Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Уйтан дорнын талст

Уйтан дорнын талст

Саяхан хэвлэлтээс гарсан Б.Золбаяр, Э.Энэрэл нарын “Ертөнц энд” номоос толилуулж байна.


ЭНЭТХЭГ

Улирагч сарын сүүлчийн өдрийн их үдэд өмнөд Энэтхэгийн Ченнайд хөл тавилаа. Энэ хот саяхныг болтол, ерэн зургаан он хүртэл Мадрас хэмээх нэртэй байсан ажгуу. Монголчуудад энэхүү Мадрас нь илүү дотно, ойр санагддаг бололтой юм.

Бээжин, Бангкок хотоор буухиалан, багагүй цаг туулж аяншсаны тул зорьж очсон шинэ газрын бүгчим халуун эхэндээ төдийлөн түвэгтэй санагдсангүй. Тэрүүхэн зуурт усархаг бороо хаялж, тун ч таатай гэмээр угтлаа. Гүн ногоон модод саглайлдаж, чийглэг амьсгал бүрхсэн мөнөөх ахуй намрын урь зарласан сэрүүхэн Монголоосоо очсон бидэнд дахин нэгэн шинэ зун цагийг санагдуулав аа. Энэхүү бидэнд бол нэн шинэ, эндхийнхэнд бол мөнхийн зун жам ёсоороо налайж байлаа. Энэтхэг газар эхэлж мөр гаргасных, ирсэн газрынхаа уугуулуудын хөлийг ажиглаатахав.  Тэд маань ихэнхдээ хөл нүцгэн. Хөлийн нь хурууд арван зүгтээ сацран хэвшигнэжээ. Бид бол угаас эхээс төрүүтээ бойтог гуталд бэмбийлүүлээд авдаг болохоор хөлийн минь тавхайн хэлбэр шөмбөн, хуруунууд нь нийлмэл чиг шугамтай болдог байна. Харин энэ Энэтхэгт бол гутлын хэрэг үнэндээ үгүй тул, төрснөөсөө эхлээд ийнхүү хөлийн нь хэв алдагдан арвайж, сарвайсан юм болчихдог нь тоогүй гэмээр. Тэгээд би өмнөд Энэтхэгийн тамильчуудынхаа нүд рүү харсан юм. Тэдний тунарсан хар иүд үргэлж дандаа биш байгаа даа, ийм төрх нь гэмээр, юунаас үүдсэн нь эс мэдэгдэх нэгэн тийм айдастай. Тэр айдас ч гэмээр, түгшүүр ч гэмээр юм уу, гунилант хөшиг бүхий нүдийг эргэн тойрны бүхий л тамильчуудаас олж үзнэм ээ. Тэгээд алгуурхнаар мөнөөх гунигт будангуй нүднээс өөрийн харцыг жишүү тусгахаас аргагүй байдалд хүрч орхино. Тэгэхээр тэр нүдэнд уншигч авгай та бас, татагдахаар бус гэдгийг мэдрэх болов уу. Энэтхэгийг энэтхэг хүнээс өөрөөр яахин төсөөлнө. Тиймийн тул   би дахиад л өмнөд Энэтхэгийн тамильчуудынхаа өнгө зүсийг тоочин хэлбэл зүй биз ээ. Тамиль хүний өнгийг манай аяллын багийн гишүүн Д.Цэрэндаваа хуйхалсан хар хонины арьстай зүйрлэж адилтгав. Тэгэхдээ бүр толийтол, тос даасантай нь адилхан гэж тодотгож байгаа юм. Жаахан бүдүүлэгдүү зүйрлэл боловч, бас ч дөхүү хэлээтэхжээ. Нээрээ, тэдний маань туниагүй гэмээр, ихэнхдээ чөргөр хар биеийн нь хөлөрмөл байдлыг харжээ байхад нээрээ ч тийм юм уу даа гэж бодогдмоор.

Ертөнцийн нар  тэднийг  төрсөн  цагаас  нь хойш зугуу зугуухнаар “шаран ээсээр”  үргэлж  мөнх үргэлжлэх тул арга ч үгүй юм болов уу даа,     тэр арьсанд гэрэл гэгээ, цайвар цагаан байхын үндэс алга. Тэдэнд бидэнд заяасан шиг намрын ухаа салхи, өвлийн дун амьсгал, хаврын урьхан шиврээ, зуны алтан агаар үгүй агаад байгалиас “Гoo сайхнаа бүтээ” хэмээн илгээсэн ганцхан түрхлэг нь энэхүү хав халуун, хатуу нударгатай наран буюу. Далдуу болоод дал модод үнэндээ хаа сайгүй. Сэглийлдэж, саглайгаад баахан том ногоон царцаа базаж базаж байгаад шидчихсэн юм шиг харагдана. Үнэр анхилам ногоохон бут сөөг Ченнайн гудамжнаа энд тэндгүй атал тэдгээр номин өнгөт ургамлынхаас өөр нэгэн өвөрмөц хүхэрлэг үнэр хан ханхийнэ. Энэ үнэр болбоос энэтхэг анд нөхдийн минь таних тэмдэг билээ. Бүгчим халуунд идэж уудаг хоол нь, нэвчин бурзайх хөлс нь тийм нэгэн үнэрийг буй болгоод Энэтхэгт очсон хэнд болов мартагдахгүйгээр бодолд нь уугина. Хонины мах идсэн нэгнээсээ монгол хүн үнэр ялгахгүй шиг энэтхэг хүн энэтхэг хүнээсээ тэр нэгэн үнэрийг яавч ялган самсаа шантайн таагүйрхэхгүй төлөвтэй.

Ийнхүү өмнөд Энэтхэгийн Тамиль тойрогт үзэх нүд, үнэрлэх эрхтний ялгаа юуг зааглан нэвтэрсэн манай нөхөд бол Дэлхийн яруу найрагчдын их хуралд төлөөлөгчдөөр морилсон хүмүүс бөгөөд Савериа нэртэй тавлагхан буудалд наймдугаар сарын сүүлчийн өдрийн үдэш морилов. Тус буудалд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гурван зуу орчим найрагч бужигналдаж, өрөө саваа аван, тэнд нэг хэсэг нь тэврэлдэж, энд зарим нь үнсэлдээд ер бусын хөхиүн байлаа. Монголын зочид өрөө, өрөөндөө төвхнөөд үдшийн зоогноо орж явчихлаа. Тэрхүү зоогийн том мухлагнаа шарсан тахиан мах, будаа, лооль, лийр, өөр бусад баахан шөл, амттан тэргүүтнийг өрснөөс тааваараа хүртээд, Ж.Гэндэндарам гуайнхаа өрөөнд орлоо. Гадаа мэнэрсэн халуун уухичиж, тэрхүү халууны дундуур халууцсан хар хүмүүс зайгүй нааш цааш сүлжиж, хав харанхуй тэнгэр нүдгүй лагшраад, цухал хүрмээр дорно зүгийн үдэш Бенгалын булангаас яг баруунхантай ниргилж байгаа нь энэ.

Манай Ж.Гэндэндарам гуай бол Энэтхэгийн суугуул шахуу болж амьдралынхаа нэгэн хэсгийг өнгөрөөсөн хүн юм. Тэрээр энэ орноо тавиад оны үед оюутан, дараа нь далаас наяад оны сүүлчийг хүртэл шахуу дипломат албанаа ажиллаж, Энэтхэгийн ийм уйтан үдшүүдэд оюуны болон халууны дэвүүрийг зэрэг сэвэн чилээсэн хүмүүн билээ. Цахилгаан сэрүүцүүлүүртэй өрөөнөө цээж нүцгэн голдуу суусан бидэнд мань эрийн яриа сонин хачин. Тэрбээр Махатма Гандиг ер бусын гайхамшигт хүн болох тухай түлхүүхэн ярилаа. Өнгөрсөн зууны энэ содон хүний ард түмэндээ хайрлагдан үлдсэн гайхам гавьяа нь үнэн амьдрал, шударга энгийний жишиг байжээ. Бидний сайн мэдэх дэлдэн чихтэй, нүдний шилтэй тэр хэрзгэр өвгөн болбоос жирийн энэтхэг хүн ямар амьдралаар амьдарч байна, тэр миний амьдрал. Жирийн энэтхэг хүн юу өмсч, ямар хоол идэж байна, тэр миний сонголт гэдэг зарчмаар амьдралаа хөтөлсөн байна. Тэгээд далайн хөвөөн дэх тариачны сүрлэн овоохойд эелдэг зочин болж унтаад, дал модны самрын доторхийг шимж идээд, алган дээрээсээ гурван хуруугаараа будаагаа иддэг энэтхэг энгийн заншлыг сахисаар буудуулан хөнөөгдтөлөө амьдарсан байна. Тэр ард түмнийхээ зүрх сэтгэлд тийм энгийнээр дасан хүрч, тэгээд мөнхийн бахархан өргөмжлөх суут удирдагч нь болсон түүхтэй аж. Тэр өөрийнхөө амьдралын дурдатгалыг гайхамшигтай үнэнээр бичсэн хэмээн Г.Мэнд-Ооёо ахын ярьсан санагдана. Махатма Ганди тэрхүү үнэнг сударласан дурдатгалдаа “Миний үндсэн дутагдлуудын нэг бол хуял тачаал байсан юм” гэж өгүүлсэн байдаг аж. Тэгээд тэрийгээ хэнээс ч нуулгүйгээр нэгэн ийм явдлаар тайлбарлан бичжээ. Тэрээр өвчтэй эцгээ сахин асарч байж. Залуу хангал байж л дээ, хүсэл тачаалаа номхотгон дарахаас аргагүйгээр яагаад ч юм өдөөгджээ.

Тэгээд гэрийн зүг одож, эхнэрийн хамт өөрийгөө тайтгаруулан жаргааж байх яг тэр цаг хоромноо эцэг минь амьсгал хурааж байсан юм хэмээн барим тавим бичиж хүн төрөлхтөнд үлдээснийг бид ийн мэдэж байна.

Хүн гэдэг амьтан бол өөрийн амьдралын үнэнг магадгүй хэзээ ч үнэнээр бичихгүй байж мэдэх. Тэгвэл Энэтхэгийн эцэг Махатма Гандигийн энэ жишээ үнэний эрх чөлөөнд хэрхэн хүндэтгэлтэй хандсан, тэр хэрээр өөрөө өөрөөсөө нүүрээ нуугч хүний ертөнцийнхнийг өөрийгөө үнэнээр нь танихыг номлосон дурдатгалын зурвас юм уу даа. Энэтхэг эдүгээ хүн амаараа Хятадын дараа орж байна. Нэгэнт тэрбум давж одсон. Хүн бол нэг талаас хүсэл тачаалын бүтээгдэхүүн. Их Энэтхэг орон, их хүсэл сэтгэлийн орон. Их хүсэл сэтгэл бол их эрч хүч. Их давалгаа буюу. Энэтхэгийн бас нэгэн их удирдагч Индра Гандигийн хүү Үндэсний Конгресс намын Залуучуудын байгууллагын дарга Санжа Гандигийн хүн амын бодлогодоо хийсэн нэгэн үйл хэрэг сонин ажээ. Энэ орон өмнөх зуунд дээрх залуу удирдагчийн санаачлагаар эрчүүдээ хөнгөлж нэг үзсэн байгаа юм. Гэхдээ тэр нь шууд суга татчихдаггүй, одоогийнхоор бол үрийн сувгийг нь боохтой адил мэс ажилбарын арга байсан юм уу даа. Хүнээ засуулах их хөдөлгөөн өрнөж, урамшууллын үйл ажиллагаа хүртэл бий болж байсан нь инээд хүрмээр ч юм шиг. Сайн дураараа хөнгөлүүлсэн хүнд засгаас хоёр жин будаа, юухан хээхэн шагнадаг байж. Таван эр авчирч “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан” болгуулсан хүнд бүр унадаг дугуй урамшуулал болгодог байсан байна. Арван эр авчраад агтлуулахад хоёр дугуй гэх жишээний, золиг ч бол доо. Манай Ж.Гэндэндарам гуайг Энэтхэг дэх Монголын Элчинд ажиллаж байхад тэнд албатай хоёр борог нөхөр байжээ. Гэтэл тэр хоёр нь нэг өдөр “Засуулчихлаа” гээд жаахан жуухан юм барьчихсан ирж байсан нь санаанаас нь гардаггүй гэнэ. Яаж ч санаанаас гарах вэ дээ, эр хүн эр хүндээ тийм хэцүү мэдээ дуулгаад ирж байхад. Амьдралд тийм зүйл тэр бүр тохиолдохгүй л болов уу. Гэвч ийнхүү зрчүүднйг олноор нь хоморголон, урамшуулал төдийхнөөр догдлуулан хөнгөлөх үйл ажиллагаа тэгсгээд зогссон байна. Халуун газрын зовлон доо, өнөө олон мэс ажилбар хийлгэсэн эрсийн шарх хувилж, цөөнгүй нь үхэж үрэгдсэн тул тийнхүү Санжа Гандигийн түр ажилбарыг хаахад хүргэж, Конгресс нам баахан нэр хүндгүйдсэн гэдэг.

Энэ мэтийг хүүрнэлдэн суусаар Ченнайн шөнийг дундалсан тул өөр өөрсдийн өрөөнд орж унтахаар явлаа. Гараад өрөөнийхөө зүг алхаж явтал нэгэн залуу хөвгүүн би учиргүй ширвэж хүйтэн харсан мэт айсан байдалтай намайг хялан хялан харснаа харц бурууллаа. Би түүнд хандан эелдэгээр “Сайхан амраарай” гэж хэлсэн боловч тэр сонссон үгүйгээ мэдэгдэлгүй, эв эгц хоёр шооргор хөлөө залхуутайяа зөөсөөр цаашаа явж оддоо. Тэр бодвол Шуутра биз ээ. Энэтхэг бол Кастын систем гэгчээрээ хүнээ дөрөв ангилсан ард түмэн. Браахман буюу ном эрдмийн, Кшатра буюу цэргийн эрдмийн, Вайшия буюу худалдаа, аж ахуйн, Шуутра буюу дээрх гурвын зарц гэж хуваадаг байна. Браахманы хүү браахман, Кшатрын ач кшатра, Вайшиягийн гуч Вайшия, Шуутрагийн гучинцар щуутра байх ёстой гэсэн мөнхийн үргэлжлэлд тогтдог байна. Би Энэтхэгт ирсэн анхны шөнө ийнхүү унтахаар хэвтэхдээ тэрхүү Шуутра хөвгүүнийг өрөвдөж байлаа. Тэр уг нь өөрийн хүсэл мөрөөдөлтэй л байх. Гэхдээ тэр хүсэл мөрөөдөл нь мөнхийн нэгэн буулган дор өнгөрнө гэдэг юутай харамсалтай. Тэр хэдий аугаа их эрдмийн чадамжит оюун ухаантан байхыг үгүйсгэхгүй авч, цэвэрлэгчийн алчуурт гараа эвэршүүлэн насыг гэтэлнэ гэдэг гачлантай. Оюун ухаан өөрөөсөө хамааралгүйгээр хүчин мөхөсдөхийн жишээ энэ мөөн. Ийм зүйл Энэтхэгт байна. Тийн бодож хэвттэл унтчихжээ.

Өглөө босоход битүү цонхны цаанаас Ченнайн гудамжнаа шинэ өдрийн амьдрал хэдийнэ эхлээд бөглүүдүү атлаа хүнд нүргээнт чимээ дуурсан байлаа.

Энэ нүргэлэх дуу чимээ хүнд араагаар яваад байгаа юм шиг машин болон бусад техникийн, ялангуяа гудмаар нь нэг байх гурван дугуйтай бэсрэг шар машины дуу дохио, тэгээд түүнийг жолоодогч хийгээд үйлчлүүлэгчдийн тамиль үг ярианы аялга авианы түг түмэн өнгө холилдоон болох нь мэдрэгдэнэ. Тийн бодоод хөшиг нээхүй өмнөөс халуун туяа ээвэсхийж, мөнөөх сэтгэлд зурагласан төрх нүднээ бараантаж нэг, улааран шаргалтаж нэг, тугалган загал өнгөөр нэг тодорч харагдмуй. Энэтхэг хүн бараан царайтай, тэгээд ч тэр юм уу машин унааны нь өнгө мөн тэгж хэлбийсэн нь бараантана. Улаан шаргалдуу өнгөтэй нарийн ширхэгтэй биш байхаар сари болон цамцыг өмссөн нь улаарч шаргалтана. Бүсгүйчүүдийн нь бугуйнаас тохойгоо хүртэл цагираглуулсан алтан бугуйвч чимэг нь мөнөөх шаргалтан улаарагч байдлыг үе үе сондорлон гялбалзаж шигтгээ болмуй. Хоёр дугуйт мотортыг зоргоор нэг унацгаах агаад, хүүхнүүд нь жолоодогчийн ард мордож бус хоёр хөлөө нэг тийш буулган жондойтол суусан нь үзэгдэнэ. Тийн жондойн суусан махлаг хүүхнүүдийн сарины нь ухлаадсаар хөрслөг хөх хар сүвээ зурваслах нь гэгээгүй. Төдийлөн сэтгэл эс татам сүвээгээ тийнхүү сэрүүцүүлж ч юм уу, гандааж явах бүсгүйчүүд бол харьцангуй намба сууж, эр нөхөрт гарсан нь юм болов уу гэмээр ажиглагдана. Ийм нэг ая дан бүхий өглөө Дэлхийн яруу найрагчдын ХХVII их хурал эхэлсэн юм.

Хурлын нээлтэд тамиль нутгийн хүү, Энэтхэгийн Ерөнхийлөгчийн албанаас буугаад тун удаагүй байгаа эрхэм Абдул Калам оролцов. Уг хурлыг үндэслэгч дөрвөөс үлдээд байгаа хоёрын нэг ерэн хэдтэй тамиль өвгөн Кришна Сринавас гуай бас хүндэт суудалд заларсан байв. Энэ удаагийн хурлын ерөнхийлөгчөөр басхүү энэ Ченнайн уугуул, ноён Жастис Мохан гуай ажиллаж байгаа юм. Шүлэг найрагт бие сэтгэлээ зориулсан энэ буурал бол нэр алдартай шүүгч явсан хүн. Ченнайг Мадрас байхад нэг биш удаа энэхүү хүндтэй хурал болж байсан нь Мохан гуайн нэр нөлөөний түншүүр болно. Мохан гуай энэ удаагийн их хурлын уриаг “Яруу найргаар хүмүүний сэтгэлийг ариусгахуй” хэмээн тунхагласан юм.

Яруу найраг бол гэгээрэхүйн нэгэн торгон зам бөлгөө. Үгийн шид, утгын тарниар дамжин ертөнцийг таних, ажиглах, нээх гэгч гагцхүү яруу найргийн үүрэг, жигүүр санагдана. Яруу сайхны цэнгэл эдэлж, түүгээр санаж сэрэхүйн тархины түмэн утас чавхдасыг товшуурдах бол ариусахуйн мөн чанар болой. Хуралд суугч яруу найрагчид ихэнхдээ өөр өөрийн нутаг орны аяс агуулгыг хадгалсан хувцас өмсчээ. Монгол нь монгол, энэтхэг нь энэтхэг, мексик нь мексик, испани нь испани, америк нь америк гэж шууд танигдам донж маягийг бий болгосон нь их л өвөрмөц. Энэхүү хурлыг голлон зохион байгуулагчдын нэг нь Тайванийн нэрт найрагч Юй Си байлаа. Тэрбээр хөгжмийн зохиолч, уран зураач бөгөөд Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёогийн шадар анд билээ. Энэхүү хуралд морилогсдоос Юй Сигийн цараа зангараг ихээхэн анхаарал татав. Тэр өөрийн зөвхөн орчуулгын багтаа хорь орчим хүн дагуулан иржээ. Г.Мэнд-Ооёотойгоо ярьж хөөрөхийн тулд Саруул хэмээх монгол охин дагуулж ирсэн байх жишээтэй. Тэгээд англи, хинди, франц, герман хэлний гээд бүгд үс зүс ижил шахуу залуухан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлэн явах шидтэй гэмээр эр. Түүний гайхамшигтай нь зөвхөн яруу сайхны төлөө төрсөн мэт. Зохиосон шүлэг, дуу нь тэр дороо л хүмүүсийн сэтгэлд хүрч, эзлэх зайгаа олдог байна.

Өөрийн авьяас чадал, оюуны бүтээлээ л чухам зүй ёсоор нь мөнгө хөрөнгө болгож, өөрийн замаар, өөрийн хурдаар нисч явдаг нь энэ буюу. Тэр бас дэлхийн хүмүүсийг гэгээрүүлэх, яруу сайханд шимтүүлэхийг мөрөөдөн хүсч явдаг нэгэн юм. Хурлын нэгэн хөтөлбөр нь өөр өөрийн хэл дээр шүлгээ унших, нэгэндээ сонсгох байлаа. Бангладеш, унгар, америк, полын, монгол, мексик, испани, франц, хинди, тамиль, хятад, солонгос маш олон хэлээр яруу найраг сонслоо. Хэл болгоныг яаж мэдэх билээ. Гэхдээ яг юу гэж байгаа нь эс мэдэгдэвч тэрхүү олон хэлийн цоморлигт шүлгэн уншлагын ахуй хүрээ үнэхээр бас нэгэн өвөрмөц мэдрэмж үүсгэхийг илэрхийлэлтэй.  Зөөлөн гол мөрний урсгал мэт аядуу намуун, зөн бодол, уярал хайрын гэгээн, хатуу ширүүн, хэцүүг даван тэмүүлсэн бадрангуй, хар цагааныг зааглаж бодлогоширсон гүн гүнзгийг санагдуулах нь эгшиг авианы хэрэг ээ.

Утга хөг ийнхүү шаргисан их цутгалд манай Ц.Бавуудорж, Д.Цэрэндаваа найрагчид өөр өөрсдийн урсгал ундаргаа нэгтгэн шүлгээ уншсаан. Бид энэ үеэр Мохан гуайн ач охин Дэвитэй танилцсан юм. Энэ хонгорхон тамиль охин хорин дөрөвхөн настай, гуниг уйтгарын өчүүхэн ч сэвгүй болор тунгалагхан хар нүд нь хайр хүрэм. Зөөлөн дулаан нэвт шингэсэн гүн бор царай нь илч гэрэл түгээн тэргэлтээд, дунгийн хэлбэрт гоёмсог уруулаа боронзлог өнгөөр ялимгүй илбэн будсан нь үл мэдэг гялтганах талстыг үсчүүлэх нь үзэсгэлэнтэй болоод яруу. Тэр охин хэдий их өндөргүй боловч, уян ялдам биедээ мөн уруулынхаа өнгөт даашинзыг өмсч урсах мэт явах нь нүд сэтгэлд баяслыг хэдийнэ төрүүлээд, хөөрхөн чихэндээ том гархин ээмэг зүүн хээнцэрлэсэн нь сайхныг улам тодотгосон байх буюу. Бид Дэвитэй хамт нэгэн хөгжмийн тоглолтыг үзлээ. Тэнд саксфон, бөмбөр, цоор зэрэг хоёр гуравхан хөгжмийн зэмсгээр энэтхэг аялгууны илэрхийллийн эх сурвалж болсон авиа эгшгийг сонсгох ажээ. Тэр хөгжмөөс гол усны урсах чимээ, толгой дээрээ ваар тавин явах тамиль бүсгүйн үйл хөдлөл, аман хүзүү толгой хоёрын нь заагаар давтсан мэт далбайн цогнойж байдаг аймшигтай могойн биелгээн зэрэг “уншигдаж” буйг Дэви бидэнд хэлж өглөө.

Бавуу найрагч Дэвигээс найз залуутай юу хэмээн асуусан юм. Дэви түүнд “Тийм ээ, бий бий” гэж хариулахаар нь манай хүн “Тэгвэл би зүрхэндээ шархтай буцах нь ээ” хэмээн найрсгаар хошигнон хэллээ. Хариуд нь хөөрхөн Дэви юу гэсэн гээч.  “Тэр тийм ч муу зүйл биш шүү дээ” хэмээн хэлээд хэвлүүхнээр инээвхийлсэн билээ. Орой нь бид том зоог барилаа. Тэр бол Юй Сигийн зохион явуулж буй хүлээн авалт байлаа. Манай Савериагаас зайдуухан буусан нэрийг нь үл мэдэх, их тансаг том буудалдаа ийн үдэш яруу найрагчдаа Юй Си мэхийн мэхийн хүндэтгэлээ. Түүний нэгэн ийм шүлгийн мөр байдгийг уншжээ.

Халуун зуны алтлаг өнгөт наран цэцгэн дээр

Хаа холоос мөнгөлөг эрвээхэй ирж буулаа.

Өнгийн солонго гайхам үзэмжийг тодруулаад

Өндөр тэнгэрийн хэнгэрэг хаа холдоо дуурсавай.

Энэ орой Юй Сигийн хүлээн авалтын зочид халуун зуны алтлаг өнгөт наран цэцэг мэт байв. Би тэднийг эгчмэд мексик хүүхнүүдийг гэж санав. Хаа холоос мөнгөлөг эрвээхэй ирж буусан мэт нь намрын сэрүүн Монголоос очсон монгол найрагчид байв. Хаа холоос ирсэн тэрхүү “мөнгөлөг эрвээхэйнүүд” дээрээ Юй Си эрхэм өөрөө эргэлдэн эргэлдэн байв. Халуун дотно анд Г.Мэнд-Ооёогоо асуун асуун байв аа. Өнгийн солонго гайхам үзэмжийг тодруулах мэт орчныг тэр орой Юй Си найрагчдаараа бүрдүүлээд, өндөр тэнгэрийн хэнгэрэг хаа холдоо дуурсах мэт сайхан үдэш тийнхүү зохионгуйд барилдлаа. Энэ шүлэг бол Мэнд- Ооёо эрхэмд зориулсан түүний сэтгэлийн өргөл юм.  Их сайхан шүлэг. Хүлээн авалтын дараа энэ шүлгийг бийрлэгч тэрхүү эрхэм биднийг өрөөндөө урилаа. Түүний өрөө бол Энэтхэгт тэр түр ирсэн, долоохон хононо гэхэд үнэхээр гайхмаар байлаа. Тамилийн хамгийн гоё буудлын ерөнхийлөгчийн өрөөнд өөрийн бүхий л бүтээлийн чуулгануудыг өрөөд, ойрмогхон бичсэн шүлгүүдээ бийрээр таталгаад бэхийг хатаахаар хананаас хананд хадмалдаад, тэндээс нэгэн бүсгүй ирж цай барьж, эндээс нэгэн бүсгүй ирж хүндэтгэл үзүүлэх тийм гайхамшигт орчныг бүрдүүлэн байх юм. Эгээ л энд үргэлж мөнх амьдардаг юм шиг. Тэр шүлгээ бичээд, ноотоо үзэглээд л дараагийн хүнд шилжүүлдэг байна. Түүнийг нь уран бүтээлийн гайхам шат дамжлага бүхий бүхэл бүтэн багууд гар дамжуулан бэлтгэж, хэвлүүлж зах зээл болоод оюунт хүмүүсийн хэрэгцээнд гаргадаг байна. Тайваньд тэрбээр хэд хэдэн том эдлэнтэй агаад зөвхөн бичихээс өөрийг эс хийн зуун найман хоног ажилладаг урлан нь далайн хөвөөнөө нэгэн арал дээр оршдог байна. Эрхэм уншигч авгай та Энэтхэгт ирээд яагаад сэдэв хальтрав хэмээн бүү зэмлээрэй. Энэтхэгт ирсний тул энэ цагийн том уран бүтээлч, утга уянга, гэгээн яруу сайхныг бий болгож, түүнийхээ үрээр ингэж халгиж, цалгиж явдгийг харав биш үү гэж бодогдоно. Ийнхүү Юй Ситэй үдшийг өнгөрүүлж, эрхэмсэг агаад цөөн үгийг солилцоод буудлынхаа зүг явцгаалаа.

Хурал хуй болоод тамиль гудамж, тамиль хүн, тамиль тал, тамиль бут сөөгийн мөн чанарт төдийлөн барим тавим биш хүрээд, маргаашнаас “Явж өгнө дөө” гэж дотроо хэлж явахдаа Юй Сигийн өөртөө бүтээсэн хүчирхэг ертөнцийг эрхгүй бахархаж явлаа. Оюуны бүтээлээ үнэлүүлж, ард түмнээ гэгээрүүлж, цэлмээж, яруу сайханг амтлуулсныхаа төлөө ийнхүү ертөнцийг алгандаа багтааж явах шиг сайхнаас өөр сайхан гэж ер юу байна гэсэн шиг бодолд эзэмдүүлсээр Савериадаа ирлээ. Маргааш бид аялалд Ченнайгаас гаран явах юм. Бенгалын буланг хөвөөлдөн шаггүй урт зам, сайхан аялал хүлээж байгаа гэж итгэнэ.

Бавуу найрагч Дэвид зориулан сайхан шүлэг бичнэ гэж ярьж байгаад төдхөн унтаад өглөө. Тэр бичих шүлгийг нь би өөрийнхөөрөө зөгнөн “харж” хэвтлээ. Монгол гэж сэрүүн хангай бий. Танай Ченнайнх шиг халуун биш. Чиний байгаа энэ дув дулаахан ахуйд ирснээс хойш, чамайг би хэзээ нэгэнтээ даарав гэж мэдвэл, өмнөөс тань дагжих мэт болно гэсэн шиг  шүлэг бичих байхдаа гэж бодлоо, өмнөд Энэтхэгийн дув дулаан, хав халуун шөнө. Харин энэ цагт Дэви Бавуугийн “Нэг их том цагаан заан” номыг нь Тамилийнхаа нэгэн цэцэрлэгт уншин сууж байж ч мэдэх юм. Тэр бол том цагаан заантай нутгийн охин мөн билээ.

Өглөө эрт томоо гэгчийн таван автобус хөлөглөсөн манай нүсэр багийнхан Тамилийн хязгаарын хот балгад, хөшөө дурсгал, хүн зонтой танилцахаар гарч өглөө.

Аялна гэдэг бол зам харгуйг мэдрэх явдал. Өмнөд Энэтхэгийн зам бол нэн чигжүү, хөдөлгөөнд оролцогчдын соёл сайн биш. Замын эн хүртэл их нарийхан юм. Зөрөх машинууд бараг шүргэлцээд л туучих. Бүх машин буруу талдаа жолоотой. Зүүн талын толины хэрэг алга, зарим нь эвхчихсэн, зарим нь бүр аваад хаячихсан байна. Орон нутгийн үйлчилгээний автобус унаа нь сэрүүцүүлэх төхөөрөмжгүй бололтой. Хар улаан алагласан том том үхэр машинуудын цонхоор тас хар царайтай хүмүүс, илтэд халуурхаж, нохойгоор бол хэлээ унжуулж, сарлагсан бол уухирдан сааглаж явна уу гэлтэй. Гэхдээ энэтхэг хүн хэзээ ч өөрчлөгдөшгүй тэр халуундаа нэгэнт дасаад тэрхүү хэцүү юм шиг, өмнөөс нь халгамаар ядрангуй төрх нь магадгүй эрч хүч, нөөц боломжийг агуулж байдаг ч уу, энд бойжсон биш яаж мэдлээ. Үзэгдэх төрх, үнэн байдлаас зөрөх нь олонтаа. Хэрэв энэ халуун үнэхээр гамшиг сан бол эд ингэтлээ олуулаа болж хүн төрөлхтний хүрээнд тодоос тод толбоширно гэж үү. Аялна гэдэг бол бодох цаг. Эргэцүүлэх зав зай. Ченнай хотоос хэдийнэ алслан гарсан ч, суурин хотын байдал ер өөрчлөгдсөнгүй. Өөр ямар хот руу, суурин руу орж ирж байгаа нь барагтай мэдэгдэх зүйл алга. Гагцхүү машины цонхоор тасралтгүй нааш цааш зөрөх хүн зон, ногоохон уст цөөрөм, өвдөгцөө намагшсан уснаа зэрэгцэн зогсоцгоогоод тариалалт хийх хүмүүс, сэлмэн далиу эвэртэй хар одос үхрүүд өвсөн толгой шүүрэн гилтэлзэх дүр зураг зогсолтгүй үргэлжилж байлаа. Манай энэ тамильчуудад байна уу, ерээс энэтхэг хүний нийтлэг дутагдал уу, алив юманд жаахан нарийн мэдрэмж муутай шиг. Хоёр цаг яваад очно гэх газраа гурван цаг явчихаад, арай болоогүй байна гээд дэрмэлзэх нь нийтлэг. Ингээд бидний халуу дүүгэсэн үдэд ирж зогссон газар бол Махабалипурам байлаа. Энэ нь Бенгалын булангийн баруун энгэсэгт орших Коромандал эрэгт орших ажгуу.

ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэн авсан газар. Тийн соёлын дурсгал болохын учир нь чулуун урлал, түүний өв дамжин хадгалагдсанд байна. Байгаль дээр байсан чулуун уул толгодыг цүүцдээд байна уу, өрөвтөлдөөд байна уу, ямар ч байсан заан болгож, сүмд хувиргаж, бүхэл бүтэн урлан үүсгээд хотыг туурвичихсан байгаа юм. Тэгээд уг туурвил нь энэ тооллын өмнөх 600-700-гаад оны өмнө урлагдсан гэж байгаа юм даа. Мөн адармаатай цаг тоо шүү. Тэртээ цаг үед ийм юм бүтээгээд, ариглаж гамнан авч ирнэ гэдэг их ухаан л юм даа. Хоёр их тооллыг дамнан болдшин хатаагдсан тэр чулуун хотыг ирт, үзүүрт болгоноор чичивч үл нурж эвдрэхээ. Мөнхийн юм гэж юусан билээ, хэнсэн билээ гэх. Гэхдээ мөнхийн юм гэж үүнийг хэлэлтэй, түүнийг бүтээгч бас мөнхийнд хамаарч байна. Тэр бол хүн юм. Аугаа их бүхний сүүлчийн цэг дээр хүн л зогсмуй. Тэгэхээр аугаа их ард түмэн бол Энэтхэгийн ард түмэн яах аргагүй мөн байгаа биз. Би өөрөөсөө ийнхүү асуугаад, хар аяндаа л бүх эд эсээрээ мэдрэн зөвшөөрч явлаа. Нэг мексик бүсгүй том хүрэн чулуун зааны хошуу руу нясалж, хумсалж үзэж байгаа харагдана. Тэртээ галавын өмнө ч бас хэн нэгэн нь энэ зааныг бүтээчихээд нясалж, алгадаад бахдан зогсч байсан байж мэдэх. Урьд өмнөхгүйгээр одоо үе үгүй, одоо үе үгүйгээр өмнөх үе үгүй. Ертөнцийн үнэн энэ. Тэрхүү чулуун хотын бие эдийг барьж үзвэл хав халуун. Уучлаарай л даа, мэргэн уншигч авгай та, би энд хав халуун хэмээх үгийг цөөнгүй нуршиж буйг. Амьсгалах агаар, хөдлөх тутам энэ халуун үргэлж зуураатай байгаа болохоор давтахаас яалтай. Халуун байна гэж чулуу ч гэсэн гараар дамжуулан ийнхүү хэлж байна шүү дээ. Гэвч халууныг хамгийн их тэвчигч нь чулуу ажээ. Тийм учраас л энэхүү соёлын дурсгал цаг хугацааны үлэмж их мөчлөгийг туулж чадсан байна.

Махабалипурамын чулуун дурсгалуудын урлалын илэрхийлэл нь гоёмсог бунхан, заан, арсланг дүрсэлсэн хээ, тамиль маягийн донжтой суврагуудаас цогцолсон нь зөөлөн нарс зорсон лугаа нарийн чимхлүүр уртай. Эндээс хүний дүрслэх, урлах чадвар ерөөс анх орчлон эхлэхэд л зэрэг өгөгдсөн мэт санагдана. Чулуун дурсгалын газар ийнхүү бодол мэлмий уралдуулан хэсэг азнаад цааш хөдөллөө. Номхон далайг хөвөөлдөөд өмнө зүгийг бариад л яваад байгаа. Нэг уужимхан усан хөндий мэлсхийн гарч иртэл, замгаран ногоорогч мандал дээр нь баахан хонь хөвж явах шиг харагдлаа. Харин энэ “хонь” хэмээн харсан зүйл бол хотон шувуу байлаа. Манай Хар-Ус нуур намар яг өдийд цэнхэрлээд шувуу будраад ер бусын байдаг даа. Тэрхүү цэнхэртэн болорших усанд будран үймэх шувуудын нь дунд энэ л хотон шувуу өмбөж бөмбөж байдаг л.

Дорно Тамилийн гүн ногоон уснаа ийнхүү хотон шувуу үзээд нутгаа саначихлаа. Өмнөд Энэтхэгийн шувуу Гималай давж Монголд очдог гэдэг. Мадрасын тэмдэг бүхий бөгжтэй шувуу Хяргас нуурт очсон нь бий. Тийн үзвэл Хар-Ус нуурт айлчлан очдог хотонгийн садангууд эд мөн биз ээ. Бас чингэж бодвоос энэхүү ногоон усан хөндий, Хяргас, Хар-Ус нуурууд эдгээр хотон шувууны хэвэл нэгт нутаг болох бүлгээ. Энэ нуурууд нэгэн бүүвэйтэйн тул хотонгууд ирж очин хөвнө буюу. Хол ойр, хязгаар алс, өмнө умар, өрнө дорно бүхэн ямар нэгэн сэжмээр холбогдоно. Монголын баруун хязгаарт хотонгийн хошуугаар морины хусуур хийдэг нэг муу зуршил бий. Харин энэ өмнөд Тамильд хотонг хороох ямар нэг шалтгаан байдаг эсийг мэдэхгүй юм. Амгалан тайван хөвж байхуй нь аюулгүйнх болов уу. Гэвч Хар-Ус нуурын гүймэгхэн бидрээнд мөр дарж цорголсон танан гүц адил хөвж байдгаас, Тамиль хязгаарын энэ хотонгууд үнэндээ жаахан гоёмсоггүй харагдлаа.

Эх нутгийн хайрга хүртэл хөвөн мэт санагддаг элэг зүрхний татлагынх биз ээ. Ингэж өмнөд Энэтхэгээс Монголынхоо зураг хээг бодож явахнаа, энэ байдлыг улам лавшруулах гэсэн мэт улаагч, халиугч үнээд тутаргын талбайнаа идээшилж үзэгдлээ. Яг л монгол үхэр, биеийн бүхий л галбир төрхөөрөө. Ер нь Энэтхэгт гурван төрлийн үхэр байна. Замд явж байхад хар загас мэт харагдсан одос, саяын энэ монгол маягийн халиугч улаагч, гурав дахь нэг тийм сүмбэ мэт нүцгэн цагаан үхэр. Ердийн хөсөг, эдэлгээнд энэ цагаан үхрээ их хэрэглэж харагдах юм. Хоёрлосон морь лугаа хосоор нь хөллөөд ачаа бараа зөөн, нааш цааш. Энэ үхэр сэрвээн дээр “зэвтэй”. Тэр нь ботгон тэмээний урд бөх шиг ширээ өндөр. Ямааных адил хойш сэрийн ургасан урт эвэртэй. Эврийн нь үзүүрийг гууль мэт зүйлээр гоёчлон бөгжилсөн нь харагдана. Тамильд үхэр эрх чөлөөтэй нь эрх чөлөөтэй л амьтан байна. Гэхдээ унагаад хүлчихсэн, ногтлоод хөтөлчихсөн, тэргэнд хөллөчихсөнийг харвал бас тийм ч дураар нь дургиулчихдаггүй шиг. Гэхдээ энд анзаарагдсан нэг зүйл бол Энэтхэгт үхрийн мах, архи, тамхинд цээртэй бололтой. Архи ууж, тамхи татсан хүн үзэгдэхгүй бөгөөд, мах идэх тохиолдол бүрт өнөөх л тахианых. Тахианы мах ч олон өдөр идэж болдоггүй, лүдийн хоол байна лээ дээ. Гэвч энд тахиа, будаа хоёр бол хоолны гол орц. Манай аяллынхан хоёр дахь өдрөө Номхон далайг хөвөөлдөн Понтичэрри хот орохоор явж байлаа. Далайн эргийн амьдрал далайн эргийн л амьдрал байдаг байна.

Амьдрал ядуу, анхиагүй бол далайгаа, зах хязгаараа л барааддаг ажгуу. Нэг эмгэн, амь нь хаана байна аа гэмээр атлаа үрчийсэн хар гараараа жараахайны хайрс нудчаад л, үргэлжилсэн өгөр сүрлэн овоохойн дор тув туранхай шалдан хар хүмүүс эр эмгүй нэг юм идсэн болоод л, савх шиг хөлтэй майцарсан нялх хүүхэд унаж, тусаж уйлаад л, сав суулгаа угаамар болон самардаж суух өвөгчүүд. Өмссөн хувцасгүй шахам атлаа сахал нь ноолорсон заваан харчууд углавчаа давхарлаж дэрлэн унтацгаана. Сахал дээр нь ялаа сууж, салтаа цавиа хумьсан юм алга. Үлгээд үлгээд сүү гарамгүй арьсан хөхтэй эхнэрүүд эрийтэл сууцгаачихсан, энгэрт нь чөрдгөр чөрдгөр хар хүүхдүүд гүрвэл шиг зүүлгээстэй. Цаана гүн их далай эрчлэн эрчлэн давалгаална. Тэр давалгаа нэг л өдөр “Ингэж амьдрахаар, бүү амьдар” гэх шиг бөөнөөр нь авч оддог байна. Гэвч дахиад л маргааш нь далайн хөвөөнд мөнөөх амьдрал яг хуучин байснаараа зээглэн эрийж, нүдэнд дасал болоогүй хүнд өтчихсөн мэт язганадаг байна. Хүний хорвоо чадалгүй, арчаагүйгээ ингэж дандаа холтгон зайлуулан хаялж, мөнөөх арчгүйн армид газар хотойгоод ирэхээрээ байгалийн заазаар арчиж орхидог нь үнэн юм. Тамилийн хязгаарт, далайн хөвөөнд хүн байхуйн утга учрыг дахин шинээр эргэцүүлж явлаа. Энэ бөглүү алсын ядуу хүрээнд соёл боловсрол, эгээрч гэгээрэхүйн тухай яриаг огтоос орхиход, зөвхөн гол зогоохын төлөө, өдөр хоногийг өнгөрөөхийн тухай яриа хээнцэрдэх шахуу байна биш үү. Ж.Гэндэндарам гуай ярьж байна.

Тавин жилийн өмнөх энэ амьдрал яг л хэвээрээ шүү гэж. Миний бодлоор таван зуу, таван мянга, таван сая жилийн өмнө ч ийм л байсан биз ээ.  Хойшид хэрхэхийг эс мэднэ. Өөрчлөгдөнө гэхэд бэрхтэй. Ийнхүү оршсоор байх юм болов уу даа. Понтичэрри хотод ирэхэд цэвэрхэн гэж жигтэйхэн. Яагаад ийм цэвэрхэн нь учиртай. Тамилийн энэ бүс нутаг хамгийн анх Францын колонид өртсөн газар. Арваннаймдугаар зууны турш энэ улсын эрхшээлд байжээ. Тэр эрхшээн суугчдын үр хүүхэд эдүгээ Энэтхэгийн парламентад нутгаасаа сонгогдож хүртэл үе дамжин амьдарч байгаа нь сонин. Энэ учрын улмаас цагаан арьстнууд түлхүүхэн суудаг тул тийнхүү цэвэр цэмцгэр байгаа хэрэг ажээ. Бүр европжуу. Бид энд Шри Ауробиндогийн Аашрам хэмээх хүндэт газарт зочлов. Аашрам гэдэг манайхныхаар бол дацан юм уу даа. Энэ Аашрамыг үндэслэгч Шри Аурибиндо хэмээх браахман нь зуун арвантав насалсан хүн бөгөөд Энэтхэгийн домогт зохиолч Р.Таагүрийн удмын хүн ажээ. Бясалгагч, гэгээрэгч хүмүүн байжээ. Энэ хоёр гол шалтгааны улмаас энэ Аашрамд хүмүүс ихэд очдог байна. Дацангийн төвд цэцгэн эрх хэлхэж дээжилсэн гоёмсог мандал байх агаад өвдөглөн сөхөрч хацар духыг хүргэн чив чимээгүйгээр удаан суух хүмүүс нэн сүжигтэй. Тэнд ярьж хэлэхийг хориглох ажээ. Нэгэн зууныг бүхэл бүтэн элээж дахин арван таван жил амьдарнаа гэж. Бодвол их л лут хүн байгаа биз дээ, гэгээрэх, ариусах мөн чанарт хүрснийх болов уу. Чимээгүй амгалан энэ дацангаас гараад ирвэл нэгэн их том зааныг зургар хар хүн хөтлөн гудамжны цаагуур далдрах нь нар жаргах шигийг санагдууллаа. Хэсэг байж байгаад тэртээгээс мөнөөх зааны цурхиран цурхиран уйлах мэт дуугарах нь сонсдвой.

Энэ үдэш түр буудаллах зочид буудалдаа их орой, нилээд алжааж ирлээ. Ер нь л жаахан аяншицгаажээ.

Энэтхэг нутгаар аялна гэдэг бол бас жаахан алжаахын нэр шүү. Чингэвч алжааж, бие сэтгэл чилээсэнявдал санаанд үлдэж, тэр хэрээрээ дурсамжийн тойрогт гэрэлтэнэ гэж санана. Бид энэ үдэш, нөгөө гурван зуу гаруй хүмүүс тань хооллохоор нэгэн өргөн цэцэгт гудамжаар явахдаа бараг анир чимээгүй алхацгааж явлаа. Бүгд нэг тийм бодолшиж, хөлийг үл албадан алхацгаах ажээ. Харин хэзээний л дуу шуу болж явах сэргэлэн нь дэндсэн гэмээр хэдээ мексик ажаа нар хэдийдээ юм, хувцсаа сольчихсон цацагширч, тод сонсголонт үг яриа нь энэ цуваанд “хонх” болж явна. Зохион байгуулагчид биднийг тийнхүү ядрах аядсаныг мэдсэн юм шиг, яг далайн хөвөөнд үдшийн задгай зоогийг бэлтгэжээ. Бенгаль тэнгисийн яг эрэг дээр шүү. Сайхан сэрүүхэн сэвшээ давалгааны түрлэг болгоноор үүсч, энэ газар ирсээр бараг анх удаа шахуу сэвлэг үс, бие бодь сэвэрч тайвшрав. Далайн давалгаа сонсон, зүлгэн дээр хөлбөрөн суугаад, наргил модны толгойн чинээ самрын доторх умдаанг шимэж суулаа. Эх хуурай газрын хөвгүүн би ингэж суух дандаа биш. Манай нутагт, Бумбатын ууланд Өнгийцийн улаан хад хэмээх сайхан газар байх бүлгээ. Тэр хадан дээр өглөө эртээ, нар битүү гарчихаад алгуурхнаар мандах нарны туяа ертөнцийг гийгүүлэх цагт хавь ойрыг нэгжин дурандаж суух шиг сайхан эгшин байдаггүй. Тэртээ доод хүрэн асганаа бүдүүн бурхи тан танхийж, уулын гол догшноор cap сархийн угалзлан садрах судаг, хөндий болгоноос сонсдож, хажууханд хомоол дээр унгатгасан арц таатайяа сэнгэнэж, ер бусын л даа.

Тэнгисийн хөвөөнд тийнхүү наргилын зэрлэг шүүс шимэжээ суухад ингэж бодогддог байна шүү. Шөнийн энэ далайн сэвшээ салхи Өнгийцийн улаан хадны минь агаарыг санагдуулж, хүрэн бурхит асганы болсон тошлогын исгэлэн амтыг энд наргилын нял амтат шим шүүс орлох энэхэн орчлон хорвоогийн сайхныг ээ. Шөнөөр далайг сонсоно гэдэг яруухан. Тэгээд Бенгалийн тэнгисийн шүү. Далайн мандал дээр яг одоо юу байгааг одоо би эс харна. Хаялга хаялгаа хөөн мундрах их давалгаанаас өөр юу байх билээ гэж бодогдоно. Зөвхөн түрхрэх чимээ нь л сүрлэгээс сүрлэг бөгөөд мянга түмэн заан гүнд нь сэлэлдэн наадаж эрэг эрмэгийн нь хөвөөг ийнхүү их усаар булхуулан долоолгуулж байх шиг санагдана.

Өглөө нь далай өнөөх л янзаараа түрхэрч, ихийн их билүүт уулын алсын бэл мэт үе давалгаагаараа бидэртэнэ. Манайхан босоцгоочихсон далайн эргийн мөнгөн элсэнд нүцгэн хөлийнхөө тавхайг нийлж явна. Шөнийн түрлэг бяцхан бяцханаар дотогшлон эгшээд нойтон элс халуун нарны шарлагад умран умран хуурайшиж байлаа. Тийнхүү алтран хатаж байгаа элснээ дунгийн гоёхон бумба яснууд ов товхон цоохортож үзэгдэх нь урьд шөнө халамцуу баахан хүүхнүүд бөгж, зүүлтийнхээ бэлзэг, сондорыг унаж цацагдтал нь бүжиглэсэн мэт хөгжилтэй бодлыг төрүүлэх ажгуу. Дунгийн тэдгээр яс нь үнэхээрийн ариухан гоё агаад зүйлийн олон өнгөтэй. Бенгаль далайн хэвлийд амьдран бужигнагч үй түмэн дун хорхой шөнө тутам ийнхүү бөөн бөөнөөр нөмрөг ясаа гуужуулан шилгээгээд, эрэг хөвөөн дээр ийнхүү “Зүүлт бөгжнийхөө чимээсэнд зүйж, шигтгэж хэрэглээрэй” гэх шиг үлдээдэг байна. Манай О.Мөнхнаран тэрхүү гоёлоос өөрийн чимгэндээ нэмэрлэсэн билээ. Дал модны дунд хэвтэж огторгуй тийш ажвал, тэрхүү моддын мөчир, нахиа асар том ногоон шувууны өдөн багсмал шиг харагдаад, бивээр тэрхүү өдөн цомирлогт суугаад найлзуур, ширхэгийн нь завсраар тэнгэрийг харж байна уу гэлтэй. Хажууханд хөөрхөн эрээн жирх модноос модноо чавхдан дүүлж, энэ ер хэн бэ гэх шиг наагуур цаагуур булталзан хармой. Тэндээс бид Энэтхэгийн хамгийн ариун шүтээн газруудын нэг Чидамбарам Натаражар хэмээх гайхам сүмд очив. Шива хэмээх бурхны дүрээр энэтхэг бүжгийн таван зуун хөдөлгөөнийг дүрслэн сийлж, сүмийг чимжээ. Монгол сүмийн дээвэрнээ бодь гөрөөс цөмцийн жавхалзаж байдаг бол энэ сүмийн дээвэр биеэр өнөөх уналга хөсөгт ашигладаг соёо бөхөн сэрвээт үхрийн амирлангуйгаар хэвтсэн дүрс бүхий шигтгээ ихээхэн тохиолдоно. Энэ сүмийн эд бие басхүү чулуугаар бүтээгдсэн агаад, энэ орчилд хөл нүцгэнээр зорчиж явах ёстой ажээ. Хөлнөөс халуун чулуун шал жигнэнэ. Нэг их таатай биш санагдана. Сүмийн үүдээр гуйлгачид зөндөө агаад өнөө халуун чулуун шалнаа хэрзийж хорчийсон биеэ наан хэвтсэн нь улам л лайтай мэт. Орогч гарагч гадаад хүмүүсийн зүг туйлын хэцүү харцат нүдээр царайчлан өндийж, алгаан дэлгэхийн дээр зарим нэг нь зоосон мөнгө шидлэхэд хатингар   хар гар даруй хамхимуй. Тэр зоос хэдэн ширхэг будаа болох бол гэж бодохын сацуу, будаандаа хүрэх болов уу гэмээр эцэнхий бие нь бие зарайлгана. Хүн айж ичих, цочин агдасхийх түмэнтээ боловч, гуйлгачин ядуугаас, тэр дундаа Энэтхэгийн гуйлгачин ядуугаас илүү илүү бие зарайн эвгүйцмээр шиг ээ. Чулуун шалан дээр навтарга адил байх тэдний хажуугаар, цатгалан цатгалан цагаан үнээд тохуутай байна шүү гэмээр задгай баан алхлах агаад энэ гайхамшигт сүмийн энэтээ тэнтээ хар хэрээ дураар нэг гуагчих нь юуны ёр вэ гэж бодогдмоор. Сүмийн урлал, хийц гайхамшигтай. Хүний хийснийг хүндлэх хэнд болов үнэндээ гайхам бишрэлийг төрүүлнэ дээ. Тийм үлэмжийн бишрэл төрүүлэхийг бүтээгч, энүүхэн хаалганы цаана хэвтээ гуйлгачин эмгэнээс ч төрсөн үү, хэн мэдлээ. Эдний л удам судар, өвөг дээдэс шүү дээ гэдэг нь маргаангүй юм аа. Хүн төрөлхтөн бүхий л түүхэндээ бүтээгч байсан. Энэтхэгийн ард түмэн хамгийн их бүтээгч ард түмний нэг байсан нь энэ сүмийн жишээнээс харагдана.

Чулуун сүмийн халуун шал үүнийг сануулах мэт хөлийн улаас жигнэнэ. Сүм дотор хөөрхий нэг хөх заан байлаа. Жуулчдад үзүүлэх, тэдэнд тал засуулахаар түүнийг энд хаджээ. Хойт хөлнөөс нь гинжээр тавгалчихаж. Амьд зааныг анх удаа ойроос харж байгаа маань энэ. Биеийн нь арьс хөхөлбий болоод зургадугаар сарын чилдэн хөх тэмээдийг санагдуулна. Зааны нүд хундаган чинээ, тэр том биед ийм жаахан нүд заяах гэж. Зааны чих дал модын мөчир адил салбан далбан, лай л болмоор. Зааны хөлийн тавхай тэгшхэн тайрсан царсны суурь лугаа адил, хумс нь загийн үндэс мэт. Зааны бие эртний хаадын сүйх лугаа уудам, заасан дохисноор хөдлөх нь далайн давалгааг сэлүүрээр удирдахын адилаа.

Зааныг их ичимхий амьтан гэнэ. Тэр Энэтхэгийн ард түмний дунд тархсан инээдтэй гэмээр домгоор тайлбарлагдана.

Өнөө муу ичимхий зааныг тань нэг тийм шөвгөр, эр хүний бэлэг эрхтэн адил шөмбөгөр чулуунаас уячихна   л дээ. Тэгэхээр нөгөө их биетэй амьтан чинь ичээд, хөдөлгөөнгүй зогсчихдог гэнэ. Их ухаантай амьтан болоод тэгдэг юм болов уу.  Хөгийн  наргиантай  инээд хүрэм гаргалгаар бол тэрхүү том амьтан “бэлэг эрхтнээс” аргамжигдсанаа үзээд, биеэ барьж, түүнийг нь таслаад хаячихвий гэсэндээ тийнхүү хөдөлгөөнгүй зогсох нь л дээ. Өнөөхөн би энэ зааныг хойт хөлнөөс нь тавгалчихсан байна лээ гэж уншигч танд хэлсэн дээ. Тэгээд өнөө тавгалсан зүйлийг нь харвал бахим том гадас байлаа. Зааны тавгалаатай хөл болон, өрөөсөн хойт хөл хоёр нь тэнд бараг нэг цаг болоход огтхон ч хөдөлсөнгүй. Өнөө наргиант домог үнэн дэг шүү гэж бодогдож байна. Тэр гадас яах аргагүй бэлэг эрхтний хэлбэрийг орлож байна. Заан гэж, хөөрхий нэг ийм уяхан, ичимтгий, дөлгөөхөн сайхан амьтан байдаг ажээ. Чидамбарам Натаражарын үндсэн сүмээр орлоо. Тэр чигээрээ чулуун урлалаас тогтсон доторхи орчин нь аймаар чиг, гайхан биширмээр чиг. Тэнд нэг хүү хүн хүнээс гуйлга гуйж харагдана. Эхлээд баруун гараараа ходоодон тушаагаа дохин зааж, “Энд юу ч алга” гэж ойлгуулж байна. Тэгээд ам руугаа зааж, юм идэх хэрэгтэй байна гэсэн агуулгаар баруун гарынхаа гурван хурууг үзүүрээр нь нийлүүлэн барьж, уруулаа давуулан дохиж байна. Энэ гурван хуруу их учиртай. Энэтхэгчүүд хоолоо баруун гарын гурван хуруугаараа идэх юм. Том пял тавган дээр авсан хоолоо будаг найруулж буй юм шиг гурван хуруугаараа баахан хутгаж хутгаж идэхийг харахад дасаагүй болоод тэр биз дээ, аятайхан биш санагдана. Улаан алгатай хар гарын хуруугаар цав цагаан будаа, шав шар сүүмс холилдуулчихсан идэхийг харахаар үнэхээр жаахан тиймхэн дээ. Гэвч гараар бүгдийг хийдгээс яахав дээ. Баруун гарын гурван хуруугаар хоолоо иддэг бол зүүн гарын гурван хуруугаар боловсруулаад ялгасныг цэвэрлэдэг гэж байгаа. Том том буудлуудад бол ариун цэврийн цаас байж байна аа, харин айл юм уу, нийтийн бие засах газарт суултуурын хажууд тусдаа нэг цорго, домботой ус байж байна. Үүний тусламжтайгаар зүүн гарын гурван хуруу ариун цэврийг сахина. Үүнийг нь бодохоор бас л нэг хямсганамаар болгочихно.  Гэвч энэ бол энэ газрын л соёл дадал. Бид хонио өрлөж байгаа нь тийм ч аятай харагддаггүй нь ойлгомжтой. Энэтхэгийн тал нутагт өглөө хүмүүс нэгэн жижиг гүц бариад эмбүүлээсээ гардаг байна. Арынхаа сөөгөнд ороод алга болж хэсэг байгаад буцаад гараад ирнэ. Алга болоод байсан хугацаандаа өнөө гүцтэйгээсээ ариун цэвэр сахих бүгдийг амжуулдаг байна. Буцаад урцынхаа зүг явахдаа хавь ойроор нэг байх ногоон уснаас “Цайгаа чаная аа” гээд утгаж аваад буцдаг байна. Амьдрал бол, тал нутгийн Энэтхэгт ийм шүү дээ гэж Ж.Гэндэндарам ах хэлэвэй. Бид тэндээс Тричи хотын зүг явж байлаа. Замд хэд гурваараа ямар нэгийг дуулалдан хөсөг тэрэг болсон явган нүцгэн хүмүүс байсхийгээд л тохиолдоно. Тэд бол мөргөлчид гэнэ. Хэзээ ч хүрэх нь бүү мэд, юуны тулд ч тийн яваа нь бүү мэд. Явж явж байгаад унтчихна. Өглөө нь босоод өнөөх дуулагнасан чигээрээ цааш явж одно. Энэтхэг бол аугаа их шашинжсан орон юм. Сүсгийн орон юм. Тэр их шашинжил, сүсэглэл нь аквариумд том жижиг, хортой хоргүй асар олон могойг нэг дор хийгээд түгжвээс нэг нэгийгээ барьж идэх мэт эрсдлийг бий болгосоор ирсэн шиг санагдана. Шашин, сүсэг бол тэдний итгэл үнэмшлийг сая сая жил эзэгнээд, эдүгээ ч оюуны нь оройг хаанчилан захирч яваа юм уу даа. Би Энэтхэгийн их ихийн амьдралын зах зухханаас зурах төдийг уншигч тантайгаа хуваалцаж байна. Тэдэнд хэдий ийм уйтан, хэцүү гэмээр амьдрал буй ч, өнөөдөр энэ орон соёл, хөгжлийн олон талт үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Ченнайн захын интернэт кафед ороход түүний хурд, хэрэглээний идэвхижил үнэндээ гайхмаар. Товчны үзүүр хүргэв үү, үгүй юү, дараагийн үйлдэл нэхнэ. Тэр кафег өнөө л нэг уйтан харцтай хөвгүүдийн нэг ажиллуулан байна. Энэтхэгт архи ууж, тамхи татсан хүнийг энэ өдрүүдэд нэгээхэн ч харсангүй. Тэнд аавтай хүмүүс эдгээрийг хэрэглэдэггүй байна. Энэ үүднээсээ энэтхэг аавууд их азтай хүмүүс бололтой. Аав нь хүүгээ согтуу явахыг эс үзнэ гэдэг сайхан хэрэг бус уу. Аав нь хүүгээ амьдарч чадах нь уу, үгүй юү гэдгийг харж суух нь сайхан хэрэг бус уу. Харин манайд, амьдрах, чадахаа мэдээгүй байж, архи тамхины амтанд орцгоосон нь хэд билээ дээ, та минь. Энэ мэт хар аяндаа л бодогдож явлаа. Тричийн гудамжаар нэг сармагчин. Тэр сармагчин хүнээс ер айхгүй бөгөөд нэг л их гуниг болсон амьтад сууцгаах юм. Таг элгээ эвхэж, зовлонд хүлүүлсэн амьтад. Нэг муу ягаан царай, дарвайсан ам, матийсан сүүл, эрвэн сэр шар үс түүнийг туйлын доожоогүй харагдуулна. Энэ их халуундаа цөхрөөд байгаа юм уу, үр хүүхдээ өрөвдөөд байгаа юм уу, өр алдсан хятад шиг байх өнөө сармагчингууд чинь нэг харахнээ нь буцаж буй жуулчдыг далламар болон үдэж байв шүү. Би харин тэр мөчид, дуучин Д.Болдын тоглолтод орохоор хөтөлбөрөө орхин Улаанбаатар руу яаран буцсан DZ man хэмээн алдаршсан тоймч Б.Дашзэвэг ахыгаа шөнийн гүнд нойрмогоор үдэн даллахдаа манайхан иймэрхүү юмнууд зогсоцгоож байсан байхдаа гэж бодоод инээд хүрлээ. Ингээд эх сайхан нутаг руугаа буцахын өмнө бидний таван нөхөр Кумана хэмээх сайхан сэтгэлт энэтхэг залуугийнд хонолоо. Тэдний эхнэр хүүхэд Сингапур яваад эзгүй, бид хэд чухам тарайж өглөө дөө. Хонь гаргуулж, айраг сөгнөсөн шиг юм боллоо. Боловсролтой, шүлэг найрагт үлэмж дуртай тэр залуу, улирагч жил Монголд ирээд гүүний айрагт багахан хугацаанд бузгай орсон гээд байгаа юм. “Horse milk” гээд эрхийгээ гозойлгоод байх нь тэр. Кумана маань хэдийдээ юм, хонины мах олж ирээд чануулжээ. Энэтхэг виски гаргаад тавьж байна. Нагац эгч нь гээд нэг сайхан эмэгтэй, юу хэрэгтэй вэ, би та бүхэнд үйлчилж байгаадаа баяртай байна гээд л. Хачин сайхан үдэш боллоо. Кумана өөрөө виски ер уудаггүй гэнэ, энэ үдэш харин ганц нэг татаатахлаа. Тэр бид хэдтэй элдвийг ярилцаж, сэтгэл санааны нь хүлэг Монголд давхиж явна.

Тийнхүү шөнө дөл болгоод Кумана маань сайхан хар нүдээ очтуулан, цав цагаан шүдээ гялалзуулан “Сайхан амраарай” гээд өрөөнөөс гарлаа. Тэр ууч зөөлөн, амирлангуй гүн, эелдэг дотно, ухаалаг номуун харцаараа уйтанхан дорнын хөвөөнд өнгөрүүлсэн халуун өдрүүдийг сэтгэлд минь хэзээ ч мартагдашгүйгээр болор талст сацруулан барлавай. Дэви минь, Кумана минь, саран мандмал нэгэн сайхан үдэш сэтгэлийн талст нийлүүлж уулзахын ерөөл тавья, дорнын уйтан Тамильдаа.

Улаанбаатар-Бээжин-Бангкок-Ченнай-Улаанбаатар.

2007 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж