлаагүй байна

Жил бүр инфляци дагаад өсдөг сургалтын төлбөр энэ жил хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн асуулт хэн бүхний анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Уг нь БСШУЯ-наас долдугаар сарын 21-нд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад сургалтын төлбөрийг 9,4 хувиас дээгүүр нэмж болохгүй гэсэн чиглэл өгсөн юм. Энэхүү шийдвэрийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 1 хүртэлх хугацаанд инфляцийн төвшин 9,4 хувьтай байна гэсэн тооцоотой холбон гаргасан. Гэсэн ч их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 20-30 хувиар нэмсэн талаар яриа бий. Дээрх асуудалтай холбоотойгоор төрийн өмчийн нэр бүхий зургаан их, дээд сургуулийн удирдлагатай салбарын сайд уулзлаа. Уулзалтын хүрээнд сургалтын төлбөрийн асуудлын талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.


-Энэ жилийн хувьд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг инфляцийн төвшинтэй уялдуулан 9.4 хувиас дээш хэмжээгээ нэмж болохгүй гэсэн чиглэл яамнаас барьж байгаа. Гэтэл хэд хэдэн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс 20-30 хувь хүртэл нэмнэ гэсэн шийдвэр гаргасан. Хэрвээ заасан хувь хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд салбар хариуцсан яамнаас хариуцлага тооцох уу?

-Өнөөдөр /өчигдөр/ харьцангуй олон тооны оюутан суралцдаг төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж сургалтын төлбөрийн асуудлаар ярилцлаа. Ерөнхийдөө яамнаас өгсөн чиглэлийн дагуу 9.4 хувиас дээш хэмжээгээр нэмэхгүй байх тал дээр санал нэг байна гэдгээ илэрхийллээ. Гэхдээ ихэнх сургуулийн Удирдах зөвлөл хуралдаагүйтэй холбоотойгоор нэгдсэн байр суурь алга. Энэ сарын 25-ны дотор Удирдах зөвлөлөө хуралдуулж, шийдвэрээ мөн хугацаанд ирүүлэхийг удирдлагуудад үүрэг болгосон. Хэрэв яамнаас өгсөн чиглэлээс дээш хэмжээгээр сургалтын төлбөрийг нэмсэн тохиолдолд хариуцлага тооцно гэдгийг эртнээс анхааруулж байгаа.

-Сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд яг ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын хувьд удирдлагуудын албан тушаалаас нь халах хэмжээний хариуцлага тооцно. Энэ жилийн тухайд тогтоосон хувиас дээш хэмжээнд нэмэх асуудал үүсэхгүй байх гэдэгт найдаж байна.

-Хувийн сургуулиудын хувьд?

-Хувийн хэвшлийн гэдэг утгаар нь бид хүндэтгэж үзэх шалтгаан бий. Гэхдээ томоохон их, дээд сургуулиудийн жишгээр л сургалтын төлбөр ойролцоо байна байх. Гэхдээ үндэслэл шалтгаангүй их хэмжээгээр нэмсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл, оюутны хяналтын квотын асуудал хөндөгдөнө. Энэ хичээлийн жилд төрийн болоод хувийн бүх их, дээд сургуулиудыг аттестатчилна. Уг шалгалт үнэлгээгээр сургалтын орчин, багшлах боловсон хүчин, байр савны хүрэлцээ зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч таарах байх.

-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тухайд жил бүр тодорхой хэмжээгээр сургалтын төлбөрийг нэмж байгаа нь үнэн. Улсын төсвөөс жил бүр санхүүждэг атал сургалтын төлбөрөө нэмэх үндэслэл бий юу?

-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тухайд улсын төсвөөс санхүүждэг ч их биш. Зөвхөн өртгөө хаах буюу дулаан цахилгаан гэх мэтийн зардлыг төрөөс хариуцдаг гэсэн үг. Сургууль, оюутны эрх ашгаас гадна багш, ажилчдын эрх ашиг байх ёстой. Тиймээс сургалтын төлбөрийн дийлэнх буюу 85 хувийг зарцуулдаг. Үнэхээр л чанартай дээд боловсрол олгоё гэж байгаа бол төрөөс анхаарах хэрэгтэй байна.

-Ирэх хичээлийн жилд Хүний хөгжил сангаас иргэдэд олгох 1.5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх ажлын хүрээнд сургалтын төлбөрт 500 мянган төгрөг дахин олохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс сар бүр оюутанд олгох 70 мянган төгрөгийн тэтгэмжийг ямар журам, үндэслэлээр олгох вэ?

-2010-2011 оны хичээлийн жилд Хүний хөгжил сангаас нийт их, дээд сургууль, колллежийн 133192 оюутанд сургалтын төлбөрийн зориулалтаар 66.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хичээлийн жилийн тухайд үргэлжлүүлэн 500 мянган төгрөгийг олгохоор боллоо. Харин ирэх онд оюутанд сар бүр олгох 70 мянган төгрөгийн тэтгэмж буюу стипендийн асуудлыг зохицуулсан журам Засгийн газраас хараахан батлаагүй байгаа болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж