Тэлмэний ДЦС төслийн санхүүжилт, гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Тэлмэний ДЦС төслийн санхүүжилт, гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Тэлмэний ДЦС төслийн санхүүжилт, гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Шинэ Ази групп” ХХК болон Хятадын Хэнань мужийн “Шэньюань Электрик” ХХК-ийн хооронд Завхан аймагт хэрэгжих Тэлмэний 100МВт-ын Дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилт, гүйцэтгэлийн гэрээ (EPC)-нд 2018 оны 4 дүгээр сар 11-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг эцэслэн зурлаа. 

Концессын онцгой эрх эзэмшигч Шинэ Ази группын хэрэгжүүлж буй энэхүү төслийн санхүүгийн зуучлагчаар БНХАУ-ын тэргүүлэх банкны нэг Үйлдвэр, худалдааны банк (ICBC) ажиллаж, Хятадын экспорт, зээлийн даатгалын Sinosure корпораци баталгаа гаргаж байгаа юм.  Мөн төслийн барилгын ажлын гүйцэтгэгч (EPC)-ээр хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувийн хэвшлийн салбарын технологийн тэргүүлэх компани болох “Шэньюань Электрик” ХХК ажиллана.

Гэрээнд зааснаар Тэлмэний ДЦС төслийн барилга угсралтын ажлыг 2018 оны эхний хагас жилд эхэлж 18 сарын дараа ашиглалтад бүрэн өгнө.

 Мөн энэ үеэр “Шинэ Ази Групп” ХХК нь засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд тус дулааны цахилгаан станцыг түшиглэн барих Хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн паркийн төсөлд хамтран ажиллах санамж бичигт Хятадын хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, механикжуулалтын академитай гарын үсэг зурж, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар тохиролцлоо.

Энэ төслөөр дамжуулан усалгаат газар тариалан, мал бордох аж ахуй, махны үйлдвэр, гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх гэсэн цоо шинэ загварыг бий болгох ажээ.

Төслийн үр дүнд малчдын орлого нэмэгдэн ажлын байр олноор бий болж, Завхан аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.

З.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж