Бавари Мюнхен гэртээ ажлаа дуусгана

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Бавари Мюнхен гэртээ ажлаа дуусгана

Бавари Мюнхен гэртээ ажлаа дуусгана

Аваргуудын лигийн дунд шөвөгт учраа таарсан Германы лигийн аварга Бавари Мюнхен клуб өнөө шөнө талбайдаа Испаний Севилья клубыг хүлээн авч хариу тоглолтоо хийнэ. Хоёр багийн эхний тоглолт долоо хоногийн өмнө Севилья клубын талбайд болоход 2-1 харьцаатай Бавари Мюнхен клуб ялалт байгуулсан. Иймд Бавари Мюнхен клуб талбайдаа хариу тоглолтондоо тэнцэхэд л дараагийн шатанд шалгарна.

Германы лигийн өнгөрсөн тойрогт аваргын болзлоо хангасан Бавари Мюнхен клубын хувьд талбайдаа зүгээр ч нэг тэнцээ авахгүй нь ойлгомжтой. Тэд бол Европын ТОП түвшний зангарагатай баг. Иймд Бавари Мюнхенчүүд талбай дээрээ ялалт байгуулах зорилготой талбайд гарна. Долоо хоногийн өмнө болсон тоглолтонд Бавари Мюнхен клуб Севилья клубыг талбайд нь илүүрхэж 4 удаа хаалга оносон цохилт гүйцэтгэхдээ 2-г нь гоол болгосон. Энэ бол Бавари Мюнхен клуб энэ тоглолтонд давуу байдалтай байгааг харуулж байгаа бас нэгэн илэрхийлэл болов уу? Энэ тоглолтын өмнө Бавари Мюнхен багийн хувьд бэртэл гэмтлийн асуудалгүй байгаа бөгөөд К.Коман тоглох боломжтой болсон. Мөн багийн хаалгач М.Нойер багийнхаа бэлтгэлд хамрагдаж байгаа. Гэхдээ М.Нойер энэ удаагийн тоглолтонд шууд гараанд гарах нь юу л бол?

Тэгвэл багийнхаа түүхэнд анх удаагаа аваргуудын лигийн дунд шөвөгт шалгараад буй Севилья клуб хүнд даалгавартай “Алианз Арена” цэнгэлдэхэд хүрэлцэн ирж байна. Өмнөх тоглолтонд талбайдаа хожигдсон нь Севилья клубын боломжийн улам бүр багасгаад байгаа. Дээр нь хамгаалагч С.Кьер, С.Коршья болон М.Лайюн нар бэртлийн улмаас хариу тоглолтонд оролцохгүй. Иймд Севилья клубын хамгаалалтын хүч суларч, сэлгээнд ч хамгаалах чиглэлийн тоглогч хомстой оролцох болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж