Хамгийн сүүлд 2011 ээс 2012 оны улиралд плей-оффт шалгарснаас хойш уналтын байдалтай байсан лигийн баялаг түүхтэй багуудын нэг Филадельфи 76, энэ улиралд амжилтаар цангасан залуу шилдэг тоглогчдынхоо ачаар плей-оффт өрсөлдөхөөр болсон билээ. Лигийн 3-н удаагийн аварга 76 чууд бодлогын хүрээнд 2014 оны драфтын эхний тойргын 3 дахь сонголтоор Канзасийн их сургуулиас 2м13см өндөр Камерун төвийн тоглогч Жоэл Эмбийг сонгон улмаар 10 дахь сонголтоор холбон тоглогч Элфрид Пэйтонг драфтлан авсан ч тун удалгүй 12 дахь сонголтоор Орландо Мэйжикт ирсэн Хорват довтлогч Дарио Шаричаар сольсон нь нүдээ олсон зөв сонголт байсныг цаг хугацаа хожим харуулсан юм. Дээр нь 2016 оны тэргүүн сонголтоор Луйзаннагийн их сургуулийн Австрали плеймэйкер Бэн Симмонсийг драфтаар авсан нь энэ улиралд тэднийг гялалзсан амжилт гаргахын гол үндэс болсон гэхэд буруудахгүй. Улиралын эхлэхээс өмнө гарааны холбон тоглогч энэ жилийн драфтийн тэргүүн Маркелл Фульцийг бэртэлд алдсан ч Руки статустай Бэн Симмонс холбон тоглогчийн байрлалд багаа удирдан, зуны солилцоогоор чөлөөт агентийн хувиар Филид нэгдсэн Жей Жей Редик дутагдаад байсан шидэгчийн байрлалыг нөхөж байгаа бол будагтай талбайд Дарио Шарич, Жоэл Эмбийд нар өөрсдийн давуу тоглолтоо гарган сэлгээнээс Марко Белинелли, Ирсан Иласова нар оноо авснаар хуучны муу уналтанд орсон Филадельфи 76 биш цоо шинэ амжилтаар цангасан залуу Фили болон өөрчлөгдсөн юм. Ялангуяа бүх оддын тоглолтын завсарлагааны дараа хожлын цувралаа эхлүүлсэн тэд өнөөдөр 10 улирал дараалан плей-оффт шалгарсан гэсэн рекордоо зогсоосон Атланта Хауксийн Филипс Аренад зочилон 121-113 аар өрсөлдөгчөө буулган авснаар багийн түүхэн рекордыг тогтоон 15 дараалсан хожлоо байгууллаа. 76 чуудаас Жей Жей Редик 28 оноогоор багаа тэргүүлэн сэлгээнээс тоглосон Ирсан Иласова 26 оноо, Марко Белинелли 20 оноо, тэд хамтдаа нийлээд 3-н онооны шугамын араас 9 удаа шидэлтээ амжилттай болгон багаараа аркнаас 37 шидснээс 17-г цагирагт оруулжээ. Харин багийн гол лидер тоглогч Бэн Симмонс ханиадын улмаас шидэлтийн бэлтгэлд оролцоогүй бөгөөд энэ тоглолтонд 13 оноо, 10-н самбар, 6-н оновчтой дамжуулалт гэсэн статистик үзүүлэлтийг толилуулсан ч баг нь хожижээ. Ингэснээр Филадельфи 76 баг 51 хожил 30 хожигдол гэсэн үзүүлэлттэй Дорнод бүсийн 3-р байрт бичигдэж байгаа юм. Тэд улирлын сүүлийн тоглолтоо энэ улиралд 2хожиж 1 хожигдож байсан Милоуки Баксийн талбайд зочилох ба тэд хоживол бүсийн байрлалаа баталгаажуулж плей-оффт талбайн давуу талтай болж, Бакстай өрсөлдөх билээ.
Ю.ЧИНБАЯР