Сирид цохилт өгөхийг ОХУ эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Сирид цохилт өгөхийг ОХУ эсэргүүцэв

Сирид цохилт өгөхийг ОХУ эсэргүүцэв

Сирид химийн халдлага явуулсан хэмээн тус улсын засгийн газрын цэргүүдэд  цохилт өгөх гэж буй АНУ-ыг ОХУ эсэргүүцжээ. НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензия өчигдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр ‘Сирид цохилт өгөх төлөвлөгөөнөөс татгалзахыг та бүхнээс дахин нэг удаа гуйя” гэжээ.

ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензия “Хууль бус цэргийн ажиллагаа явуулсныхаа хариуцлагыг хүлээх өдөр ирнэ шүү’ гэдгийг Вашингтонд анхааруулсан байна.

Гэвч барууны удирдагчид химийн халдлага гарсан Сирийн Дума хотод хамтарсан цэргийн ажиллагаа явуулж, цохилт өгөхөөр болоод байгаа ажээ.  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Сирийн Засгийн газрын химийн зэвсгийн байгууламжид цохилт өгнө хэмээн мэдэгдсэн.

Өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Сирид химийн зэвсэг ашигласан эсэх асуудал дээр тусгай мөрдлөг явуулах тухай тогтоол дээр гишүүн орнуудын санал хуваагдсан юм. Сирид химийн зэвсэг хэрэглэж буй эсэхийг тогтоох АНУ-ын санаачилсан тогтоолд ОХУ хориг тавьж, Хятад түдгэлзсэн билээ. ОХУ-ын санаачилсан сөрөг арга хэмжээ авах тухай тогтоол ч мөн хангалттай санал авч чадаагүй байна.

ОХУ-аас цэрэг, армийн дэмжлэг авч буй Сири химийн зэвсэг ашигласан тухай мэдээллийг эрс няцаасан юм.

Сирийн Дума хотод химийн зэвсэг ашигласан эсэхийг мөрдөн шалгахаар удахгүй  Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага (OPCW)-аас шинжээчдийн тусгай багийг илгээх ажээ. Тус байгууллага нь  энэ халдлагын ард хэн байгааг тогтоох үүрэггүй аж.

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж