Б.Болор: Англичууд Б.Хурцыг хуурч аваачсан

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Б.Болор: Англичууд Б.Хурцыг хуурч аваачсан

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг өнөөдөр  Герман улсад шилжүүлэхээр болсон. Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр болсон Англи улсын шүүхийн шийлдвэрийн дагуу Б.Хурцыг шилжүүлэх шийдвэр гарч, давж заалдах хугацаа дуустал шилжүүлэх талаар яриагүй байсан юм. Харин Б.Хурц өөрийн хүсэлтээр давж заалдаагүй бөгөөд өнөөдөр буюу энэ сарын 19-нд Герман улсад шилжүүлнэ гэж өмгөөлөгч нь хэлсэн байна.  Мөн Засгийн газрын  хуралдаанаар Б.Хурцын ажлын хэсгийг шинэчлэх талаар ярилцсан боловч ажлын хэсгийн дарга Б.Болорыг хэвээр үлдээж, ажлын хэсэгт бага зэрэг өөрчлөлт оруулсан байна. Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед Гадаад харилцааны яам айчлал, зочид төлөөлөгчид олонтой байгаа. Эдгээр айчлалуудын ололтыг нэрлэвэл олон зүйл бий биз?

-Гадаад дотоодын айлчлал манай улсыг сүүлийн үед эрчимтэй чиглэх болсон.  Өмнө нь бол хамтран ажиллах гэж бид тэднийг бараг л гуйдаг байлаа. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эрмэгт явж байгаа энэ үед манай улсын хувьд дан ганц улс төр биш, эдийн засгийн харилцааг илүү чухал үзэж байгаа. Сүүлийн нэг сарын хугацаанд АНУ, Финлианд, Энэтхэг, одоо БНСУ гээд олон айлчлал Монгол Улсыг чиглэн ирж байна гэдэг эдийн засгийн хувьд ашигтай.  Өмнө нь улс төр нь давамгайлдаг байсан бол одоо эдийн засгийн үр өгөөжийг илүүд үзэж байгаа.

-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-аас далд утга, агуулгатай нэгэн захидал ирсэн гэж байсан. Ер нь төрийн өндөр дээд албан тушаалтанд ирсэн захидал танайхаар дамжиж ирдэг үү?

-Ер нь бол тухайн улсаас ирсэн захидал манай улсад суугаа Элчин сайдын яамаар дамжин манай яаманд хүргэгдэж бид эндээс хэнд хүрэхийг нь дамжуулдаг. Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд өндөр албан тушаалтнуудад захидал шууд илгээж бас болно. Болохгүй юм байхгүй. Тэр ОХУ-аас ирсэн захидлын хувьд би мэдэхгүй байна. Манайхаар дамжиж өөр тийш нь явуулж байгаа захидал болгонтой бид танилцаад байх боломжгүй л дээ. Манайхаас гарч байгаа бичиг баримт бол манай яамаар дамжиж явна.

-Харин одоо хамгийн их шуугиантай байгаа асуудлын асуултдаа оръё. Б.Хурцыг германы талд шилжүүлсэн. Засгийн газар иргэнээ хамгаалах боломжгүй болно гэсэн яриа бий.

-Засгийн газар хийх бүхнээ хийж л байгаа. Германы талд шилжсэн нь эерэг, сөрөг үр нөлөөтэйг хэлэхэд хэцүү. Уг асуудлаар, Германы тал эрүүгийн хэрэг үүсгэсэн.  Тэгэхээр эрүүгийн тал руугаа орсон учраас ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүмүүс оролцож байгаа.  Урд нь Англи улсад болсон  шүүх хурал дээр 2003 онд болсон үйл явдал огт яригдаагүй. Зөвхөн энэ хүнийг баривчилсан хууль зүйн үндсэлэлтэй юу, Англи улс монголын иргэнийг хуурч аваачсан уу гэдгийг л шийдвэрлэсэн. Германд бол 2003 оны асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн. 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг албан ёсны айчлал хийгээгүй гэх мэдээллийг Английн шүүхийн сайтад байрлуулсан протокол дээр дурьдсан байсан. Гэтэл манайхан албан ёсоор, бүр дипломат эрхтэй айлчилсан гээд байсан шүү дээ?

– Албан ёсны урилга өгөөгүй гэж яриад байна. Манай улсад ч гэсэн Английн Элчин болон бусад албаныхан албан ёсны урилгагүй л ирдэг шүү дээ.  Албан ёсны урилга гэж Английн тал яриад байгаа ч хоёр улсын Элчин сайд болон албаныхнын хооронд ийм, тийм айчлал хийнэ, өнөөдөр, маргааш, сарын дараа гээд л хоорондоо яриад л айчлал хийдэг юм. Албан ёсоор урилга явуулаад айлчилдаг гэсэн юм байхгүй. ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг хоёр  улсын аюулгүй байдлын зөвлөлийн хооронд гэрээ хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах, туршлага солилцох зорилгоор Англи улсын аюулгүй байдлын зөвлөл урьж айлчлах үед нь  хорьсон. Хамгийн сүүлд манайд ирсэн Английн гадаадын хамтын нөхөрлөлийн төрийн нарийн бичгийн дарга Броун гэж хүн айлчилсан. Энэ хүн ч гэсэн албан ёсны урилгагүй л айлчлаад буцсан. Албан ёсны айлчлал хийхээ хоорондоо ярилцаад шийдсэн учраас заавал урилга явуулах зайлшгүй шаардлага байхгүй л дээ. Угаасаа тэр хүн чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байсан хүн. Энэ ажлаараа л явсан.

-Монгол болоод Их Британийн хооронд тусгай үүрэг хүлээн айлчилж буй этгээдэд халдашгүй эрх өгөх тухай хүчинтэй эрхзүйн үндэс, зохицуулалт байхгүй учраас Б.Хурцын онцгой эрх ямбыг Их Британи улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байсан?

– Тусгай үүргийн конвенци гэж байдаг. Үүний дагуу Б.Хурцыг тусгай үүрэг гүйцэтгэж явсан гэж бид яриад байгаа. Харин тэд тусгай биш гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Ер нь бол үүн дээр маргалдаад байгаа юм л даа.  Их Британи улс олон улсын конвенцид өөрсдөө гарын үсэг зураад нэгдсэн гэж байгаа юм. Гарын үсэг зурсан л бол энэ бүхэн хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Гэтэл тэд шүүх хурлын протоколд тусгай үүрэг гүйцэтгэгчийн талаархи олон улсын конвенцид албан ёсоор гарын үсэг зурсан хэрнээ нэгдэн ороогүй гэсэн тайлбар өгсөн байсан. Ямар ч гэрээ хэлэлцээр гарын үсэг зурсан л бол тэр өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлдэг шүү дээ. Гэтэл тэд нэгдэн ороогүй учраас үүрэг гүйцэтгэхгүй гэх утгатай юм хэлсэн.

-Шүүх хурлын протоколд 2010 оны есдүгээр сарын 24-нд айчлал хийхээр хойшлуулсан байхад Б.Хурц нь 17-нд буюу товлосон хугацаанаас өмнө ирсэн нь албан бус айлчлал байсан гэсэн тайлбар ч бас байна?

– Английн талын шүүх хурал дээр мэдээлсэн зүйл өөрсдөө зөрчилтэй байгаа юм. Есдүгээр сарын 24-нд ирэх ёстой байсан хүн нь 17-нд хүрээд ирсэн гээд бас нэг зүйл яриад байгаа юм. Тэдний өгсөн мэдээлэл нь бас хоорондоо зөрөлдөхөөр байна. Нэг бол албан ёсны урилгаар айлчлаагүй гээд нэг бол ирэх ёстой хугацаанаасаа өмнө ирсэн гэх мэдээлэл өгсөн байсан. Тэр хүн мэдээж зугаалж яваагүй нь тодорхой шүү дээ. Ямар ч гэсэн  Английн тал урьж, хэзээ ирэх гэж байгааг нь утсаар байнга асууж, тодруулж байсан хүмүүс одоо яахаараа үгүй гээд сууж байгаа юм бол. Ер нь бол хоёр орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааны талаар л ярилцаж, хамтарч ажиллахаар явсан. Гэхдээ Английн тал Б.Хурцыг баривчлах төлөвлөгөөтэй байсан гэдгээ шүүх хурлын үеэр өөрсдөө хэлсэн байсан шүү дээ. Анхнаасаа тийм л зорилготой дуудаж хэлэлцээр хийнэ гэж ярьж л авч явсан гэж бодож байна.

-Мөн Английн тал зургаан сарын өмнө айлчлах хүсэлт гаргахад нь Б.Хурцыг баривчлах талаар ярьсан гэсэн байна лээ. Ер нь айлчлах талаар ярьж эхэлснээс хойш ямар нэг хүлээн авахгүй ч юм уу тайлбар өгч байсан юм уу?

-Үгүй ээ. Хоёр талдаа ярилцсаны дүнд уулзалт товлогдож зорчсон. Харин тэд баривчлах төлөвлөгөөтэй, хоорондоо ярьж байсныг нь харж байхад анхнаасаа төлөвлөгөтэй байсан юм болов уу гэмээр байгаа биз. Огт тийм юм яриагүй, мэдэгдээгүй. Харин ч Английн талаас өөрсдөө утсаар ярьж хэзээ Б.Хурц наашлах вэ гэж байн байн утсаар холбогдож байсан юм. Хэрэв янз бүрийн асуудал байсан, ямар нэг байдлаар мэдсэн бол юу гэж Англи руу зорчих байсан юм бэ. Тэд өөрсдөө хуурч аваачсан. Түүнийгээ ч хүлээгээд байгаа шүү.

-Энэ мэт ойлгомжгүй, асуудалтай мэдээллүүд шүүх хурлын протоколд байгаа. Манай ажлын хэсгийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Ажлын хэсгийн  ахлагчийн хувьд Английн шүүх Засгийн газраасаа хараат ажилладаг юм байна гэж бодогдож байна. Хэрэв тус улсын шүүх шударга ажиллаж байсан бол шүүх хурлын шийдвэр манай талд гарах боломжтой байсан шүү дээ. Тэр хүн чинь дипломат,  өндөр дээд албан тушаалтны паспортоор гарсан хүн шүү дээ.

-Английн тал ийм шийдвэр гаргасан нь эдийн засаг, уул уурхай зэрэгт давуу эрх эдлэх гэсэн санаатай бодлого гэсэн таамаг зарим хүмүүст бас байна л даа?

-Нэг хүнээр бүхэл бүтэн улсын эдийн засаг, уул уурхай ер нь ямар ч чиглэлээр барьцаална гэдэг байж болшгүй зүйл. Бүхэл бүтэн эрдэнэт хүнийг ямар нэг байгалийн баялаг, эд зүйлээр барьцаална гэдэг байж боломгүй хэрэг гэж бодож байна. Тэгэхээр тиймэрхүү таамаг бас үндсэлэлгүй байх.

-Б.Хурцтай та холбогдсон уу. Яагаад давж заалдахгүй гэсэн юм бол оо?

-Өчигдөр /өнгөрсөн пүрэв гаригт/ би өмгөөлөгчтэй нь л  холбогдсон. Өөртэй нь одоогоор холбогдоогүй байна. Тэрээр  өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахгүй гэсэн.  Бид ч өмгөөлөгчтэй нь холбогдож байгаа болохоор тодорхой мэдэхгүй байна. Б.Хурц яагаад тийм шийдвэр гаргасныг  би хэлж мэдэхгүй. Тэр хүн өөрөө Английн шүүх буруу, зөв  ажилласан эсэхийг тунгаагаад давж заалдахгүй гэсэн байх гэж л таамаглаж болно. Гэхдээ чухам ямар шалтгаанаар давж заалдаагүй гэснийг өөрөө л хэлэх байх даа. Ер нь манай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ хүнийг их муухайгаар бичиж байна. Энэ хүн чинь Монгол Улсын иргэн хүн. Английн тал өөрсдөө худал хэлж аваачаад хорьчихоод одоо юу гэж байгааг харж байгаа байх. Гэтэл манайхан “хохино, тэндээ байж байг гээд” л янз бүрээр яриад. Сүүлдээ намайг ч бас янз бүрээр ярьж л байна.  Гэхдээ хэн байх нь хамаагүй шүү дээ. Монгол Улсын иргэн хүн, төрийн өндөр албан тушаалтан гэдэг талаас нь бодоод үзээсэй гэж бодож байна.

-Герман улстай ялтан солилцох гэрээ байхгүй гэсэн. Энэ талаар ямар нэг ажил хийж байгаа юу?

-Европын холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр гэж байгуулах гэж байгаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард ярилцаж тохироод албан ёсоор гарын үсэг зураагүй байгаа. Энэ хамтын ажиллагааны хувьд  Европын холбооны 27 улстай эрх зүй, эдийн засаг, худалдаа наймаа гээд бүх талаар харилцан хамтран ажиллах бүрэн боломж нээгдэж байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд ялтан солилцох талаар ярилцана. Нийт Европын холбооны 27 улстай хамтран ажиллах талаар ярилцахаар бэлтгэж байна. Гэвч одоогоор ялтан солилцох гэрээ хийгдэх нөхцөл нь бүрдэнэ гэж албан ёсоор хэлэх боломжгүй байна.

-Ажлын хэсэг одоо ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс өөр шийдвэр гарсан уу?

– Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг өөрчлөх талаар ярилцсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны оролцоотой хэдэн хүн нэмэгдсэн. Өөр ямар нэг шийдвэр гаргаагүй. Одоо ажлын хэсгийхэн  өмгөөлөгчтэй холбоотой байж, дэмжих,  аливаа шийдвэрийг гаргахад бид туслалцаа үзүүлэхээс тэнд очоод шүүх хуралд оролцоод явах боломжгүй. Нэгэнт Герман улс руу шилжих шийдвэр гарч,  эрүүгийн хэрэг үүссэн болохоор  шүүх ажиллагаа эхэлнэ. Бидний хувд өмгөөлөгчид хэрэгтэй, шаардлагатай бүхнийг нь бэлтгэж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Ш.Оюунчимэг

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж