“Тархиа амрааж, системтэйгээр давтлага хий” | News.MN

“Тархиа амрааж, системтэйгээр давтлага хий”

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

“Тархиа амрааж, системтэйгээр давтлага хий”

“Тархиа амрааж, системтэйгээр давтлага хий”

Сурагчийн ширээнээс босч, амьдралынхаа хамгийн анхны алхмаа хийх хариуцлагатай мөч хаяанд иржээ. Энэ бол элсэлтийн ерөнхий шалгалт. Хэрэв та ирээ­дүйн мэргэжлээ сон­гож, хэн болох тухайгаа төлөвлөсөн бол одоо өөрт хэрэгтэй мэдлэг олгох сургуулиа сонгох л үлдэж. Хамгийн шилдэг сургуульд орохын тулд мэдээж элсэлтийн шал­галтын оноо тань өндөр байх хэрэгтэй. Анх удаа шалгалт өгч буй хүүхдүүд сандарч, тулгамдсанаас болж хуудсаа буруу бөглөх, бие нь эвгүйрэх зэрэг олон асуудалтай тулгардаг. Тэгвэл бяцхан зөвлөгөө хүргэе.

ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГӨХӨД СЭТГЭЛЗҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ

Өнгөрсөн жил 38 мянган сурагч элсэлтийн шалгалт өгсөн бол энэ жил 45 мянга болж нэмэгдсэн байна. Тэгвэл сурагчид шалгалт өгөхдөө эхлээд юуг анхаарах ёстой вэ. Хүссэн 800 оноогоо авахын тулд нэгдүгээрт сайн унтаж амрах хэрэгтэй аж. Манай зарим сурагч элсэлтийн шалгалт гэдгийг шалгалтын өмнөх хэдхэн өдөр давтаад өгчихдөг зүйл мэтээр ойлгох нь бий. Тэгвэл энэ бодлоо таягдан хаях хэрэгтэй. Учир нь шалгалтаа амжилттай өгөхөд сэтгэлзүй хамгийн чухал юм байна. Энэ тухай “Оюуны нахиа” ахлах сургуулийн сэтгэлзүйч Б.Амаржаргал “Төгсөх ангийн сурагч болсон бол хүүхдүүд есдүгээр сарын 1-ээс хариуцлагаа ухамсарлах ёстой. Энэ нь өдөр бүр хичээлээ давт гэсэн үг биш. Харин тархиа сэргээж, амрааж, системтэйгээр давтлага хийх хэрэгтэй. Зарим эцэг эх шалгалт дөхөхөөр хүүхдэдээ цагийн багш авах нь элбэг. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ өглөө хичээлтэй байгаа хүүхэд өдөр амрах хэрэгтэй. Тиймээс цагийн хуваарийг нь бодолцох нь зүйтэй. 16-18 насанд сэтгэл санаа их тогтворгүй байдаг. Тиймээс багшийн хичээлийг 100 хувь гэж авч үзвэл үүнээс 70 хувийн ойлголтыг л энэ насныхан авдаг. Харин шалгалтын өмнөх өдөр хичээл давтаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Үүний оронд сайн амарч, сэтгэлээ өөдрөг байлгах хэрэгтэй. Ингэснээр шалгалттай өглөө тархины үйл ажиллагаа сэргэг байна” гэсэн юм. Мөн өглөө гарахдаа заавал цайгаа уух хэрэгтэй гэнэ. Учир нь өлсөх мэдрэмж нь таны оюун санааг тогтворгүй болгодог тул өглөөний ундаа уугаад гараарай гэж сэтгэлзүйч Б.Амаржаргал зөвлөсөн юм.

ШАЛГАЛТЫН ДЭВТЭР, ХАРИУЛТЫН ХУУДАСТАЙ ТАНИЛЦ

Та сэтгэлзүйгээ бэлдээд гэрээсээ гарах гэж байгаа бол замын түгжрэлийг тооцоолоод шалгалт эхлэхээс 30 минутын өмнө сургууль дээрээ очно гэж төлөвлөөрэй. Энэ нь яаралгүй ангидаа орж, өөрийгөө бэлтгэхэд тань тустай. Таны ширээн дээр шалгалтын дэвтэр байх болно. Энэ нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, А4 хэмжээтэй 4-8 хуудас материал. Даалгаврууд сонгох болон нөхөх гэсэн хоёр төрөлтэй. Сонгох даалгавраар сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх гэнэ. Ингэхдээ хариулт нь өгөгдөх тул зааврын дагуу гүйцэтгэж, олон хариултаас зөвийг нь сонгох хэрэгтэй аж. Нөхөх даалгаврыг гүйцэтгэхдээ хариуг бодож гаргах учиртай болохоор зөв хариу өгөгдөхгүй. Шалгалт 80 минут үргэлжилнэ. Даалгавар бүр өөр, өөр оноотой байх тул шалгалтын дэвтэр дээрх гүйцэтгэх зааврыг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулах хэрэгтэй. Үүний дараа хариултын хуудсаа бөглөнө. Энэ нь тусгайлан бэлтгэсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай, А4 хэмжээтэй хуудас юм. Хуудсыг тусгай программ ашиглан, засагч машинаар дүгнэх учир засалтад хүний оролцоо орохгүй гэж Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан санууллаа. Тэрээр “Даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож хариултын хуудас дээрх даалгаврын дугаараар будаж тэмдэглэ. Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал ашиглаарай. Будах талбайгаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв хариултын хуудас дээр зааснаас өөр давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно” гэж анхааруулсан юм.

2019 ОНООС ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ЗАСАХ СИСТЕМТЭЙ БОЛНО

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 16-нд дуусна Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 42 мянган хүүхэд төгсөнө.

Өмнө их дээд сургуульд элсэхэд босго оноогүй байсан учраас төлбөрөө төлсөн нь ордог байв. Харин 2013 оноос босго оноог 400 болгосон. Харин энэ сарын 6-ны өдрийн сайдын А/195 тушаалаар босго оноог 480 болгон өөрчилжээ.

Энэ жилээс эхлэн бүртгүүлэгч регистрийн дугаараа хийхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй бүх мэдээлэл гарч ирэх юм. Ингэснээр шалгуулагчийн хувийн мэдээлэл алдаагүй байх, батламж хуудас дээрх хувийн мэдээлэл үнэн зөв бичигдэх, их дээд сургуульд элсэхэд асуудал гарахгүй байх давуу талтай болсон тухай ахлах мэргэжилтэн М.Болдсайхан онцоллоо.

Шалгалтын бүртгэлийн хураамжийн төлбөрт өөрчлөлт ороогүй нэг шалгалтын үнэ 5800 төгрөг хэвээр байна. Харин монгол, англи, орос хэлний шалгалтын хугацааг уртасгажээ. Математик, хими, физикийн хичээлийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, бусад хичээлийнх 80 минут юм байна. Тавдугаар сарын 15-наас хойш өөрсдийн бүртгэлийн дугаараар Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд нэвтэрч шалгалт өгөх байр, суудлын хувиараа мэдэх боломжтой. Мөн шалгалтын материалыг газар дээр нь засч, дүнг гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ нь 2019 оноос бүрэн хэрэгжинэ гэж Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж