Сингапурын дараагийн ерөнхийлөгч хэн байх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Сингапурын дараагийн ерөнхийлөгч хэн байх вэ?

Сингапурын ерөнхийлөгчид нэр дэвшигчид цөм Хятад үндэстнүүдийн дунд нийтлэг тохиолддог Тан овогтой бөгөөд одоо албан ёсоор дөрвөн Тан овогтон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Энэ удаагийн Сингапурын ерөнхийлөгчийн сонгууль түүхэнд байгаагүй хамгийн өрсөлдөөнтэй сонгууль болж буйгаараа онцлог болж байна.

Сингапур улс 1965 онд тусгаар тогтносноосоо хойш нэг намаар удирдуулж ирсэн ч энэ удаагийн ерөнхий сонгуулийн байдлаас Сингапурчуудын улс төрд оролцох, дуу хоолойгоо илэрхийлэх сонирхол нэмэгдэж байгааг харж болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Тан Жий Сэйгийн мэдэгдэлд “Өнгөрсөн цаг хугацаанд иргэд ил тод нээлттэй байдлаас аль болох хулгаж зугтдаг байсан бол сүүлийн үед засгийн газрын эсрэг үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх болсон. Араб ертөнцөд улс төрийн эсрэг шуурга дэгдсэнтэй адил Сингапурт ч олон хөдөлгөөнүүд үүсч байна” гэжээ.

Сингапурын ерөнхийлөгч хэд хэдэн чухал эрх үүрэгтэй байдгийн дотор хориг тавих, сангийн нөөцийг төсөвлөн зарцуулах зэрэг эрхтэй. Хамгийн сүүлд 2009 оны эхээр Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натан 4,9 тэрбум ам.долларын хөрөнгийг дэлхийн эдийн засгийн хямралыг зохицуулах үйлсэд захиран зарцуулах тушаал гаргажээ.

Түүнчлэн Сингапурын ерөнхийлөгч цалингийн дээд хэмжээг /одоогоор дөрвөн сая ам.доллар/ тогтоох эрхтэй. Сингапурын засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд сардаа дээрх цалингийн хамгийн дээд хэмжээгээр цалинждаг гэнэ. Энэ нь нэг талаас хээл хахууль, авилгалыг дэвэргэхгүй байх улсын стратеги ажээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тоонд Тан Кин Лиан, Тан Ченг Бок, Тони Тан болоод Тан Жий Сэй нар өрсөлдөж байгаа ба сонгуулийн санал хураалт наймдугаар сарын 27-нд болох юм байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж