“Да хүрээг нүүлгээд өгөөч"

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

“Да хүрээг нүүлгээд өгөөч"

“Да хүрээг нүүлгээд өгөөч"

 Сүүлийн жилүүдэд хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд олон ажил хийж буй. Үүний нэг нь авто машины худалдааны төвүүдийг хотын захад нүүлгэх санаачилгыг хотын дарга гаргасан билээ. Харин Баянзүрх дүүргийн 17-р хороонд байрлах “Да хүрээ” авто машины захыг нүүлгэнэ гэж олон жил ярьсан ч бодитой ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрсэн юм.


Тус худалдааны төвд одоогоор 5000 орчим түрээс эрхлэгч нар үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн тус авто худалдааны төв нь нийтдээ зургаан га газрыг хамарсан томоохон төв юм. Албаны хүний мэдээлснээр бол “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хөрсөнд шингэдэг гэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна түрээс эрхлэгчид байнга машинаа асааж унтраадаг учир өвөлдөө утаанд дарагдан өнждөг гэнэ. Тэгвэл энэ захыг тойроод 30 орчим мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учраад байгааг оршин суугчид ярилаа. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга багагүй  илэрч байгаа албан бус судалгаа ч бий юм.  

Өдрийн 12 цагийн орчимд тус захаар очиход цөөн худалдаачид машинаа асаан худалдан авагчидтай ярилцаж байхтай таарлаа. Тус захын ойр орчмоор авто машины утаа, тосны үнэр ханхалж байв.

Манай захыг нүүлгэнэ гэсэн мэдээлэл ирээгүй

Да хүрээ захын маркетингийн менежер Ш.Одонтуяа “Да хүрээ зах өдгөө 27 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор манайд 5000 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх энэ газрыг 1991 онд өмч хувьчлалаар авсан. Бидэнд яг өнөөдрийн байдлаар нүүлгэнэ гэсэн мэдээлэл ирээгүй. Бид нар зөвшөөрлийн дагуу л үйл ажиллагаа явуулж байна. Манай энэ газрыг худалдаж авахад энэ хавьд айл байгаагүй зэлүүд  газар байсан. Бид ч гэсэн агаарын бохирдлын эсрэг тэмцдэг. Тухайлбал, өвөлдөө, гал түлүүлэхгүй, түүхий нүүрс хэрэглүүлэхгүй гэж шаарддаг. Ойр хавийн аж ахуй нэгжүүдэд ч бас давхар шаардлага тавьдаг” гэлээ. Ингээд тус захын хажууханд байрлах 100 айлын орон сууц бүхий Да хүрээ хорооллын иргэдтэй уулзаж бодит байдалтай танилцлаа.

Өвөлдөө гэр хорооллын утаан дээр машины утаа нэмэгдчихдэг

-‘Да хүрээ’ захыг нүүлгэн шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Тус захыг нүүлгэнэ гэдэгтээ та санал  нийлдэг үү?

-Манайх энэ байранд 2013 оны дөрөвдүгээр сард орсон. Нийтдээ таван жил амьдарч байна. Эндхийн хүүхдүүдэд гадаа тоглох ямар ч бололцоо байдаггүй. Хотхон дотор байнга л хөл хөдөлгөөн ихтэй, машины хөл тасардаггүй. Тиймээс хүүхдээ байнга  хөтөлж явдаг. Яагаад гэхээр хажуухан талд зах байдаг болохоор амралтын өдөр энэ хавь автомашины зогсоол болчих гээд байдаг юм. Өвөлдөө гэр хорооллын утаан дээр машины утаа нэмэгдчихдэг. Цонхоо ч онгойлгож чадахгүй амьдарч байна. Түүнээс гадна амралтын өдөр байнга  түгжирчихдэг. Анх манай байрыг ашиглалтад орж байхад “Да хүрээ” захыг нүүлгэнэ гэж ярьдаг байсан. Одоог хүртэл шийдсэн зүйл байхгүй хэвэндээ байна. Жил болгон нүүлгэчих болов уу гэж боддог. Гэтэл ердөөсөө нүүлгэсэн юм байхгүй байна. Манай энэ хавийн хүүхдүүд орцонд  тоглож харагддаг юм. Хавар болохоор  аймар өмхий үнэртэж эхэлдэг. Ер нь хүн амьдрахад хэцүүхэн.

-Авто машины утаа эрүүл мэндэд тань нөлөөлж байгаа гэж боддог уу?

-Миний сонссоноор авто машины утаанаас гарч буй утаа нь хүний эрүүл мэндэд хортой гэж сонссон. Тэр тусмаа хүүхдүүдэд их хор хөнөөлтэй байх. Манай аав ээжийнх энд байдаг юм. Би өмнө нь зуун айлд амьдарч  байгаад энэ өвөл түр ирсэн. Тэнд байхад манай хүүхдүүд ханиад хүрэх нь харьцангуй гайгүй байсан. Энд  ирсэн чинь манай  хүүхдүүд зогсоо зайгүй ханиад хүрээд том охин бараг цэцэрлэгтээ яваагүй. Энэ нь байршилтай  холбоотой байх.

Хашаанаасаа гарч болдоггүй, усаа ч авч болдоггүй

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ийн хэллээ. Би 2009 оноос хойш энд амьдарч байна. “Да хүрээ” захыг нүүлгэх нь зөв шүү дээ. Энэ хойд талын айлууд ярьдаг юм. “Хашаанаасаа гарч болдоггүй, усаа ч авч болдоггүй” гэж ярьдаг юм билээ. Хавар болохоор тоос шороо ихтэйгээс гадна цас хайлаад дулаараад ирэхээр өмхий үнэртээд байдаг. Ер нь хүн амьдрахад хэцүү дээ. Ардчилсан намын үед санаачилсан ажлыг хэрэгжүүлэх нь зөв  санагддаг. Энэ захыг нүүлгэхийг би хувьдаа 100 хувь дэмжиж байгаа. Тэрнээс гадна ганцхан “Да хүрээ” зах гэж яриад байгаа. Энэ захыг тойрсон 29 аж ахуй нэгж байдаг. Бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй. Сонгууль болохоор  ажлаа эрчимжүүлж бусад үед ард түмнийг баллаж байна шүү дээ. Техникийн захаас гадна, барилгын захыг ч нүүлгэх хэрэгтэй. Өчнөөн олон хүмүүс энд амьдралаа залгуулж байна гэж ярьдаг. Гэтэл бид ч бас адилхал амьдарч байна. Хэрэв нүүлгэчихвэл энэ олон машины урсгал, түгжрэл дагаад арилах байх гэж боддог.

“Да хүрээ” хотхоны  СӨХ-ийн захирал Д.Даваасүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-‘Да хүрээ’ захыг нүүлгэхгүй бол иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учирч байна гэж их ярих боллоо. Бодит байдал дээр ямар байна вэ?

-Бид өнөөдөр гэр хорооллын утаанаас гадна, авто машины хорт хийгээр  амьсгалдаг. Энэ захыг дагасан маш олон асуудлууд байдаг. Манай байр 2012 онд ашиглалтад орсон. Тэр үед  “Да хүрээ” захыг  нүүлгэнэ, ойр орчмоор дахин төлөвлөлтөд орно гэж ярьсаар ирсэн. Сонгууль дөхөхтэй зэрэгцээд нүүлгэнэ гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсон зүйл байхгүй. Энүүгээр чинь бурхан байгуулчих юм шиг нэг л их ярьсан хүмүүс л байдаг. Байрны зогсоолд машин тавих зай байдаггүй. Өвөл асар их утаатай. Өглөө ирээд бүх хүмүүс машинаа асаана. Айхавтар бохирдолтой, зунд нь тоосжилт ихтэй. Орчны хувьд хүн амьдрах шаардлага хангахгүй л дээ.

-Тус захыг нүүлгэхтэй хэр санал нийлж байна вэ?

-Манай байранд 100 орчим айл өрхийн 500 гаруй хүмүүс амьдарч байна. Да хүрээ зах байгаа учраас энэ хавийнхан төвийн дэд бүтэцтэй холбогдож чадахгүй байна. Бохирын төвлөрсөн шугамтай холбогдож чадахгүй байгаа гэсэн үг л дээ.  Энүүхэн энд амгалан станц ашиглалтад ороод гурван жил боллоо. Гэтэл энэ нэг километр гаран газарт дулааны шугам тавьж чадахгүй байна. Тэгээд  өөрсдөө уурын зуух галлаад утаа нэмээд амьдарч байна. Ийм байдалтай байгаа юм.

Манай захыг үзэн ядсан  хүмүүс байна

Харин ‘Да хүрээ’ захын наймаачин Л.Бурмаа “Хүн амьдрах нөхцөл байхгүй шүү дээ. Хотын дарга хаа байсан хол газар зах барьчхаад нүүлгэнэ гээд яриад байх юм. Энд би өдгөө 10 гаруй жил ажиллаж байна. Эрүүл мэндэд хортой, нөлөөлсөн зүйл байхгүй  санагддаг. Энэ хавийн айл өрхүүдэд манай зах ямар гай болсон юм. Энэ хавиар  тэр чигээрээ  сэлбэг зардаг хүмүүс амьдардаг гэж сонссон. Бид нар хотын зах руу нүүхийг эсэргүүцэж байгаа. Тэнд чинь дэд бүтэц хөгжөөгүй шүү дээ’ гэв. 

‘Да хүрээ’ захаас болж тэр хавийн хүүхдүүдийн уушиг цоорч байгаа тухай иргэд ярьж байна. Харин наймаачид нь нүүх сонирхолгүй байгаагаа ярьж байна. Ямар ч байсан хотын дарга нар, манай, танай гэлтгүй гаргасан төрийн бодлого дээрээ тууштай зогсч ‘Да хүрээ’ захыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

 

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж