Питтсбург Пингвинс – Филадельфиа Флайерс

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Питтсбург Пингвинс – Филадельфиа Флайерс

Питтсбург Пингвинс – Филадельфиа Флайерс

1967 оноос эхлэлтэй хоёр багийн ривал тоглолт плэй-оффын эхний шатанд учраа таарлаа. Хоёр баг хамгийн сүүлд 2011-2012 оны плэй-оффын эхний шатанд шалгарахад Филадельфиа Флайерс 4-2 харьцаатай цувралыг тэргүүлж 2-р шатанд шалгарч байсан. Түүнээс хойш 6 жилийн дараа дахин плэй-оффын 1-р шатанд шалгарч байна. Гэхдээ энэ удаа Питтсбург Пингвинс баг арай илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Сүүлийн хоёр улирлын аварга Питтсбург Пингвинс баг улирлын 82 тоглолтоос 47 хожил авч 100 оноотой бүсийнхээ 5-р, дивизиондоо 2-р плэй-оффт шалгарсан. Харин тэдний өрсөлдөгч Филадельфиа Флайерс баг 42 хожил байгуулж 98 оноотой дивизионы 3-р плэй-оффт шалгарсан. Хоёр баг энэ улиралд 4 удаа тоглоход бүх тоглолтонд Питтсбург Пингвинс баг ялалт байгуулсан.

Питтсбург Пингвинс баг 12 дахь улиралдаа плэй-оффт шалгарч байгаа бөгөөд сүүлийн 2 улирал стэнлийн цомыг хүртээд байгаа. Энэ улиралд Питтсбург Пингвинс багийн лидерүүд ажлаа онцсайн гүйцэтгэж байгаа. Е.Малкин 42 гоолоор багаа тэргүүлж байгаа бол С.Кросби 60 гоолын дамжуулалт өгсөн. Мөн Ф.Кессель, К.Летанг, П.Хёрнквист, Б.Раст болон өнгөрсөн улирлын нээлт болсон Ж.Генцел нарын залуус улирлын турш жигд сайн тоглосон. Питтсбург Пингвинс багийн хувьд 6 жилийн өмнөх плэй-оффын хариугаа авах нь эхний зорилго байх болов уу? Энэ цувралыг шийдэх гол тоглогчид бол мэдээж багийн топ довтолгоо болох Е.Малкин, С.Кросби, Ф.Кессель нар байх болно. Филадельфи багийн хамгаалагчдын хувьд туршлага өндөртэй, ур чадвартай эдгээр довтлогчдийг зогсоох нь амаргүй байна. Ялангуяа Ф.Кесселийн гэнэтийн хүчтэй цохилтууд аюул тарих нь дамжиггүй.

1970-аад оны дунд үеийн Б.Кларкын тоглож байсан хүчирхэг Филадельфиа Флайерс баг сүүлийн жилүүдэд тогтмол плэй-оффт шалгарч чадахгүй байгаа. Ялангуяа 2012 оноос хойш жил өнжиж плэй-оффт шалгарч байгаа бөгөөд өнгөрсөн улирал плэй-оффын гадна үлдээд байсан бол энэ улиралд плэй-оффт эргэн ирлээ. Плэй-оффт эргэн ирэхэд багийн ахлагч К.Жиру гол ачааг үүрсэн. 30 настай Канад довтлогч К.Жиру энэ улиралд үнэхээр гайхалтай байж 34 гоол, 68 гоолын дамжуулалт өгч 102 оноо авснаар карьерынхаа дээд амжилтыг үзүүлж багийн лидерийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Ялангуяа К.Жиру болон Ш.Кутюрье нарын хослол тун аюултай довтолгооны хослол болоод байгаа. Улирлын турш шилдэг довтолгооны хослолыг үүсгээд байгаа Филадельфиа Флайерс багийн довтолгоо Питтсбург Пингвинс багийн хамгаалалтыг нурааж чадахгүй гэж хэлж болохгүй. Хэдийгээр бодит байдал Питтсбург Пингвинс багийн талд байж болох ч боломжгүй зүйл гэж байхгүй юм.

Таамаг: 5 тоглолтонд Питтсбург Пингвинс баг дараагийн шатанд шалгарна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж