Бүхний хайрыг татсан Кики

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Бүхний хайрыг татсан Кики

Бүхний хайрыг татсан Кики

Японы зохиолч Эйко Каданогийн 1985 оны “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй хүүхэлдэйн кино бол Японы хүүхдүүдийн дуртай хамгийн алдартай кино юм.

Бяцхан шидтэн болон түүний үсэрхэг найзын адал явдлын тухай өгүүлдэг энэхүү шидэт үлгэр Японы нэгэн үеийн уншигчдыг хүмүүжүүлсэн төдийгүй зохиолч Эйко Каданод хүүхдийн зохиолын дээд шагналыг авчирчээ.

83 настай зохиолч Эйко Кадано Данийн хүүхдийн нэрт зохиолч “Ханс Кристиан Андерсен”-ий нэрэмжит  2018 оны хүүхдийн шилдэг зохиолын шагналын эзэн болсон юм. Шүүгчид Японы соёл, урлаг, зан заншил гүн шингэсэн Эйко Каданогийн зурагт ном, зохиолуудыг “Үгээр илэрхийлэхийн аргагүй яруу, сайхан” хэмээн магтсан нь бий.

Зохиолч “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиолынхоо санааг охиныхоо зурсан хөгжмийн ноот эргэн тойронд нь эргэлдэн ниссэн шидтэний зургаас олсон гэдэг.

‘Би Кикиг жаахан охиноороо төсөөлөн бичсэн. Яг хүүхэд нас, шилжилтийн насны завсрын үе” хэмээн Эйко Кадано “Асахи Шинбун” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

‘Энэ бол өөрийн ид шидийн хүчээр нисдэг бяцхан охины тухай түүх”

Токио хотод төрсөн Эйко Кадано дэлхийн II дайны үеэр арван настайдаа гэрээсээ хол Японы хойд муж руу шилжжээ. Дайн дууссаны дараа Эйко Кадано Японы их сургуульд элсэн суралцаж, удалгүй Бразил руу цагаачилсан байна.

Түүний “Ойн жим”, “Бразил”, “Миний найз Луизиньо” зэрэг зохиолууд нь дайны үед туулсан амьдрал болон Бразил дахь он жилүүдийн тухай ажээ.

35 настайдаа анхны номоо хэвлүүлсэн зохиолч Эйко Кадано өөрийгөө авьяас нь хожуу илэрсэн хүн гэж тодорхойлсон юм.

‘Би бичихээс илүү унших дуртай байсан. Гэхдээ хэд хэдэн оролдлого, бүтэлгүйтлийн дараа зохиол бичихэд улам татагдаж, дурлаж байгаагаа ухаарсан” хэмээн тэрбээр ярьсан юм.

‘Миний зохиол хэвлэгдэхгүй байсан ч хамаагүй, би үлдсэн амьдралынхаа турш бичих болно” гэсэн юм. Эйко Кадано өнгөрсөн хугацаанд 200 гаруй зохиол туурвисны дунд зурагт ном, хүүхэд, залууст зориулсан зохиол, эссе, антологиуд бий ажээ. Гэвч түүнд алдар хүнд авчирсан зохиол нь яах аргагүй “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиол билээ.

Японд л гэхэд 1.7 сая хувь хэвлэгдсэн “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиол есөн орны хэлнээ хөрвүүлэгдсэнээс Солонгос, Мандарин, Тай хэл дээр зурагт ном болон гарчээ.

1985 онд бичсэн бяцхан шидтэн Кики, түүний хар муур хоёрын адал явдал одоо дэлхийг тойрон аялсаар яваа билээ.

Сүүлд Японы алдартай анимэйшн студи “Гибли” түүний зохиолоор хүүхэлдэйн кино бүтээсэн нь Японд төдийгүй дэлхийн олон оронд асар их амжилт олсон билээ. “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” ижил нэртэй хүүхэлдэйн кино тус студийн бүтээсэн хамгийн алдартай бүтээлийн нэгт тооцогдож байна.

Бүхний хайрыг татсан Кики

“Кики хүн болгонд өөрийн ид шид байдаг гэдгийг хүүхдүүдэд итгүүлсэн юм. Хүүхдийн зохиол хүүхдүүдэд итгэл үнэмшил бий болгож, ухаан суухад нь тэдэнд тусалдаг ийм л хүчтэй” хэмээн Эйко Каданогийн зохиолын редактор Томоко Хонобэ ярьсан юм.

Үгийн хүч

Өнгөрсөн сард Эйко Кадано Данийн хүүхдийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсений нэрэмжит 2018 оны хүүхдийн шилдэг зохиолын шагналыг гардан авахдаа “Би ийм шагнал авна гэж төсөөлж ч байсангүй. Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс миний зохиолыг уншиж байна гэдэг бол том хүндэтгэл ” хэмээн хэлсэн юм.

Эйко Кадано зохиолууд нь түүнийх биш, харин уншигчдын өмч хэмээн хэлсэн юм. Тэрбээр “Сайн зохиол хэвлэгдээд уншигчдын гарт очихдоо тэдний өмч болдог. Ном их унших тусам үгийн баялаг нэмэгдэж, үг бүхий л амьдралын турш таны хэр хүчтэй хүн гэдгийн илэрхийлэл болно”гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж