Өрнөд бүсийн плэй-оффын тоглолт лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс болон Лос-Анжелес Кингс багуудын тоглолтоор эхлэж байна. Вегас Голден Найтс баг энэ улирлын гол нээлт юм. Лигийн ТОП түвшний бус тоглогчдоос бүрдсэн Вегас Голден Найтс баг дебьют улиралдаа гайхалтай байж улирлын 82 тоглолтонд 51 хожилтой 109 оноо авч Өрнөд бүсийн 3-р гарч Номхон далайн дивизионыг тэргүүлсэн. Харин тэдний өрсөлдөгч Лос-Анжелес Кингс баг 45 хожилтойгоор 98 оноо авч дивизионоосоо дөнгөж плэй-оффт багтаж чадсан. Хоёр баг өнгөрсөн улиралд 3 удаа таарч тоглоход Вегас Голден Найтс клуб 2 тоглолтонд ялалт байгуулсан.
Вегас Голден Найтс баг улирлын турш үнэхээр ганган байж плэй-оффт шалгараад байна. Магадгүй энэ багийн хамгийн том “цол”-той тоглогчоор хаалгач М.Флёрийг нэрлэж болох юм. Лигийн даруухан, дундаж амжилттай дасгалжуулагч Ж.Галлан шинэ багийг өөрийн гараар босгож, өөрийн хүссэнээрээ тоглуулж чадсны үр дүн гарч баг нь плэй-оффт шалгараад байна. Хаалган дээр М.Флёри найдвартай байж, урдаа Й.Маршессо, У.Карлссон болон Р.Смит нарын залуус улирлын турш ажлаа маш сайн гүйцэтгэсэн. Бусад багуудын ямар тактикаар хэрхэн тоглох нь тааварлашгүй Вегас Голден Найтс багаас юу ирэх нь тун сонирхолтой байна.
Харин тэдний өрсөлдөгч Лос-Анжелес Кингс баг энэ жил багийн ахлагч А.Копитарын сайн тоглолтын ачаар плэй-оффт эргэн ирсэн. 2016-2017 оны улиралд багийн ахлагчийн үүргийг хүлээн авсан А.Копитар юу болов гэмээр хангалтгүй тоглож карьерынхаа хамгийн муу улирлыг үдсэн. Тэгвэл энэ улиралд төрөл арилжсан мэт гайхалтай байж гоол болон гоолын дамжуулалтаар багаа тэргүүлээд байна. Мөн багийн хаалгач Й.Куик өнгөрч буй улиралд лигийн 31 багийн бүх хаалгачдаас хамгийн бага буюу 203 гоолыг хаалгандаа алдаж “Женнингс Трофи” цомыг хүртсэн. Д.Браун, А.Копитар нарын довтолгооны гол цөм, Д.Даути тэргүүтэй хамгаалалтын залуус, шилдэг хаалгач Й.Куик нар Вегас Голден Найтс багийг зогсоож чадах болов уу? Ямартаа ч энэ цуврал тун өрсөлдөөнтэй, сонирхолтой, үзүүштэй, ширүүн тоглолт болно. Вегас Голден Найтс багаас ялгарах нэг ялгарал бол Лос-Анжелес Кингс багийн цөм болсон тоглогчид олон жил хамтдаа тоглож байгаа тул талбай дээрх ойлголцол илүү байх нь дамжиггүй юм.
Таамаг: 7 тоглолтонд Вегас Голден Найтс баг хожил байгуулна
Б.БЯМБАБАЯР