Өрнөд бүсийн төвийн дивизионы 2 болон 3-р гарсан багуудын тоглолт. Миннесота Уайлд болон Виннипег Жетс багууд бол NHL-д харьцангуй залуу багууд бөгөөд газарзүйн хувьд тун ойрхон. Ийм хоёр баг анх удаагаа плэй-оффт учраа таарч байна. Канадын төлөөлөл Виннипег Жетс баг бүсдээ 114 оноотой Нэшвилл Предаторс багийн дараа дэд байранд шалгарсан тул плэй-оффын эхний 2 тоглолтыг өөрсдийн талбайдаа хийнэ. Өнгөрч буй улиралд хоёр баг 4 удаа тоглоход Виннипег Жетс баг 3 удаа ялалт байгуулсан. Виннипег Жетс баг талбайдаа 2, зочлон тоглохдоо 1 хожиж 1 хожигдсон.
Улирлын хоорондын тоглолтын үр дүнг харвал Виннипег Жетс баг илүү байна. Виннипег Жетс багийн хувьд багийнхаа түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр амжилттай улирлыг үдээд байна. Тэд улирлын 82 тоглолтонд 52 ялалт байгуулж 114 оноо авсан. Энэ амжилт нь багийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм. Энэ амжилтыг бүтээхэд багийн ахлагч Б.Уайлер, дэд ахлагч Д.Бафлин, М.Перро нарын туршлагатай тоглогчид, мөн П.Лайне, нээлт болж буй рүүки залуу К.Коннор, Н.Элерс болон М.Шайфли нарын шижигнэсэн, эрч хүчтэй залуусын үүрэг оролцоо их байлаа. Виннипег Жетс багаас Финланд довтлогч П.Лайнег онцлох хэрэгтэй. Тэр өнгөрсөн улиралд 15 тоглолт дараалж оноо авснаар NHL-н түүхэнд энэ амжилтыг үзүүлсэн хамгийн залуу тоглогч болсон. Хэдхэн хоногийн дараа 20 хүрч буй Фин залуу энэ улиралд дэндүү ганган байж 44 гоол оруулж энэ амжилтаараа А.Овечкины дараа орсон. Фин залуу П.Лайне анх удаагаа плэй-оффт тоглох гэж байна. Түүнээс гадна багийн энэ улирлын нээлт болсон 2015 оны драфтын сонголт 21 настай Америк залуу К.Коннор болон 25 настай А.Лаури нарыг онцлож байна. К.Коннорын хувьд өнгөрсөн 2016-2017 оны улирлын хагасыг Америкийн лигт өнгөрүүлсэн бол энэ улиралд бүтэн багтаа хүчин зүтгэсэн. К.Коннор 73 тоглолтонд 30 гоол оруулж 24 дамжуулалт өгсөн. Энэ бол рүүки тоглогчийн хувьд өндөр үзүүлэлт юм. Мөн А.Лаури байна. А.Лаури 2016-2017 оны улиралд тун боломжийн тоглож байсан бол энэ улиралд бэртлийн улмаас улирлын хагасыг талбайн гадна өнгөрүүлсэн. Плэй-оффт эдгээр залуусаас юу ирэх нь сонирхолтой байна.
Харин тэдний өрсөлдөгч Миннесота Уайлд багийн хувьд дасгалжуулагч Б.Будро плэй-оффын тоглолтонд Виннипег Жетс багийг хожиж үзсэн. Тэрээр Анахайм Дакс багийг удирдаж байхдаа 2014-2015 оны улиралд анх удаагаа плэй-оффт шалгараад байсан П.Морисын удирдсан Виннипег Жетс багийг 1-р шатанд буулгаж авч байсан. Мэдээж хэрэг Чикаго Блайкхаукс, Нэшвилл Предаторс, Даллас Старс, Сент-Луис Блюс … зэрэг хүчирхэг багуудын дундаас плэй-оффт шалгарсан Миннесота Уайлд баг тийм ч амархан буугаад өгчихгүй болов уу? Миннесота Уайлд багийг харвал залуучуудаас илүүтэй туршлагатай, ахмад тоглогчид багийн урагшлах гол хөдөлгүүр болж байна. Тухайлбал, Э.Стаал, Р.Сутер болон М.Койву нарын тоглолт багийн амжилтанд чухал үүрэгтэй байсаар байна. Залуу тоглогч Н.Нидеррайтерын хувьд өнгөрч буй улирал тийм ч эерэг сэтгэгдэл үлдээсэнгүй. Тэр NHL дэх хамгийн муу улирлаа үдэж байна. Швейцар залуу Н.Нидеррайтерыг Финланд залуу М.Гранлундтай хамтарч хүчтэй довтолгоог бүрдүүлэх байх гэсэн хүлээлтэнд хүрсэнгүй. Плэй-оффын тоглолт багийн залуучуудаас илүүтэй Э.Стаал, бэртлээс эргэн ирээд буй К.Паризе болон багийн ахлагч М.Койву нарын тоглолтоос шалтгаалах байх. Гэхдээ энэ улиралд форм сайтай байгаа Виннипег Жетс багийг буулгаж авна гэдэг Миннесота Уайлд багийн хувьд амаргүй харагдаж байна.
Таамаг: 6 тоглолтонд Виннипег Жетс хожил байгуулна
Б.БЯМБАБАЯР