Улаан асрын зүүд (108-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (108-р бүлэг)

Улаан асрын зүүд (108-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Зуун наймдугаар бүлэг

ЧАДАН ЯДАН ИНЭЭЖ ШИНЭ БЭРИЙН НАСНЫ БАЯРЫГ ХИЙЖ, САЛЖ ЯДАН ЗУУРЧ, ЗУУРДЫН СҮНСНИЙ УЙЛАХ ДУУГ СОНСОВ

Өгүүлэх нь: саяхан Жя Жөн гэр хүрээ ба Да Гуань Юань хүрээлэнг албанд өгөхөөр бодруул айлтгаад зөвшөөрөөгүй бөгөөд тэнд суух хүнгүй тул битүүмжлэн хаав. Энэ хэнхгэр хоосон хүрээлэн Ёу хатан, Ши Чүнь хоёрын суудаг гэртэй залгаа тул даруй Бао Юунг энэ эзгүй хүрээлэнг харуулахаар залхаажээ. Энэ хэр Жя Жөн гэрийн явдлыг мэдэж, Жя Мүгийн хүссэнээр хүн бүлийг аажмаар цөөрүүлж олон янзаар арвилан гамнаж байвч мөхөсдөн гачигдсаар л байв. Фөн Же бол Жя Мүгийн хайртай хүн. Ван Фүрэнь гэрийн ажилд хэдий дургүй боловч чармайж байсан юм. Харин Фөн Жед энэ ажлыг хариуцуулснаас хойш нэгжүүлэх хүртэл сайн байсан гэж Жя Мү үздэг. Нэгжүүлснээс хойш бол бүх юм санаагаар болохгүй, гар мухардан гачигдах явдал үргэлж гарна. Энэ айлын дээр, доорх хүмүүс угаас элбэг дэлбэг сурсан бөгөөд одоо урьдын аравны долоо нь хасагдсан тул яаж хангамжтай байж чадах вэ. Элдэв гомдлын үг тасрахгүй гарч байсан ч Фөн Же чадахгүй гэж хойргошоогүй юм. Тэрбээр өнөөдөр өвчтэй байсан ч Жя Мүг баясгахыг хичээнэ.

Хэд хоногийн дараа сонсвол Жя Шө, Жя Жөнь нар тус тусын алба хаах газартаа хүрээд зоос мөнгөнийхөө хүчээр төвхнөн суув. Гэртээ захиа бичиж, зовох хэрэггүй гэжээ. Ингээд Жя Мүгийн санаа амарч Шин Фүрэнь, Ёу хатан хоёр ч тайвшрав.

Энэ үед Шы Шян Юнь харьд мордсоны дараа гэртээ ирж үүдээ өргөв. Тэгээд Жя Мүгийн амрыг эрэхээр очив. Жя Мү түүний нөхрийг магтсанд Шян Юнь ч хадмынхнаа сайн гэж яриад Лао тайтайгаа тайван бай гэж аргадав. Энэ зуур Дай Юйгийн үгүй болсонд харамсаж нулимс унагав. Жя Мү ч Ин Чүнийг айлд зовж байгааг санаад шаналав. Шян Юнь ах дүүсийнхээ гэр орноор орж мэнд сайныг нь асуугаад эмээгийнхээ дэргэд ирж амрав. Тэрбээр: “Шюэ Имагийнх гэж их айл ганц хүний уршгаар сарниаж сүйрээд байна. Шюэ Пань ахын ялыг хойтон жил болтол хойшлуулсан ч ирэх жил хөнгөлж чадах эсэхийг мэдэхгүй” гэсэнд Жя Мү:

-Өө чи бас юм мэдээгүй байна. Шюэ Паний эхнэр үхсэний дараа том хэрэг гарахад хүрсэн. Зол заяагаар тэнгэр нүдтэй юм болохоор дагуулж ирсэн инж нь хэргийг илчилсэн учир уг явдлыг шалгуулахаа больсны дараа Има тэр арьсанд боосон махыг нэг тийш болголоо. Одоо Шюэ Көтэйгээ амьдарч байна. Шин охин дүү чинь их тайтайгийн тэнд бас их зүдэрч байна. Чинь охин бол хадам эцэг нь үгүй болоод цагаа гүйцээгүй тул Мэй овогтон бас буулгаж аваачаагүй байгаа. Чухам удмаараа урууджээ. Шюэ Имагийн гэр ийм. Хоёрдугаар тайтайгийн төрхмийн их нагац даяа нь үхмэгц Фөн охины ах ч хүн биш болжээ. Тэр нагац нь харамчийн хажуугаар албаны явдал нь цэвэр биш, өр ширтэй. Жэнь овогтон хөрөнгөө цөлмөгдсөнөөс хойш чимээгүй байсаар л байна гэж ярив. Цаадах нь:

-Гуравдугаар эгч яваад чимээ сураг байна уу гэв. Жя Мү:

-Тийш явсны дараа, Эр Лаое буцаж ирээд эгчийг чинь хязгаар нутагт сайн байгаа гэж хэлсэн. Захиа ирээгүй, би өдөр шөнөгүй санаж байна. Манайд барцад тохиолдсоор байгаа тул би асууж чадахгүй юм. Одоо манай гэрийн ашиг орлого чиний байх үеэс их дордсон. Хөөрхий тэр Бао Чай эгч чинь энд ирснээс хойш нэг ч өдөр санаа амар байсангүй. Бао Юй ах чинь солиотой хэвээрээ. Яах ч аргагүй байна гэлээ. Шян Юнь:

-Би багаасаа энд өссөн болохоор эндэхийн хүмүүсийн занг мэднэ л дээ. Сая ирээд харахад цөм өөр болчихож. Би ирэлгүй удсан тул тэд надаас зай бариад байна уу гэж бодлоо. Гэтэл тийм биш бололтой. Надтай уулзаад угийнх шигээ инээж наадах санаатай юм шиг боловч юу бодсон юм мэдэхгүй тэр дорхноо л уярч эхлэх юм. Тэгээд би Тэнд жаахан байж байгаад л энд ирлээ… гэсэнд Жя Мү:

-Одоогийн эдний амьдрал бол над хамаагүй юм. Залуу тэдэнд бол хэцүү. Би тэднийг нэг өдөр баярлуулах арга бодох юмсан гэвч тийм урам өгөхгүй байна… гэсэнд цаадах нь:

-Би сая саналаа. Нөгөөдөр Бао Чай эгчийн төрсөн өдөр байхаа. Тийм бол би нэг өдөр илүү хоноод түүнийгээ нэг өдөр ч гэлээ баярлуулъя даа. Лао тайтайд ямар байна вэ гэсэнд эмээ нь:

-Үнэхээр уцаарласаар байгаад мунхарчээ би. Чи хэлээгүй бол би санахгүй шүү. Нөгөөдөр үнэхээр түүний төрсөн өдөр мөн. Би маргааш мөнгө гаргаж тэмдэглэе! Түүнийг ураг хэлэлцээгүй байхад нь хэдэн удаа ойг нь тэмдэглэсэн боловч бэр болсноос нь хойш тэмдэглээгүй байгаа. Бао Юй хөвгүүн маань угтаа маш сэргэлэн, алиа байсан боловч одоо гэрийн явдал өөдгүй болсноос хойш урам ч үгүй боллоо. Харин Жя жүгийн гэргий бол зүгээр. Хөөрхий тэрнийг байхаас эхлээд байхгүй үед ч Жя Ланьтайгаа хэл үггүй аж төрж байна гэв. Цаадах нь:

-Бусад нь бас гайгүй. Ганцхан Лянь хоёрдугаар бэргэний өнгө зүс нь хүртэл хувираад үг нь татуурчээ. Би маргааш тэднийг өдөөн шоглож үзье. Гэвч аман дээрээ юм хэлэхгүй боловч дотроо гомдож мэднэ. Намайг… гээд нүүр нь улайв. Жя Мү санааг нь мэдээд:

-Энэ ямар хамаа байхав, эгч дүүс хамт наадаж сурсан улс. Ярилцаж хөхрөлдөхөд ямар хамаа байхав. Ийм юм бодох хэрэггүй. Хүн ер нь баян эрхэм ч, ядуу зүдүү ч байж чадвал сайн юм. Бао эгч чинь төрөлхийн тавиу зантай хүн. Гэр нь анхандаа тийм сайн байхад тэр дээрэнгүй зантай байгаагүй уруудаж байхад нь ч мөн ажиггүй явж байна. Одоо манайд ирээд, Бао Юй түүнд сайн байсан ч амарлингуй хэвээрээ. Түр жаахан бие нь муу болсон ч зовж уцаарлах нь мэдэгдэхгүй л байна. Миний үзэж байгаагаар бол энэ хүүхэн буянтай хүн юм. Линь охин дүү чинь бол их түргэн зантай, бас сэжигч тул насалсангүй. Фөн охин бол нилээд юм үзсэн тул бага сага үймээнд арай төдий зовохгүй болой. Төдий мэдэлгүй аашилбал, өөдгүй амьтан болно. Нөгөөдрийн Бао охины ойд би тусгай мөнгө гаргаж, нэг сайн найрлан наадаад түүнийгээ нэг өдөр баярлуулъя гэв. Цаадах нь:

-Лао тайтай зөв үг хэллээ. Бүх эгч дүүсийг залж авчраад нэг сайхан ярилцъя… гэсэнд Жя Мү яриа юу байхав гээд баярласандаа Юань Янг дуудан, зуун лан мөнгө гаргаж гадна тушаагаад маргаашаас эхлэн хоёр өдрийн архи хоол бэлтгэгтүн гэв. Юань Ян хэлсэн ёсоор нь эмгэдийг явуулж бэлтгүүлэв. Маргааш нь Ин Чүнийг авчир гэж хүнд хэлүүлэв. Чи Шюэ Има, Бао Чинь хоёрыг залж Шян Линг дагуулж ир гэв. Ли Худгайг залуулсанд Ли Вэнь, Ли Чи цөмөөр ирэх болов.

Энэ үед Бао Чайг мэдээгүй байтал Лао тайтайгийн инж очиж залав. Тэгэхдээ, “Шюэ И тайтай ирлээ. Эр найнайг залж байна” гэсэнд Бао Чай баярлаад хувцсаа ч солилгүй ирж ээжтэйгээ уулзав. Бао Чинь, Шян Лин, Ли худгай нар иржээ. Эд нар манай гэрийн явдал нэгэнт дууссан тул уулзахаар ирсэн байх гэж бодоод даруй Ли худгайн амрыг эрж Жя Мүгийн мэндийг мэдээд сая ээжтэйгээ хэдэн үг солив. Бас Ли овогт эгч дүү нартай мэндлэв. Шян Юнь хажуугаас нь:

-Тайтай нар морилж сааттугай. Эгч дүү нар бид эгчийнхээ насны баярт мөргөсүгэй гэсэнд Бао Чай гайхаад бодвол нээрэн маргааш төрсөн өдөр нь болох байв. Тэгээд: “Эгч дүү нар Лао тайтайтайгаа уулзах нь зөв. Миний насны баяр гэвэл би тэр буяныг даахгүй ээ” гэж найр тавьж байтал Бао Юй ч ирж Шюэ Има хийгээд Ли худгай нарын мэндийг мэдэв. Бао Чайн хөнгөмсөглөн найр тавихыг сонсоод, өөрөө насны баярыг нь хийнэ гэж бодож байсан боловч хамаг юм улаанаар урвасан тул Жя Мүд хэлж чадаагүй байжээ. Одоо Шян Юнь нар бүгдээр насны баярт мөргөе гэсэнд баярлаад “Маргааш төрсөн өдрийн нь ой болно. Би Лао тайтайд хэлье гэж байсан юм” гэсэнд Шян Юнь инээж:

-Лао тайтай л чамаар хэлүүлэх үү. Эднийг чи юунд ирсэн гэж бодож байна вэ? Лао тайтай залсан юм шүү гэв. Бао Чай итгэхгүй байтал Жя Мү Шюэ Имад хандан:

-Хөөрхий энэ Бао хүүхэн шинэ бэр болоод нэг жил боллоо. Энэ хооронд элдэв юм давхацсаар юун насны баяр хийх вэ. Өнөөдөр би, түүний насны баярыг хийе гэж И тайтай болон бусад тайтай нарыг залж ирлээ. Бүгдээр ярилцан сууцгаая гэсэнд Шюэ Има:

-Лао тайтай одоо л тайвширч байна. Энэ хүүхэд Лао тайтайд ачлалыг гүйцэтгэж чадаагүй байтлаа харин сэтгэлийг нь зовоожээ… гэсэнд Шян Юнь:

-Лао тайтайгийн хамгийн хайртай ач нь хоёрдугаар ах мөн тул хоёрдугаар бэргэнээ саналгүй яахав. Бао эгч ч Лао тайтайгаар насны баяраа хийлгэх хүн мөн гэсэнд Бао Чай үг дуугүй доош харан зогсоно. Бао Юй дотроо: – Шы охин дүү харьд очоод лав өөр хүн болсон байхаа гэж бодоод би түүнд ойртож чадахгүй байна. Тэр ч намайг тоохгүй байна. Тэгтэл түүний ярьж хэлэх нь хэвээрээ байна. Тэгтэл манай тэр яагаад үгээ ч хэлж чадахгүй гэрэвшээд байгаа юм бол гэж бодож байтал бяцхан инж орж ирээд: “Хоёрдугаар аниа ирэв” гэсэнд төдөлгүй Ли Вань, Фөн Же нар орж бүгдтэй мэндлэн золгов. Бас Ин Чүнь ирэв. Тэрбээр эцгээ гадагш ажилд явсныг ярихдаа “Завдан ирж уулзах гэсэн боловч нөхөр маань, “Доройтож байгаа айлын лай ланчиг наалдана” гэж хориглоод намайг ирүүлсэнгүй. Би зүтгээд дийлсэнгүй. Хэдэн өдөр уйллаа гэж ярив. Фөн Же: “Өнөөдөр ашгүй яаж явуулав” гэж асуусанд Ин Чүнь: “Тэр манай Эр Лаоег зэрэг залгамжилсныг сонсоод очиж болно гэвээ” гэв. Жя Мү:

-Би уйтгарлаж ядахдаа, та нарыгаа авчирч ач бэрийнхээ ойг тэмдэглэж, ярилцан хөхрөлдөж уйтгараа сэргээх гэсэн юм. Харин та нар урьдын уйтгарт явдлыг ярьж миний уйтгарыг хүргэчихлээ гэсэнд Ин Чүнь нар дуугарахгүй болов. Фөн Же хэдий чадан ядан хэдэн урамтай үг олж хэлсэн боловч урьдын адил хүмүүсийг инээж хөхөртөл цовоо цолгин ярьж чадсангүй. Жя Мү Бао Чайг баярлуулах гэж зориуд Фөн Жегээр үг хэлүүлэхээр өдсөнд цаадах нь санааг нь мэдээд:

-Өнөөдөр Лао тайтай нилээд баяртай байна. Бид ойрд цуглаж чадсангүй. Өнөөдөр харин бүрджээ гэсээр эргэж хараад хадам эх, Ёу хатан хоёр ирээгүйг мэдээд дуугүй болов. Жя Мү “Бүрджээ” гэсэн үгнээс санаа аваад хүн явуулж тэр хоёрыг залуулав. Шин Фүрэнь, Ёу хатан, Ши Чүнь нар Лао тайтайгийн дуудахыг сонсоод, өөрийн гэр хөрөнгө нь ингэж доройтсон байтал бас баяр хийж Бао Чайгийн ойг тэмдэглэх гэж байгааг, үнэндээ Лао тайтайгийн алагтай үзэл гэж бодоод дотроо дургүйцсэн боловч ирэхгүй байж чадалгүй ирээд их урамгүй суув. Жя Мү, Шю Янийг асуусанд Шин Фүрэнь, өвчтэй гэж худал хэлэв. Түүний санааг мэдээд, Шюэ Има байхад эвгүй гэж бодоод дахиж дуугарсангүй. Төдөлгүй архи, жимс гаргасанд Жя Мү:

-Гадагш хүргэхгүй ээ. Өнөөдөр бүсгүйчүүд энүүхнээрээ наргина гэв. Бао Юй хэдий гэрлэсэн боловч Жя Мүгийн хайртай ач болохоор энд хутгалдаж байв. Эмээгийнхээ дэргэд суудал аваад Бао Чайгийн өмнөөс олонд архи барина. Жя Мү: “Бүгдээрээ архи ууцгаая. Оройхон энэ гэрүүдээр явж ёс гүйцэтгэтүгэй! Одоо ёс хийж, бүгдээр бас ёс гүйцэтгэнэ гэж миний урмыг хугалбал тусгүй шүү гэсэнд Бао Чай үгийг нь дагаж суув. Жя Мү олны зүг:

-Өнөөдөр бид дэмий эрхлэхгүй. Тус бүр нэг хоёр хүн үлдээж сөн бариулаад Юань Ян, Цай Юнь, Ин Эр, Ши Рэнь Пин Эр нарыг аваачиж арын өрөөнд бага сага уутугай гэсэнд Юань Ян: “Бид хоёрдугаар найнайд мөргөөгүйгээр архи ууж яаж болох вэ” гэсэнд Жя Мү: “Би хэлсэн шүү. Та нар явахаа мэд. Хэрэг болбол дуудна” гэсэнд тэд явав.

Жя Мү, Шюэ Има нарт архи бариулбал тэд цөм урьдын адилгүй болсныг хараад: “Та нар маань яачихав аа. Бүгдээр сайхан наргих юмсан” гэвэл Шян Юнь: “Бид идэж ууж байна. Бас яана” гэв. Фөн Же: “Эд нар багадаа цөмөөрөө их цовоо байсан юм. Одоо биенээсээ бишүүрхээд дуугарах ч үгүй болсон чинь Лао тайтайд эвгүй санагдаж байна шүү” гэв. Бао Юй сэмхнээр Жя Мүд: “Эд нар чинь, юм хэлэх гэхээрээ л муу юм руу орчих гээд байна. Лао тайтай эднээр дүрэм хэлүүлэхгүй юм уу” гэв. Жя Мү: “Дүрэм хэлбэл Юань Янг дуудахад хүрнээ” гэсэнд Бао Юй босоод арын өрөөнд орж Юань Янд “Лао тайтай архины дүрэм явуулах гээд эгчийг дуудаж байна” гэв. Юань Ян “Бяцхан өвөг минь биднийг тайван байлгаж ганц хундага архи уулгаж болохгүй нүү. Битгий үймүүлээд байгаарай” гэв. Бао Юй:

-Үнэхээр Лао тайтай хэлсэн шүү. Чамайг дуудсан юм. Надад хамаагүй гэв. Цаадах нь аргагүй болж явахдаа наадуулдаа: “Та нар уухаа мэдтүгэй. Би очоод л эргэж ирнэ” гээд Жя Мүгийн тэнд очив. Жя Мү:

-Өө ашгүй хүрээд ирэв үү. Эд нар архины дүрэм явуулах гэнээ… гэсэнд Юань Ян:

-Лао тайтай намайг дуудлаа гэж Бао Эрээс сонсоод ирлээ. Ямар дүрэм явуулахыг мэдэхгүй байна гэсэнд Жя Мү:

-Бичиг номоор хэлбэл хэцүү, уйтгартай. Цэргийн эрдмээр бас бүтэхгүй. Чи өөрөө сонин сайхныг бодож үз гэсэнд Юань Ян бодоод:

-И тайтай настай хүн, бодох таахад дургүй. Харин Дүрмийн шоо авчирч бүгдээр дууллын нэр орхиж, архи шүүлцгээж наадвал болох уу гэж асуув. Жя Мү “Энэ бас болно” гээд шоо орхих таваг авчруулж ширээн дээр тавив. Юань Ян “Дөрвөн шоо орхиж, нэр орхиж гаргаагүйг нэг хундагаар торгоно. Нэр орхиж гаргавал хүн бүр хэдэн хундага уухыг орхисон хойно мэднэ” гэсэнд цаадуул нь: “Энэ хялбар. Бид цөм дагасугай” гэв. Юань Ян даруй өгсөнд бүгдээр түүнд нэг хундага уулгаад түүнээс эхлэн тоолбол “Шюэ Има эхэлж орхих болов. Тэрбээр орхивол дөрвөн “Нэг” буув. Юань Ян:

-Энэ бол нэртэй. Шан Шань уулын дөрвөн өвгөн”1гэгч болой. Настайчууд нэг хундага ууна гэсэнд Жя Мү Ли худгай, Шин, Ван хоёр Фүрэнь нар уух болов. Жя Муг хундага өргөж уух гэтэл Юань Ян:

-И тайтай орхисон тул нэг дууллын нэр хэлбэл зохино. Дараагийн хүн “Мянган овогтны шүлгээс” нэг бадаг залгаж хэлнэ. Хэлж чадахгүй бол нэг хундагаар торгоно гэсэнд Шюэ Има:

-Чи бас надаар оролдоно. Би яаж хэлж чадах вэ гэв. Жя Мү:

-Хэлэхгүй бол наргиангүй болно. Хэлбэл сайн. Дараагийн ээлж нь би юм, хэлж чадахгүй бол би И тайтайгийн хамт нэг хундага уусугай гэсэнд цаадах нь:

-Би нэг “Өтөл насандаа, цэцгийн хүлэмжид оров”2 гэж хэлсүгэй гэв. Жя Мү толгой дохиж “Цагийг завдаж залуусыг дууриана” гэгч болой гэв.

Шоотой таваг Ли Вэний дэргэд хүрсэнд хоёр “Дөрөв” хоёр “Хоёрыг” орхив. Юань Ян “Энэ бас нэртэй. “Лю Руань Тяньд орно” гэдэг юм гэсэнд Ли Вэнь залгаж “Хоёр эрдэмтэн тоорын хүрээлэнд орно” гэв. Дараах хүн нь Ли Вань “Тоорын цэцгийг эрэн олж Чинь улсаас зайлна” гэсэнд бүгд нэг уув. Шоотой таваг Жя Мүгийн өмнө очив. Хоёр “хоёр”, хоёр “гурав” буув. Жя Мү: “Одоо суух болжээ” гэсэнд Юань Ян: “Энэ чинь нэртэй. Энэ бол “Мөрний хараацай дэгдээхэйгээ дагуулна” гэнэ. Бүгдээр нэг хундага ууна гэв. Дараа нь Ли Чи: “Зүгээрхэн сууж хүүхдээ унгирал барихыг үзнэ” гэсэнд бүгдээр сайн гэцгээв. Бао Юй хэлэх гэж тэсэж ядан хүлээж байтал шоотой пял хүрээд ирэв. Аваад орхивол нэг “хоёр”, хоёр “гурав” хийгээд нэг “нэг” буусанд: “Энэ юү вэ” гэв. Юань Ян инээж: “Энэ бол “мад”!Нэг хундага уучаад дахиад орхи гэсэнд арга буюу уугаад дахиж орхив. Хоёр “Гурав”, хоёр “дөрөв” буув. Юань Ян “болжээ. Үүнийг “Жан Чан хөмсөг зурна” гэдэг юм гэсэнд түүнийг домоглож байна гэж Бао Юй мэдэв. Бао Чайгийн царай ч улайв. Фөн Же бас сайн ойлгосонгүй. Тэгээд Бао Юй дүү хурдан хэлэгтүн. Дараах хүн хэн болохыг эртүгэй гэвэл Бао Юй хэлэхүйеэ бэрх тул “Торготугай. Надад дараачийн хүн алга” гэв.

Шооны таваг өнгөрч Ли Ваний ээлж болж орхив. Юань Ян “Да найнайгийн орхисон нь “Арван хоёр алтан хатгуур болой” гэсэнд Бао Юй сонсоод Ли Ваний дэргэд очиж, улаан ногоон хагас хагас буусныг хараад: “Энэ үнэхээр сайхан болой” гээд гэнэт “Арван хоёр сүйхтэний” тухай зүүд санаанд нь орсон тул даруй мэлэрсэн хэвээр суудалдаа очоод дотроо, энэ “Арван хоёр сүйхтэнийг” Жинь Лин газрынх гэсэн бөлгөө. Манай гэрийн эдгээр хүн яагаад энэ хэдхэн үлдсэн хэрэг вэ гэж бодоод Шян Юнь, Бао Чай хоёрыг харвал, энэ хоёр хэдий байвч ганцхан Дай Юй л үзэгдсэнгүй. Гэнэт тэсвэрлэхийн аргагүй болж нулимс унагахыг завдсанаа, хүнд харуулахгүй гэж болгоомжлон, халууцлаа тэсэхгүй нь, явж хувцсаа тайлъя гээд дүрмийн тэмдгээ өлгөөд босож явав. Шы Шян Юнь түүний энэ байдлыг хараад, бусад хүн сайн шоо орхиж байхад өөрөө сайн орхиж чадсангүйдээ урам нь хугараад гарлаа гэж бодов. Тэр бас энэ дүрэм тусгүй гэж бодоод баахан халшрах мэт болов. Энэ үед Ли Вань, “Би хэлэхээ байя. Намайг нэг хундага торготугай. Хүн ч бүрэн биш байна” гэсэнд Жя Мү:

-Энэ дүрэм хөгжөөнгүй юм. Торгохыг боль. Юань Ян нэг орхичих. Юу буухыг үзье гэв. Бага инж шоотой пялыг Юань Янгийн өмнө авчрав. Тэрбээр орхив. Хоёр “хоёр”, нэг “тав” буугаад нөгөө нэг нь пял дотор зогсохгүй эргэлдэв. Юань Ян “Тав битгий буу” гэж бархиртал тэр шоо яг “тав” буув. Юань Ян:

-Муу боллоо. Би хожигджээ гэсэнд Жя Мү:

-Энэ юү ч бишүү гэв. Юань Ян:

-Нэр ч байна. Би дууллын нэрийг хэлж чадахгүй гэвэл Жя Мү:

-Чи нэрийг нь хэл. Би тааруулж өгье гэсэнд цаадах нь:

-Энэ бол “Унаганы түрүүчийг долгион шүүрдэнэ гэнээ” гэсэнд Жя Мү:

-Энэ гайгүй. Би чамд хэлж өгье. “Намрын загас зангуут үүрт орно” гэв. Юань Янгийн дараа Шян Юнь: “Унаганы түрүүч Жян мөрний намрыг дуустал эгшиглэнэ” гэвэл хүмүүс “Энэ өгүүлбэр маш оновчтой” гэцгээв. Жя Мү “Энэ дүрэм ингээд болно. Хоёр хундага ууцгаагаад хоолоо идье” гээд эргэж харвал Бао Юй ирээгүй байв.

-Бао Юй хаачив. Ирэхгүй юм уу гэж Жя Мүг асуусанд Юань Ян:

-Хувцсаа солихоор явсан гэсэнд Жя Мү:

-Хэн дагаж явсан бэ гэсэнд Ин Эр урагш гарч ирээд: “Би Эр Еэг гарахыг хараад Ши Рэнь эгчид хэлж дагуулж явуулсан” гэсэнд эмээ, ээж нарын нь санаа амрав. Нилээд удсаны дараа Ван Фүрэнь хүн явуулж Бао Юйг эрүүлэв. Бяцхан инж түүний шинэ гэрт очоод сураглав.

-Бао Эр хаачив? Мэдэв үү?

-Лао тайтайгийн тэнд архи ууж байгаа

-Би тэндээс ирлээ. Тэнд байсан бол би юү гэж эрэх вэ.

-Тийм бол би мэдэхгүй. Өөр газраар эрэхгүй юү.

Ийнхүү сураглаад бяцхан буцаж явтал Чю Вэньтэй таарав.

-Чи Эр Еэ хаана очсоныг үзэв үү?

-Би түүнийг эрж явна. Тайтай нар хоол идэхээр хүлээж байна. Энээхэн хооронд хаачив аа. Чи очоод Лао тайтайд мэдүүлтүгэй. Гэртээ алга гэж хэлж болохгүй. Архи уусан тул хоол идэхгүй гэж байна. Жаахан хэвтээд очно. Лао тайтай, бусад тайтай нар хоолоо зооглотугай гэж байна хэмээн хэл гэв. Мөнөөх инж очоод энэ үгийг Жэнь Жуд хэлбэл, цааш нь Жя Мүд хэлэв. Жя Мү:

-Тэр нэг их юм идэх биш. Одоо хоол идэхгүй бол байг. Амарч л байг. Гэргий нь энд байх тул түүнд нааш ирээд хэрэггүй гэж хэлтүгэй гэсэнд Жэнь Жу даруй бяцхан инжид “Чи сонсов уу” гэв. Цаадах нь: “За” гээд ил хэлж болохгүй тул гарч нэг тойроод ирж “Хэллээ” гэсэнд хүмүүс анзаарсангүй. Тэгсгээд тэд ч тарцгаав.

 

***

Тэндээс Бао Юй сэтгэл уяран гарч ирээд, гайхаж байтал Ши Рэнь “яав” гэж асуув. Цаадах нь: “Яасан ч үгүй, дотор эвгүйрхээд… тэднийг архи ууж байх хооронд Жэнь да найнайгийн тэрүүгээр тойръё” гэсэнд Ши Рэнь:

-Жэнь да найнай энд байхад хэнийг эрж очих юм бэ гэсэнд Бао Юй:

-Хэнийг ч эрэхгүй. Тэр энд байвал байгаа гэрийг нь үзье гэхсэн… гэсэнд Ши Рэнь дагаж энэ тэрийг ярьсаар явав. Ёу хатны тэнд хүрвэл нэг жижиг хаалга хагас нээлттэй байв. Бао Юй орсонгүй. Хүрээлэнгийн үүд сахигч хоёр ярьж суухыг хараад Бао Юй:

-Энэ бага хаалгыг нээсэн юм уу гэсэнд эмгэн:

-Өдөр бүр нээгддэггүй юмаа. Өнөөдөр Лао тайтай хүрээлэн доторх жимсийг хэрэглэнэ гэж хэлүүлсэн тул хаалгаа нээгээд хүлээж байгаа юм гэв. Бао Юй яваад хаалганд хүрвэл үнэхээр хагас нээсэн байв. Түүнийг орох гэтэл Ши Рэнь татаж:

-Орох хэрэггүй. Хүрээлэн дотор бузар. Хүн үргэлж хүрэхгүй болохоор муу юм наалдсан гэв. Бао Юй архины омгоор “Би айхгүй” гэсэнд Ши Рэнь тавилгүй зуурав. Эмгэд ирж:

-Одоо энэ хүрээлэн тайван болжээ. Тэр өдөр бумба ирж, буг дарснаас хойш бид үргэлж ганцаараа явж цэцэг жимс түүж байна. Эр Еэг орно гэвэл бид дагаж явна. Ийм олуул байж юунаас айна гэсэнд Бао Юй баярлав. Ши Рэнь ч дахин хориглосонгүй дагаад явав.

Хүрээлэн эзгүй хаягдсан мэт эл хуль харагдана. Цэцэг навч хорвойж хатаад хэдэн газрын тэр танхимын будаг нь халцран унажээ. Хэсэг хулс алсаас ногоорон харагдана. Бао Юй бодлогошроод:

-Би өвдөөд хүрээлэнгээс гарч арын хүрээлэнд сууснаас хойш хэдэн сар ирсэнгүй. Энээхэн хооронд ингэж хаягдах гэж. Чи хар, тэр хэдэн суурь хулс л ногоорч байна. Энэ хулст бүрдийн хүрээлэн бишүү гэсэнд Ши Рэнь:

-Чи хэдэн сар ирээгүй болоод зүг чигээ хүртэл мартаа юү. Би яриандаа болсоор И Хун Юанийг өнгөрөөд явчихжээ гээд эргэж харан хуруугаар заагаад: “Энэ саяынх чинь хулст бүрдийн хүрээлэн шүү” гэв.

Бао Юй, Ши Рэний хурууг дагаж хараад: “Үнэхээр өнгөрчээ. Түүнийг очиж үзье” гэв. Ши Рэнь: “Орой болжээ. Лао тайтай хоол идэх гээд хүлээч байгаа. Харья” гэв. Цаадах нь дуугарахгүй явсаар байв. Тэрбээр Да Гуань Юаньд очилгүй нэг жил болоод явах замаа мартах шахжээ. Тэгээд дотор орох гэхэд нь дэмий болуузай гэж бодоод цааш явав. Тэгтэл түүний санаа сэтгэл Хулст бүрдэд байсныг мэдсэнгүй. Бао Юй Хулст бүрд рүү яаран Ши Рэнийг гүйцэж очив. Тэрбээр ямар нэг юм олж үзсэн мэт зогссонд: “Чи юү чагнаав” гэж асуувал цаадах нь:

-Хулст бүрдэд хүн сууж байгаа юү гэхэд нь Ши Рэнь:

-Бараг хүнгүй байхаа гэв.

-Дотор нь хүн уйлж байх санагдсан юм чинь яагаад хүнгүй байх юм бэ?

-Чиний сэжиг биз. Чи үргэлж ирж Линь охины уйлахыг сонссоор байгаад одоо тэгж санагдаж л дээ.

Бао Юй итгэхгүй, чагнасаар л байв. Хоёр эмгэн ирэв.

-Эр Еэ хурдан хариа. Орой болжээ. Бусад газраа бодвол эндэх зам бөглүү. Түүнээс гадна Линь охиныг үхсэнээс хойш энд хүн уйлах дуу сонсогддог гэх болоод хойш энүүгээр хүн явахаа байсан юмаа гэсэнд Бао Юй, Ши Рэнь хоёр цочив. Тэгтэл Бао Юй: “Линь дүү минь ээ. Зүв зүгээр байхад чинь би чамайг хорложээ. Битгий над гомдоорой. Эцэг эх толгойг минь мэдсэн. Би чамайг мартсан бишээ” гэж зүрхээ шимшрүүлэн хэлээд дуу тавин уйлав. Ши Рэнь яах учраа олохгүй арга алдран байтал Чю Вэнь хэдэн хүн дагуулж ирээд: “Чи яасан доогтой юм бэ. Юунд Эр Еэг энд дагуулж ирэв. Лао тайтай, тайтай нар сандраад энүүгээр тэрүүгээр эрүүлж байна. Сая захын хаалганы хүн, чамайг Эр Еэтэй наашаа явсан гэснийг дуулаад их айж, бас уурлаад биднийг нааш явууллаа. Хурдан харьцгаа” гээд мэгшин уйлж байгаа Бао Юйгийн нулимасыг арчаад, Лао тайтайгийн хилэгнэж байгааг хэлээд бараг чирэн явав.

Ши Рэнь айсаар Бао Юйг Лао тайтайгийн тэнд аваачвал хүмүүс тараагүй байв. Жя Мү “Ши Рэниэ, би чамайг ухаантай гээд Бао Юйг чамд тушаасан шүү. Чи өнөөдөр яагаад үүнийг хүрээлэнд дагуулж очиж байгаа юм бэ. Үүний өвчин сайн болоод байтал бас нэг юм наалдаад яршиг болбол яах вэ” гэсэнд Ши Рэнь үгийн хариугүй тонгойн зогсоно. Бао Чай, Бао Юйгийн царай муу байхыг хараад дотроо айж байв. Бао Юй, Ши Рэнийг хилсдүүзэй гэж бодоод сандарч

-Гэгээн цагаан өдөр айх юү байна? Би удтал хүрээлэнгээр зугаалаагүй тул энэ өдөр халамцаад баахан явчихлаа. Тийм амархан юу наалддаг юм бэ гэсэнд хүрээлэнгээс их хор амссан Фөн Жегийн оройны үс босож:

-Бао Юй дүүгийн цөс хэтэрхий болжээ гэв. Шян Юнь:

-Цөс нь их бишээ. Сэтгэл нь үнэнч болой. Цацагт цэцгийн сахиустай уулзав уу. Эсвэл ямар нэг дагиныг эрж очив уу гэсэнд Бао Юй дуугарсангүй. Ван Фүрэний уур хүрээд юу ч хэлсэнгүй. Жя Мү:

-Хүрээлэнд ороод айж цочсонгүй юү? За болтугай. Хожим тэнд очиж зугаалъя гэвэл илүү хэдэн хүн дагуулан явуулж бай. Чи биднийг үймүүлээгүй бол бид аль цагийн тарах байлаа, явцгаа! Харьж нэг шөнө сайхан унтаад өглөө эртхэн ирцгээ! Би та нарыг маргааш дахин нэг наадуулж өнөөдрийн хувийг нөхсүгэй. Үүний тулд битгий бас дахин явдал учир гаргаарай гэв.

Ингээд тарцгаасанд Шюэ Има, Ван Фүрэнийхээд явж, Шы Шян Юнь, Жя Мүгийнд үлдэж Ин Чүнь, Ши Чүнийхээд очив. Бао Юй хариад үе үе санаа алдана. Бао Чай түүнийг тоогоогүй боловч бухимдахдаа хууч нь хөдлөх вэ гэж зовохдоо дотогш ороод, Ши Рэнийг дуудан, цаадах чинь хүрээлэнд ороод яасныг нарийн асуув. Ши Рэнь юү гэж хариулсныг эс мэднэ.Түүнийг дараах бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Шан Шань уулын дөрвөн өвгөн-Хань улсын эхэн үед Шан Шань ууланд нуугдан суусан дөрвөн өвгөнийг хэлжээ. Тэд сүүлдээ, Хань улсын Гао Зу хааны түшмэл болсон ажээ.

  2. Өтөл насандаа цэцгийн хүлэмжид оров-Тан улсын шүлэгч Лиү Юйси улс төрийн хөдөлгөөнд оролцож зэргээ хасуулаад хорин дөрвөн жил болсны дараа дахин түшмэл болсон явдлыг хэлжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж