УИХ Оюутолгой төсөлд ямар дүн тавих вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

УИХ Оюутолгой төсөлд ямар дүн тавих вэ?

УИХ Оюутолгой төсөлд ямар дүн тавих вэ?

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой төслийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсноос хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна.

Ажлын хэсгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва,  Н.Амарзаяа, А.Ундраа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар нарыг багтаасан.  УИХ-аас хоёр сарын хугацаа өгсөн тул ажлын хэсэг шалгалтын дүнг ирэх тавдугаар сарын сүүлээр эцэслэн гаргах учиртай юм.

Гэвч олон нийт ажлын хэсгээс гаргах дүгнэлт бодитой байж чадах уу гэдэгт эргэлзэж буй бол УИХ-аас энэ төсөлд тавих дүн хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татах асуудал болж хувираад байна.

Учир нь Авлигатай тэмцэх газраас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татаж, саатуулсан бол Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсан нар мөн л яллагдагчаар татан, хорьсон.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс өнөөдөр экс Ерөнхий сайд нарыг хорих уу, гадуур байцаах уу гэдэг шийдвэрийг гаргана. Авлигатай тэмцэх газраас тэднийг Оюутолгой болон Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ ашиглан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн хардлага дагуулж байсан энэ гэрээний хэрэгжилтийг өмнө нь Ардчилсан нам Засгийн эрх барих үедээ ч шалгасан. Ингэхдээ татварын маргаан үүсгэж байв. Энэ асуудлаас болж Засгийн газар олон улсын арбитрт дуудагдаж болзошгүй нөхцөл үүссэнийг харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа олон улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлүүлж чадсан.

Мөн Монголын талын эзэмшил 34 хувь болон 2009 оны гэрээг огт хөндөхгүй гэсэн зарчмыг баримтлан ажиллаж, шинэ төлөвлөгөөгөөр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлаа  бүрэн  шийдэж, төслийн өгөөжийг нэмэгдүүллээ гэдгийг тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдэгдэж байлаа.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэх тохиролцоонд хүрч чадлаа” гэдгийг мэдэгдэж байсан юм.

Мөн үе, үеийн Засгийн газар гэрээний нөхцлийг Монголын талд ашигтайгаар шийдэх хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талтай хийж явах ёстой гэдгийг сануулж байсан билээ.

Хамгийн сүүлд  Элчин сайд М.Энхсайхан энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр ‘Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм’ гэж дүгнэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийг Рио Тинто компанитай хамтран хэрэгжүүлж эхэлснээс хойш гурав дахь УИХ-ын нүүрийг үзэж байна. Д.Дэмбэрэл даргатай УИХ Оюутолгой төслийг хэлэлцэн, Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэ үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын цөөн тооны гишүүд төслийг эсэргүүцсэн бол олонхиороо дэмжсэн.

Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр парламент байгуулагдаж, Ардчилсан нам олонхи болоход мөн л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ярьж байв. Гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газар мөн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Харин 2015 онд Дубайд гэрээ зурагдахад УИХ ‘эдийн засгийн хямралыг даван туулахад чухал ач холбогдол дагуулсан гэрээ болсон’ гэж үнэлсэн юм. Цөөн тооны гишүүд эсэргүүцсэн нь С.Ганбаатар нарын бие даагч гишүүд байв.

Харин одоо М.Энхболд даргатай УИХ Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд ямар дүн тавих вэ гэдэг нь ажлын хэсгээс гарах дүгнэлт, мөн 65-ын бүлгээс илүү хамааралтай болж буй юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж