Чанар доошоо, төлбөр дээшээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Чанар доошоо, төлбөр дээшээ

Улсын баатрыг гэрийн хойморт залсан малчин сумын даргыг орж ирмэгц “Баатар доошоо, дарга дээшээ” гэдэг шиг их, дээд сургуулийнхан өөрсдийн сургалтын чанарт сэтгэл хангалуун байдаг бололтой. Тэдний анхаарлаа хандуулах гол асуудал нь сургалтынхаа төлбөрийг нэмэх юм гэнэ. Оюутан сурагчдын сургалтын төлбөр жилийн жилд л 10 хувиас доошгүй хувиар нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчлээд арваад жил боллоо. Инфляци хэмээх үзэгдэж харагддаггүй хадны мангаа л үнэ ханшийг ийнхүү өсгөдөг гэж албаны хүмүүс ам уралдан хэлдэг. Жил бүр бага багаар, сөөм сөөмөөр нэмэгдэх сургалтын төлбөрөө дагаад, боловсролын чанар ахидаг байсан бол үнэхээр сайнсан. Сургалтын төлбөр тойрсон асуудлаар үүссэн бухимдлын эл хариуд төр, засгийн эрх мэдэлтэн, шийдвэр гаргах төвшний албан тушаалтан хариу өгч зохицуулалт хийсэн дүр эсгэн, тэгэсхийгээд "дүрэлзсэн оч"-ийг намжаадаг бичигдээгүй хууль нэгэнт тогтчихож гэж хэлж болмоор.

Үүний зэрэгцээ сургалтын төлбөр хэчнээн хувиар нэмэх эсэхийг тухайн сургуулийн Удирдах зөвлөл гээч “ашиг хүртэгсэд”-ийн хийж буй ажил. Олны дунд сэм шивнээ болон яригдах дээрх асуудлыг батлах аятай өчигдөр БСШУЯ-наа төрийн өмчит МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, СУИС-ийн удирдлагууд салбарын сайддаа сургуулийн удирдах зөвлөл хуралдаагүй байгаа болохоор эцсийн шийд гараагүй, ерөнхийдөө 9.4 хувиас хэтрүүлэхгүй байх гэдэг яамны шийдвэрийг дагаж байна гэсэн “бөөрөнхий” хариултаар аргацаасан болоод өнгөрөөлөө. Тэгэхээр салбарын яамны өгсөн чиг үүргийн дагуу сургалтын төлбөрийг хэдэн хувиар нэмэх асуудлыг тухайн сургуулийн удирдлагаас илүүтэй Удирдах зөвлөл мэднэ гэдгийг гэрчилж байх шиг. Бүр тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөлд нэр бүхий хэд хэдэн УИХ-ийн гишүүд байдаг гэнэ. Тэдгээрийн тухайд төр засгийн бодлого шийдвэр гаргах, сонгогдсон тойрог, хувь хувьсгалын бизнес гээд өмнөх ажлаа гүйцэд амжуулж чадахгүй байгаа төрийн түшээдэд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн байх ашигтай л байдаг бололтой.

Энэ хичээлийн жилийн хувьд төрийн болоод төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 170 гаруй мянган оюутан суралцах юм. Төрөөс Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрийн зориулалтаар 500 мянган төгрөг, ирэх оны нэг сараас эхлэн оюутан бүрд олгох 70 мянган төгрөгний тэтгэмж гээд оюутанд хандсан төрийн зохицуулалт нэлээд хийгдэж буй. Түүнийг дагаад тэдгээрийг хэрхэн олгох, зохицуулах журмыг Засгийн газраас хараахан батлаагүй байгаа боловч их, дээд сургуулийн удирдлага, багш нар илүү цагийн давтлага, ном шахах зэргээр оюутнаас эргүүлээд хэрхэн салгах аргыг далдхан тооцоолсон л байж таараа. Хувийн хэвшлийн сургууль нь сургалтын төлбөрөө бусдын жишгээр тогтоосон атал сургалтын орчин, багшлах боловсон хүчин гээд бүхий л асуудлаа зохицуулаад байхад төрийн өмчийн их, дээд сургуулийнхан төлбөр нэмэхгүйгээр цааш гишгэх хэцүү байна хэмээн гомдоллох юм бэ гэх сэтгүүлчийн асуултад удирдлагууд тог, цахилгаанаас өөр төрөөс дэмжлэг авдаггүй, бид зөвхөн өртгөө л нөхөж ажилладаг гэх мэтээр өөрсдийгөө хамгаалах тайлбараас өөрөөр хэтэрсэнгүй.

Харин СУИС-ын төлөөлөл мэргэжлийн онцлогоос хамаараад зарим нэг ангийн сургалтын төлбөрийг 10 хувиар нэмэх саналтай буйгаа тайлбарлахад “Хоёрын хооронд 0.6 хувиас болж асуудал үүсгэсэнд орвол яамнаас дэмжлэг, туслалцаа авах саналаа тусгаад ирүүлвэл төсөв хөрөнгө ахиухан тусгаж болох юм. Энэ хичээлийн жилд Азийн хөгжлийн банкнаас дээд боловсролын салбарт чамгүй хөрөнгө оруулж байгаа хэмээн салбар хариуцсан сайд учирлаж байв. Мөн өнгөрсөн онд ХААИС-ын салбар сургуулиуд сургалтын төлбөрийн асуудлаар багагүй хэл ам таталсан, тэдгээрийн хэл амыг хазаарлаарай гэх утга бүхий захиасыг ч даалгаж байв. МУИС-ын захирал Төмөр-Очир “Сургалтын төлбөрөөс гадна сургуулийн урсгал засварын асуудлыг эртхэн шийдэхгүйгээс II байрны засварын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер оройтсноос энэ сарын 15-наас эхэлсэн. Ирэх сарын нэгэн гэхэд хичээлийн байрны засвар хийгдэж бүрэн дуусахгүй нь. Түүнээс гадна нэг жилийн настай засвар хийснээс бид өөрсдөө хийвэл чанартай засна” гэх мэтийн аж ахуйн шинж чанартай гомдоллохоос бус сургалтын чанарт ахиц гаргахын тулд төр засгаас ингэж анхаармаар байна, тийм санал тавьж, сургалтын чанарыг ахиулах боломж байна гэх санаачлага тэдгээр сургуулийн удирдлагаас ам ангайсан нь үгүй. Тэр бүү хэл, АНУ-ын Аризонагийн их сургуульд 11 мянган ам. доллараар суралцаж болж байхад МУИС-д нэг сая төгрөгөөр сурч яагаад болохгүй гэж тус сургуулийн захирал бухимдаж буй нь сургалтын чанар, сурах орчин зэргийг дээрх сургуультай харьцуулж болж байна гэж үү.

Д.Долгор

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж