Ж.Ганбаатар: Өндөр өртгөөр гүүр барихыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Өндөр өртгөөр гүүр барихыг дэмжихгүй

Ж.Ганбаатар: Өндөр өртгөөр гүүр барихыг дэмжихгүй

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.04.11/ хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбоотой  санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх асуудлаар зөвшилцлөө. 
Өнгөрсөн 2006 оноос хойш Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 1,5 тэрбум ам.долларын урт хугацааны зээл тусламжаар 96 төсөл хэрэгжүүлсэн байдаг. Одоо Улаанбаатар хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9,7 сая ам.долларын  хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулахаар тохиролцоод байгаа аж.

Улаанбаатар хотод барилгын хог хаягдал жилд 120 мянган тонн гардаг. Энэ хаягдлыг боловсруулах газар байхгүй учраас Туулын шугуй болон дунд голд нууцаар, шөнө хогоо асгадаг.  Тиймээс хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулж, барилгын хог хаягдлаа дахин боловсруулснаар явган хүний зам болон бусад материал үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил гэж тооцож байгаа учраас зардлаа нөхөж чадна гэдгийг Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү тодотгосон юм. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Энэ зээлийн хүү  хэд вэ. П.Баярхүү дарга байгаа дээр би нэг санал хэлмээр байна. Том хот дотор гүүр барьсан тохиолдол байна уу. Том хөрөнгөөр гүүр барих гээд хашаа, газар чөлөөлж байгаа юм байна. Уг нь хотын захад түгжрэлгүй хэсгээ түгжрэлтэй хэсэгт зөөх хэлбэрээр гүүр барих шаардлагатай. Улаанбаатарын удирдлагууд ажлаа дийлэхгүй л байгаа байх. Өөрсдөө ажлаа дийлж байна гэж бодож байгаа байх. Үнэндээ шинээр гүүр тавьж байснаас  Улаанбаатар хотын дундуур тавигдсан төмөр замаа 150 тэрбум төгрөгөөр нүүлгэчихэд л түгжрэл багасах юм биш үү.  Засгийн газар үүнийгээ эргэж харж болохгүй юу. Хотын төвд өндөр өртөгтэй гүүр барина гэдэг нь зохимжгүй байна. Зайсан явдаг зам түгжрэлтэй. Хэрэв цаанаа очоод түгжирдэггүй бол зөв шийдвэр болно. Хайран санагдаж байна, энэ гүүрийг барих 100 хэдэн тэрбум төгрөг.   

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: 

-9,7 сая ам.долларыг лайбер +1 хувийн хүүгээр авч байгаа. Үүн дээр нэмээд 5 сая ам.доллар нь буцалтгүй тусламжаар орж ирж байгаа юм.   

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Швейцарийн хатуу хог боловсруулах үйлдвэртэй танилцахад эрчим хүчтэй уялдуулж байгуулдаг юм байна лээ. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ?

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү:

-Улаанбаатар хот бол хогний асуудал дээр хоёр чиглэл барьж байгаа. Нэг нь ахуйн хогийг шатааж эрчим хүч үйлдвэрлэх, нөгөөх нь хатуу хогийг дахин боловсруулж барилгын материал үйлдвэрлэх. Гэхдээ хог дахин боловсруулах үйлдвэр Эрчим хүчний яам дээр нэлээд гацдаг. Яагаад гэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ ямар үнээр, хэрхэн яаж борлуулах вэ гэдгийг яам шийддэг. 
Ийнхүү байнгын хорооны гишүүд санал дүгнэлтээ хэлээд, Аюулгүй байдлын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж