Энэ долоо хоногийн эхээр рублийн ханш огцом уналаа. Хэдийгээр дэлхийн зах зээлд ОХУ-ын гол нэрийн экспортын бүтээгдэхүүн газрын тосны үнэ өсч байгаа ч рублийн ханш хоёр өдөр дараалан унаж, ам.долларын эсрэг гурван хувиар суларчээ. Рублийн ханшийн уналтад бизнес эрхлэгчид багагүй хохирсон ч зарим бийлэгжүү оросууд нэг өдөр нэг тэрбум ам.долларыг алдаж байсантай харьцуулахад энэ юу ч биш хэмээн өөрсдийгөө тайвшруулах аж. Тэд Оросын хөрөнгийн бирж бол галт уул л гэсэн үг хэмээжээ. Гэсэн ч “Tinkoff” банкны захирал, үүсгэн байгуулагч Олег Тинков гэхэд л даваа гаригт 250 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид АНУ-аас Москвагийн эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьж магадгүй хэмээн эмээж байгаа аж. Харин ОХУ-ын засгийн газраас АНУ-ын эдийн засгийн хоригийг хамгийн бага хохирлоор давахаа мэдэгджээ. “Эрх баригчдын зүгээс АНУ-ын эдийн засгийн хоригийн нөлөөллийг аль болох бага байлгахын тулд ажиллана” гэж Сангийн сайд Антон Силуанов мэдэгджээ. АНУ-аас өнгөрсөн баасан гаригт 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсоны хариуд ОХУ-ын зарим албан тушаалтан, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавихаа мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ экс тагнуул Сергей Скрипалыг химийн бодисоор хордуулсан хэрэгт Москваг буруутган ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар конгрессын хоёр гишүүн хуулийн төсөл өргөн барьжээ.
Оросын урвагч тагнуул Сергей Скрипалыг хордуулсан хэргээс үүдэн Москва нь АНУ төдийгүй Европын орнуудтай зөрчилтэй байгаа. Оросууд өмнө нь 2014 онд Барууны хоригтой нүүр тулахад санхүүгийн цочролд орж, багагүй хямарсан. Крымын хойгийг Украинаас булааж авсанд Москваг буруутгасан Барууныхан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.
Оросын төв банкны нэгдүгээр орлогч дарга Сергей Швецов “Санхүүгийн зах зээлийг тогтворжуулахын тулд шаардлагатай нөхцөлд гадаад валютыг дахин худалдах арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. Түүнчлэн Сангийн яамнаас 2015 оноос хойш анх удаа долоо хоног тутмын бондын дуудлага худалдаагаа цуцалсан байна. ОХУ-ын эдийн засгийг энэ онд хоёр хувийн өсөлттэй гарна гэж таамаглаж байгаа ч Эдийн засгийн сайд Максим Орешкины мэдээлснээр рублийн ханшийн уналт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх гэнэ. ОХУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 1.5 хувийн өсөлттэй байжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд улиран сонгогдохдоо амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролд том хөрөнгө оруулахаа мэдэгдсэн боловч түүний гадаад бодлогод улс төрийн зөрчил их байгаа нь санхүүгийн зах зээлд савалгаа үүсгэх болжээ. Гадаад орнуудаас тавьж байгаа эдийн засгийн хоригоос болж хохирол амсч буй аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд Владимир Путин багагүй мөнгө зарцуулах хэрэгтэй ч эдийн засгийг сэргээхэд эрсдэл үүсгэх магадлалтай юм байна. Рублийн ханшийн уналтаас болж импортын бараанд илүү их мөнгө төлөх хэрэгтэй болж, аялах дуртай оросуудын зардал нэмэгджээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хөрөнгийн биржийн савалгаа богино хугацааных гэж иргэдээ тайвшруулахыг чармайж байна.