Төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх болсон билээ. Үүнтэй холбогдуулан “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын дэд ерөнхийлөгч, гавьяат барилгачин Б.Нэмэхбаатартай ярилцлаа.
-Хавар цаг, барилгын ажлын сезон эхлээд байна. Энэ хаврын онцлог гэвэл төрийн зарим эрх үүргийг тухайлбал мэргэжлийн ТББ-уудын түншлэлийн дагуу гэрээгээр хүлээж барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эрхийг танай ассоциацид олгосон. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш ямар өөрчлөлт гарав?
-УИХ-аас 2009 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, 2015 онд баталсан Барилгын тухай хуульд заасан гэхчлэн төрийн дээд байгууллагуудаас гарсан шийдвэрийн дагуу төрийн зарим ажлыг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Барилгын салбарт энэ шийдвэр удаашралтай байсан. Х.Баделхан сайд анх томилогдож ирээд ТББ-уудтай уулзахдаа энэ тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөө амлаж багаараа идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд ТББ-ууд, мэргэжлийн холбоод нэгдэж нэгэндээ итгэл хүлээлгэн зөв жишгээр түншилж чадлаа. Бид түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг олгож эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүнд суртал арилсан, үйл ажиллагаа нь тогтворжсон, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна гэсэн үнэлэмж, итгэлийг салбарынхны зүгээс өгч байгааг мэдэрч байна.
Бид энэ ажлыг аваад юуг нь засч сайжруулах тухайгаа хоёр удаа салбарынхантайгаа ярилцлаа. Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр нийслэл орон нутгийн хэмжээнд, үүний өмнө нийслэл дэх барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд явцын мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийсэн.
-Одоогоор шинээр зөвшөөрөл олгоход ямар өөрчлөлт ороод байгаа вэ. Цаашид ямар өөрчлөлт орох вэ?
-Барилга, хот байгуулалтын яаман дээр энэ талаар хийж байсан ажлыг бид нэг ч өдөр өнжилгүй яг үргэлжлүүлээд явж байгаа. Шинээр тусгай зөвшөөрөл олгох компаниудын материалыг цахим хэлбэрээр авч байгаа, хүний оролцоогүй гэсэн үг. Хуучин зөвшөөрлийг сунгах буюу зарим зүйл, заалтыг нэмэлтээр зөвшөөрөл олгох хүсэлт, өргөдлийг цаасан хэлбэрээр авч долоон хоног тутамд хуралдан яам руу оруулан шуурхай шийдвэрлүүлж байна. Барилгын тухай шинэ хуулийг дагалдаж гарсан дүрэм журмуудтай уялдуулан гарсан зарим журамд тодорхой өөрчлөлт гаргах шаардлага гарч байгаа. Энэ талаар салбарынхантайгаа нээлттэй хэлэлцэж саналыг цаасаар болон онлайнаар авч байна. Журамд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулаад дуусч байгаа, ирэх долоо хоногт яамны вэб сайтад нийтлэгдэх байх. Гэхдээ өнөө жилийн тухайд нэгэнт сезон нь эхэлсэн, барилгын ажлууд, тендерийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа учраас өмнө нь гурван жилээр олгосон байсан тусгай зөвшөөрлүүдийг сунгах шийдвэрлэхдээ аль болох аж ахуйн нэгжүүддээ хүндрэл учруулахгүй, уян хатан хандаж байна. Одоогоор барилгын тусгай зөвшөөрөлтэй 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид хөдөө орон нутагт буюу айл өрхүүд хашаандаа барьж байгаа ахуйн болон аж ахуйн зорилготой барилга байгууламжид аль болох хөнгөлөлттэй, тусгай зөвшөөрөл шаардагддаггүй байх нь чухал. Инженерчлэл нь ихэнх тусам зайлшгүй мэргэжлийн байгууллагууд оролцох шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг яг хүчин чадалд нь тохирсон, бодитойгоор олгох талаар санал болгож байгааг анхаарч үзэх нь зүйтэй юм. Ер нь тусгай зөвшөөрөлтэй барилгын компаниар бизнес хийх, нэг оффисс барихын тулд барилгын компани шинээр байгуулах нь бизнесийн хувьд хэр зөв шийдэл вэ гэдгээ хаана хаанаа бодох цаг болсон гэдгийг нийт иргэддээ анхааруулахад илүүдэхгүй болов уу. Олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох, гадаадад очиж барилга барих тэр зах зээлийг сонирхох ёстой. Түүнээс биш тусгай зөвшөөрөл авснаараа л барилгын компанитай болчихгүй шүү дээ.
-Тусгай зөвшөөрөл шинээр авах гэж байгаа, сунгуулах, нэмэлт заалтад зөвшөөрөл авах гэж байгаа иргэдэд хандаж та юуг анхааруулах вэ. Өмнөх хүнд суртал арилсан гэдэгт яаж итгэх вэ?
-Нэг цэгийн үйлчилгээн дээр өөрсдөө оч. Битгий хэн нэгэн танил тал хай. Таны өгсөн бичиг баримтыг нягталж маш сайн заавар зөвлөгөө өгөөд зөрчилтэй бол хэрхэн арилгах арга замыг зааж өгнө. Зөрчилгүй бол долоо хоногийн дотор хурлаар шийдвэрлэнэ.
-Зөрчил гэснээс голдуу инженер мэргэжилтнүүд, зөвлөх инженерийн давхцлаас үүдсэн байх юм билээ. Энэ зөрчлийг яаж арилгах вэ?
-Таван мянга гаруй компанид хэдэн инженер, зөвлөх инженер хэрэгтэй вэ. Тэр тоонд өнөөдөр ажиллаж байгаа инженер, зөвлөх инженерүүд хүрэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Одоо энэ талаар нарийн судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлнэ.
-Шинээр сайд томилогдоход л эзэнгүй тусгай зөвшөөрлийн тоо өсөөд байдаг. Энэ талаар ямар ажил хийх вэ?
-Бид одоо судалгаа хийж байна. Ямар аж ахуйн нэгж, хэдэн жилийн, ямар ажил гүйцэтгэлийн түүхтэй вэ гэдэг талаар судалж байна. Энэ бол аттестатьчлал биш, бодит судалгаа байх юм. Үүний дараа эргэн ярилцъя.
-Барилгын салбар сэргэх хандлага байна уу?
-Барилгын салбарыг нийт эдийн засгаас ангид авч үзэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар нийт эдийн засгийн арваад хувийг барилгын салбар эзэлж байна. Энэ салбар хөгжихийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэл, тавилгын үйлдвэр, хөшигний үйлдвэр, худалдаанаас эхлээд нөлөөлөл сайтай, улирлын чанартай, олон хүнийг ажлын байраар хангадаг. Одоо нийслэлийнхний тал хувь нь гэр хороололд амьдарч байна гэдэг нь хүртэл барилгын салбарынханд хийх ажил их, зах зээлийн орон зайн хувьд ч чамлахааргүй том байгаа биз. Тиймээс сэргэх боломжтой гэж хэлнэ. Улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадны төсөл хөтөлбөрүүдийн үнийн дүнгээс харахад бүтээн байгуулалтын ажил ихээхэн хийгдэх нь. Энэ дашрамд хэлэхэд гадны зээл тусламж, буцалтгүй хөрөнгөөр хийх ажлуудын тухайд гэрээ хийх явцдаа Монголын үндэсний компаниуд, дотоодын ажиллах хүчний бололцоог нэмэгдүүлэх, аль болох их байлгах талаар онцгой анхаарч тусгах хэрэгтэй. Тэр зээлийг монголчууд л төлөх юм бол монголчууд ажлын байраар хангагдсан байх зэргийн эрх ашиг байх ёстой шүү дээ. Түүнээс биш гаднынхан өөрсдөө орж ирж ажиллачихаад өндөр цалин аваад явчихдаг, бид тэр зээлийг зөвхөн төлөх л үүрэгтэй байж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.