Улсын хэмжээнд нэг сая мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд нэг сая мал хорогджээ

Улсын хэмжээнд нэг сая мал хорогджээ

Дөрөвдүгээр сарын 15 гэхэд улсын хэмжээнд мал төллөлт 50 орчим хувьтай байдаг. Энэ жил мал төллөлт ямар байгааг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Мал аж ахуйн салбарын эрсдэл, гамшгаас хамгаалах бодлого зохицуулалт, нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.

Засгийн газар 9.2 тэрбум төгрөг гаргасан

-Улсын хэмжээнд хэчнээн мал төллөхөөс одоогоор хэдэн хувь нь төллөөд байна вэ?

-Өнгөрсөн жил малын тоо 66 сая 215.8 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.6 сая толгой буюу 7.6 хувиар өссөн. Үүний дотор 28.2 сая хээлтэгч тоологдсон. Урьдчилсан байдлаар 22 саяас доошгүй төл хүлээн авна гэсэн  тооцоо бий. Өнөөдрийн байдлаар төллөх малын 19 хувь буюу 5317.2 мянган эх мал төллөж,  5089.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96 хувьтай байна.

-Цаг агаарын байдал, өвс бага байгаа зэрэг нь мал төллөлтөд хэр нөлөөлж байна вэ?

-Хаврын хахир цаг нялх төл, төллөсөн эх мал, ядарч сульдсан бүгдэд нөлөөлдөг. Харин хаваржилтын бэлтгэлийг бүх шатанд өмнөх жилийн намар хийдэг. Мөн цаг үеийн нөхцөл байдалд үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газар, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар шат шатандаа авч хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд Улсын онцгой комиссоос 21 аймагт “Шуурхай бүлэг” томилон өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээнд үндэслэн Засгийн газрын гурван удаагийн тогтоолоор зохих арга хэмжээг авсан. Тодруулбал, улсын нөөцийн 10500 тонн өвсийг үнэгүй, 8000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулах, зарим аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, онцгой байдлын газар, хүн эмнэлэгт ариутгалын болон үйлчилгээний автомашин 27-г, таван нэр төрлийн 41 сая төгрөгийн малын эм бэлдмэл, 1.4 тонн ариутгалын бодис,  Онцгой байдлын газруудад зургаан тонн хүнсний зүйл, аймаг бүрд 110 сая төгрөг олгоход зориулж нийт 9.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан. Энэ нь өнгөрч буй өвлийн хүндрэлийг давахад ач холбогдол өгсөн.   

-Энэ нь хаврыг давахад түлхэц болсон гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Мөн ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй “Өвөл хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд  одоогийн байдлаар 37809.1 тонн тэжээл импортолсноос  23468.7 тонн тэжээл борлогдсон нь тэжээлийн хангамжийг хэвийн байлгах болон үнийн хөөрөгдлийг зогсооход  томоохон үүрэг гүйцэтгэж байна. 

Улсын хэмжээнд Нэг сая мал хорогджээ

-Хавал дуусах болоогүй байна. Малчдыг хаврыг давахад зориулж ямар ажил өрнүүлж байна вэ?

-Цагаанаар зудтай, зудархуу өвөлжиж буй сумдын малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас олон тусламж үзүүлсэн. Тухайлбал, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас Архангай, Төв, Булган, Өвөрхангай, Завхан аймгийн таван сумын 504 малчин өрхөөс мах худалдан авсан. Түүнийгээ Улаанбаатар хот болон Завхан аймгийн төвийн эмзэг бүлгийн өрхүүдэд тараах, өвс, тэжээлийн тусламж үзүүлэхэд 696.0 сая төгрөг зарцуулсан. МУЗН-ээс 15 аймгийн 78 сумын 4500 өрхөд нэг тэрбум 267.8 сая төгрөгийн бэлэн мөнгө болон тэжээл, хүнсний тусламж үзүүлсэн. “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай зэрэг зургаан аймгийн 26 сумын 1840 өрх тус бүрт 300 кг тэжээл буюу 264.0 сая төгрөгийн тусламж үзүүлэхэд нийт хоёр тэрбум 227.8 сая төгрөг зарцуулсан байна.

-Энэ жил цас их орсон. Мөн зун нь ихэнх нутагт газрын гарц муу байсан. Энэ бүхэн малын хорогдолд их нөлөөлсөн байх. Улсын хэмжээнд хэчнээн мал хорогдсон бэ?

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд  мянган малын хорогдолтой байна. Хамгийн их хорогдолтой байгаа нь Баянхонгор 181 мянган, Өвөрхангай 125 мянган, Завхан 122.3 мянган, Ховд  120 мянган, Архангай 111 мянган, Говь-Алтай аймагт 101.9 мянган толгой мал тус тус хорогдсон байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж