М.Даваажаргал: Олимпийг хамтдаа үзнэ гэж бодсон

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

М.Даваажаргал: Олимпийг хамтдаа үзнэ гэж бодсон

М.Даваажаргал: Олимпийг хамтдаа үзнэ гэж бодсон

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр 2018.04.11/ эх орондоо ирлээ. Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа дөрөвдүгээр сарын 9-нд бурхны оронд заларсан.

Хакүхо тойргийн барилдаанаас түр чөлөө авч эх орондоо ирээд байна.

Тэрбээр “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байсан. Харамсалтай.” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Хакүхо М.Даваажаргал анх сүмогийн багштайгаа уулзахдаа хэлсэн үг нь “Аавынхаа амжилтыг эвдэнэ” хэмээн хэлж байсан нь түүний багшийн сэтгэлийг татаж, Монгол руу буцах гэж байсан хүүг сүмод авч үлдсэн түүхтэй юм.

Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсэний түүхт 50 жилийн энэ онд тохиож байна. “Мехико-1968” зуны олимпийн наадмаас Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэхүү наадмаас Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медалийн эзэд болж, түүхэн амжилтын эзэд болж байсан юм. Мексик улсын Мехико хотод болсон зуны олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медалийг авч олимпийн наадмын буухиаг эхлүүлсэн. Тэр дундаа Ж.Мөнхбат аварга олимпийн наадмын анхны мөнгөн медалийн эзэн болсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Ж.Мөнхбат аваргын нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч гуравдугаар сард Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан юм. 

Онцлоход, Ж.Мөнхбат агсанд зориулан түүний төрөлх нутаг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, “Эх нутгийн иргэд” ТББ, “Говь хангай мебель” компани, Данцагдоржчойлон хийд, Дашчойнхорлон хийдээс 1080 зул өргөж, Дүнчүүр маань хөгжөөж, ерөөл өргөн, буян хишгийн даллага авахуулсан байна. Уг арга хэмжээнд өчигдөр 1400 гаруй иргэн хүрэлцэн иржээ. Сүүлчийн замд үдэх ёслол маргааш болох юм.

Хакүхо аав, ээжийнхээ алтан хуримыг 2016 онд хийж байсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж