Нуман тулгуурт орсон Ювентус Испанид зочилно

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Нуман тулгуурт орсон Ювентус Испанид зочилно

Нуман тулгуурт орсон Ювентус Испанид зочилно

Европын хоёр шилдэг клубуудын тоглолтыг ийм эрт шийдэгдэх хэмжээнд очно гэж бодсон хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид байхгүй байсан нь лавтай. Үгүйдээ Ювентус талбайдаа тэнцээ авна гэж харж байсан ч тийм зүйл болсонгүй. Харин ч бүр энэ цаг үеийн дэлхийн супер довтлогч К.Роналдогийн шоунд дарагдсан. Гэхдээ хөлбөмбөгт юу ч болж болно. Ямартаа ч тоглолтыг эргүүлэх 90 минут Ювентус клубын өмнө байна.

Реал Мадрид клуб хоёр багийн эхний тоглолтонд Ювентус клубыг талбайд нь буулгаж авсан. Тус тоглолтонд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдогийн шоу болж гайхалтай гоолууд, мэдрэмжтэй дамжуулалтаараа Ювентус клубыг 3-0 харьцаатай буулгаж авсан. Одоо Реал Мадрид клуб талбай дээрээ ажлаа дуусгахыг хүсэж байна. Харин энэ тоглолтонд Реал Мадрид клубын хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч С.Рамос картны улмаас оролцох боломжгүй болсон. Мөн хамгаалагч Начо ташааны бэртлийн улмаас оролцохгүй. Иймд төвийн хамгаалалтанд Р.Варанетай хэн гарах нь эргэлзээтэй байгаа ч М.Льоренте гарч магадгүй гэсэн мэдээлэл байна.

Тэгвэл талбайдаа ялагдал амссан Ювентус клубын хувьд тун хүнд даалгавартай. Дээр нь багийн довтолгооны гол хөдөлгүүрийн нэг П.Дибала хуудасны улмаас оролцож чадахгүй бол Итали довтлогч Ф.Бернардески шагайны гэмтлийн улмаас оролцохгүй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Г.Игуаин, М.Манжукич, Д.Коста, Х.Куадрадо нараар удирдуулсан Ювентус клуб тийм ч амархан бууж өгөхгүй болов уу? Хэрвээ Реал Мадрид клубын хамгаалалтын сул орон зайг ашиглаж чадвал эргэн ирэлт хийх ч боломжтойг үгүйсгэж болохгүй юм.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж