Бразилын нэгэн шоронгоос хоригдлууд оргох гэж байгаад 20 гаруй нь амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Бразилын Пара мужийн нийслэл Белем хотын ойролцоох Санта Изабел шоронд орон нутгийн цагаар өчигдөр 13:00 цагийн орчим гарсан байна. Зэвсэглэсэн этгээдүүд шоронгоос хоригдлуудыг суллахаар шорон руу дайрах үед шоронгийн хамгаалагч нар гал нээж, 20 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн 19 нь тус шоронд хоригдож байсан хоригдол, бас тэднийг суллах гэж байсан зэвсэгт этгээдүүд болохыг тогтоосон байна. Халдлагын үеэр шоронгийн нэг хуяг мөн амиа алдаж, дөрөв нь шархаджээ. Шархадсан нэг хуягийн биеийн байдал тун ноцтой байгаа гэнэ.
Пара мужийн Нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын хэрэг эрхлэх газраас мэдээлснээр шоронгийн хоригдлууд зургаан хуягийг барьцаалж, шоронд бослого гаргаснаар энэ хэрэг эхэлсэн байна. Энэ үеэр хоригдлуудын хамсаатнууд шорон руу зэвсэглэн халдсан ажээ.
Эх сурвалж: Xinhuanet.com