"Монгол хүн алзахгүй гэдгийг харуулахыг зорьсон" | News.MN

"Монгол хүн алзахгүй гэдгийг харуулахыг зорьсон"

"Монгол хүн алзахгүй гэдгийг харуулахыг зорьсон"

"Монгол хүн алзахгүй гэдгийг харуулахыг зорьсон"

БНСУ-ын J and B фильмийн “Хар бороо” уран сайхaны киноны нээлт өнгөрөгч сард болж, өдгөө кино театруудаар гарч байгаа билээ. Энэхүү киноны найруулагчаар Жан Юкён ажиллаж, Монгол залуус болон Солонгосын алдартай жүжигчид гол дүрийг бүтээсэн юм.

“Хар бороо” киноны гол дүрийн нэг болох Батуушийн дүрд тоглосон Б.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр кино зохиолыг найруулагч Жан Юкёнтай хамтран бичжээ.

Уг кинонд Солонгосын бизнесийн салбарт ажиллаж байгаа Монгол залуугийн амьдралыг харуулснаас гадна тус улсад “хараар” ажиллаж буй залуусын амьдралд тулгарах бэрхшээл, баяр гунигийг дүрсэлжээ. Мөн энэхүү кино залуучуудыг хар тамхинаас хол байгаарай гэдэг сануулгыг өгчээ.

 

Таны хувьд Батуушийн дүрийг амжилттай гаргасан. Дүрийнхээ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Би мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ Батуушийн дүрийг гаргах хэрэгтэй байсан. Найздаа тусалж байгаа тийм л нэг дүр. Жүжиглэлтийн тухайд хэцүү байсан. Гэхдээ Солонгосын алдартай жүжигчдийг дагаад хичээх ёстойг сайн ойлгосон. Эргэн тойрон туршлагатай жүжигчид байсан болохоор киноны зураг авалтыг амжилттай дуусгасан.

Та кинонд тоглохоос гадна найруулагчийн ажлыг хийсэн. Жан найруулагчтай хамтран ажиллахад ямар байв?

Өмнө нь Солонгос улсад байсан болохоор солонгос хэлээр ярина. Тиймээс Жан найруулагчтай харьцахад тийм ч хүндрэл гараагүй. Найруулгын тал дээр бид хоёр хамтран ажилласан. Эндээс бас их зүйлийг сурлаа.

Киноны үеэр “Монгол хүнийг битгий оролдоорой” гэж хэлж байсан. Энэ үгийг яагаад хэлэх болов?

Кино адал явдалт төрлийнх. Ер нь бие хамгаалах урлагийн үзэгдлүүд их бий. Миний хувьд гол дүрийн залуу Билгүтэйгийн найз учраас түүнийг хамгаалах ёстой. Монгол хүний цус ширүүн. Монгол хүн хаа ч явсан алзахгүй шүү гэдгийг харуулахыг зорьсон.

Киногоор дамжуулан юуг хүргэхийг зорьсон бэ?

Миний дүр одоо бодит байдалд байгаа дүрийг харуулахыг хүссэн. Хүний нутагт яаж амьдрах уу, хүн хоолоо олж идэхийн тулд яаж хөдөлмөрлөж, тэмцэх вэ гэдэг асуулт хүн бүрт бий. Солонгост байгаа хүн бүр амар ажил хийдэггүй. Тиймээс тэр бодит байдал дээр байгаа бүхнийг харуулахыг зорьсон. Билгүтэйгийн дүр бол Монголын ирээдүй хойч үе болсон залуучуудын чадвар өндөр болж, ямар ч салбарт ажиллаж болохыг харуулсан. Тэр өөрийн ур чадвараараа солонгосын томоохон компанид ажиллаж байгаа нь өөрөө их том давуу тал юм шүү гэдгийг дүрсэлсэн.

Зураг авалтыг БНСУд хийсэн нь онцгой болсон харагдлаа. Нууц биш бол хэчнээн төгрөгийн зардал гарсан бэ?

Зураг авалтыг хийхэд амаргүй байсан. Тодорхой хэмжээний зардал гарсан. Солонгос найруулагч, уран бүтээлчдийн хүч дэмээр хүндрэл гарсангүй. Кино зураг авалтыг 2017 оны долдугаар сард эхлээд есдүгээр сард дуусгасан. Жан найруулагч болон гол дүрийг бүтээсэн Пак Тэ Сан болон бусад уран бүтээлчид өнгөрсөн  сард болсон нээлтийн үеэр Монголд саатлаа. Энэ кино тэдний ачаар бүтсэн учраас нийт уран бүтээлчиддээ талархаж байна. Энэ киноноос их зүйлийг сурсан, дараагийн бүтээл хийхэд их туршлага болно.  

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж