“Ээжийг минь хөнөөчихөөд мөнгөө өгөөгүй гэж гүтгэсэн”

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

“Ээжийг минь хөнөөчихөөд мөнгөө өгөөгүй гэж гүтгэсэн”

Хамт наргисан танилаа хүчирхийлэхийг завдаж, эсэргүүцсэн учраас амийг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар хохирогчийн хүү С.Одбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ хэргийн талаар лавлах гэсэн юм. Юу болсон юм бэ?

-Үнэхээр аймшигтай. Хэзээ ч ийм юм болно гэж бодож байсангүй, орой үдэш таксигаар явах, тэр ч байтугай танил хүндээ ч итгэх аргагүй цаг болжээ. Хамт ууж, идэж явсан хүн нь “Гэрт чинь хүргэж өгье” гээд  ээжийг минь хөнөөчихсөн  байсныг уржигдар олж мэдсэн. Одоо болтол итгэж чадахгүй л сууна. Анх алга болсон өдрөө л  алуулсан юм байна лээ. 

-Талийгаачийн шарилыг хаанаас яаж олсон юм бэ?

-Би ээжийгээ алга болсон өдрөөс хойш ах эгч нартайгаа хайж эхэлсэн. ЧД-ийн  Хайлааст дахь цагдаагийн хэлтэст анх  мэдэгдсэн. Гэвч дахин долоо хоног харах хэрэгтэй гэсэн. Ингээд бид өөрсдөө хайж, хамт явсан хүмүүсийг нь олж уулзсан. Тэгсэн нэг дор ажилладаг найзтайгаа түүний найзынд нь очсон гэсэн. Очсон айлд нь дөрвөн залуу байсан юм билээ. Эртний танилууд байсан юм байх. Тэгээд л  ойрд уулзаагүй найз нар ирлээ гэж хөөрсөн хүмүүс баярлацгаасан гэсэн. Тэгээд ээжийг хүр­­гэж өгөхөөр тэр дөрвөн залуугийн нэг болох таксины жолооч  хамт явсан гэж найз нь хэлсэн л дээ. Харин тэр нөхрийг олсон боловч зугтаад алга болсон юм. Гэтэл уржигдар /наймдугаар сарын 16-ны өдөр/ Хайлаастийн 17 дугаар сургуулийн ойролцоо зогсч байгаад бидэнд баригдсан. Бид түүнийг шууд л барьж аваад цагдаагийн хэлтэс рүү очсон. Цагдаагийнхан байцаасны эцэст хэргээ хүлээсэн.

-Яасан гэж байх юм?

-Авч явсан тэр өдрөө л хүчин­дэх гээд чадахгүй болохоор нь хөнөөчихсөн гэсэн. Харин цогцос нь хаана байгааг асуусан чинь Далан давхарын жалга руу хаячихсан гэсэн. Хэлснээр нь яваад ээжийгээ олоход, үнэхээр хүн танихын арагүй болгож, амийг нь хөнөөсөн байсан. Аргагүй л дээ, алга болоод 25 хоног болчихсон, нохой шувуу идчихсэн аймаар байдалтай олдсон.

-Хэрэгтнийг гэж яаж мэдсэн юм бэ?

-Тэр хэрэгтэнг Ш.Дорж гэдэг. Эхнэр хүүхдээсээ салчихсан, таксинд явдаг гэж байсан. Анх сэжигтнээр түр саатуулагдаж  байхад нь харахад нүүрээ маажуулсан. Энд, тэнд нь шалбарчихсан, нэг л сэжигтэй санагдсан. Яагаад нүүр царай чинь ийм болсон юм гэж асуухад, “Танай ээж таксины мөнгөө өгөхгүй зугтаасан. Бас хамт байсан тэр гурван залуугаар намайг зодуулсан” гэж худлаа яриад байгаа юм даа. Тухайн үед цагдаагийнхан явуулчихсан юм.  Түүнээс хойш зугтаад олдоогүй. Тиймээс бид дайралдахаар нь бариад цагдаагийнханд хүргэж өгсөн.

Ч.АРИУНГЭРЭЛ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж