Хаврын синдром популист улстөрчдөд л ашигтай

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Хаврын синдром популист улстөрчдөд л ашигтай

Хаврын синдром популист улстөрчдөд л ашигтай

Сэтгэл санаа тогтворгүй болох энэ үеийг улстөрчид тун ч овжин ашигладаг

Өвөлжин ичээндээ бүгсэн амьтад урин хавар ирэхтэй зэрэгцэн хөдөлгөөнд ордог. Хоол хүнс хайж, тарга тэвээргээ нэмж, үр зулзагаа өсгөнө. Амьтдын энэ хөдөлгөөнийг хүмүүний амьдралтай ч зүйрлүүлж болмоор. Өвлийн хахир хүйтэнд ажил гэр гэсэн маршрутаас бараг хазайгаагүй хүмүүсийн хувьд цаг зөөлөрч, дулаарахын хэрээр амьдралын идэвх нэмэгдэнэ. Бүтээлч санаа төрж, гадуур өнгөрөөх цаг уртсаж, хийж бүтээх хүсэл оволзож, амьдралд ирэх ачаалал нэмэгдэх нь ихэнх хүнд тохиолддог зүйл. Нөгөө талаар хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай болох нь мөн л хаврын улирлын нэг онцлог. Манайхан энэ тогтворгүй байдлыг хаврын синдром гэж тайлбарлах нь бий. Эхэндээ зүгээр л явган шог яриа төдий байсан яриа жил ирэх тусам батлагдаад байх шиг санагддаг юм. Хүмүүсийн төрх байдал, гаргаж буй зан араншин ийм дүгнэлт хийхээс аргагүй байдалд хүргэнэ. Уг нь мэргэжлийн сэтгэлзүйчдийн тайлбарлаж буйгаар хаврын улирал хүний сэтгэл санаанд нөлөөлдөг гэсэн албан ёсны судалгаа байдаггүй юм байна. Гэхдээ тодорхой зүй тогтол бол бий. “Сэтгэл судлалын шинжлэх ухаанд үүнийг хүмүүсийн нийгмийн амьдралтай холбон тайлбарладаг. Өвлийн улиралтай харьцуулахад хавар хүмүүсийн амьдрал идэвхждэг байна. Амьдралын хэмнэл эрчимжих хэрээр хүний бие бага зэрэг хямардаг. Үүнийг дагаад сэтгэл санаа хямрах нь бий. Товчхоноор хэлбэл, өвөл зарцуулсан энергиэ хавар нөхөж авах шаардлагатай.

Хэрэв чадахгүй бол бие организмын байдал сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, стрессдэх, бухимдах, ядрахад хүргэнэ” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн тайлбарласан юм. Биеийн байдлаа дагаад сэтгэл санаа тогтворгүй болох энэ үеийг улстөрчид, элдэв хийрхэгчид тун ч овжин ашиглана. Жагсаал цуглаан чухам хаврын цагт идэвхжих хандлагатай болдог нь санамсаргүй тохиолдол биш. Хэрэв ийм үед бусдыг уриалан дуудаад “Улстөрчдийг бүгдийг нь шоронд хийе”, “Авлигачдын дээлийг нөмрүүлье”, “Оффшор дансан дахь бүх хөрөнгийг хураая”, “Засгийн газрыг огцруулъя”, “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргая” гээд шуугивал дагаад шуурчих хүн захаас аваад олдоно. Учир нь энэ чинь хавар шүү дээ. Үр дүнд нь хэдэн популист улстөрчид рейтингээ нэмээд авна. Арван хэдэн жилийн өмнө ийм байсан, одоо ч хэвээрээ. Гэхдээ ард түмнийхээ л төлөө хэмээн гудамжинд жагсаж, олныг уриалан дуудаж байсан нөхдүүд одоо бүгд дарга болоод амаа хамхисныг хүн бүр харж байгаа. Бидний жагсаалын зорилго ийм аминчхан, зөвхөн хувийн эрх ашигт чиглэдэг болохоор нэр хүндгүй байдаг юм. Харин үүнийг нь мэдэхгүй хар масс дагаж хуйлрах нь хамгийн аюултай. Солонгосчууд зөв үйлийн төлөө хэрхэн нэгдэн нийлж байгааг бид саяхан харсан. Шаардлагатай үед хэдэн саяараа нийлж жагсаад хууль бус үйлдэл хийсэн Ерөнхийлөгчөө огцруулж чадаж байна.

Харин хэн нэгнийг дарга болгохын төлөө хөлсөөр жагсдаг бид ч хөөрхийлөлтэй улс юм даа. Поп улстөрчдийн хажуугаар сэтгэцийн солиотой гэмээр хийрхэгчид хаврын синдромыг улам өдөөх нь яршигтай. Сүүлийн үед тэдний уриалга, заналхийлэл улам хэрцгий шинжтэй болоод байгаа нь болгоомжлол төрүүлнэ. Хэд хоногийн өмнө нэлээд олон мянган гишүүнтэй фэйсбүүк группт нэг нөхөр цэргийнхний хүчээр төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авах хэрэгтэй гэсэн пост оруулж. За яахав, хэн нэг солиотон элдэв юм бичихийг алийг тэр гэхэв гээд орхиж болно. Хамгийн гол нь өнөөх постыг хэдэн мянган хүн дэмжин лайк дарж, түүнээс дутахгүй олон хүн шэйр хийн хуваалцжээ. Доор нь бичсэн сэтгэгдлүүдийг уншаад байвал Монголд юу юугүй иргэний дайн дэгдэх нь гэж бодогдмоор. Ерөөсөө л алж хядаад, буудаад, сөнөөгөөд өг гэсэн утга давамгайлаастай. Үе үеийн унхиагүй эрх баригч- даас болж ард түмний бухимдал дээд цэгтээ тулаад буйг хүн бүр мэднэ ээ. Улс орноо хөгжүүлэх олигтой бүтээн байгуулалт хийхгүй хэрнээ талцаж хэрэлдэх, хувааж идэхээ урьтал болгоод буй тэдний балгаар өнөөдөр УИХ-д суудалтай намуудын рейтинг нийлээд ч 30 хувьд хүрэхгүй болтлоо навс унасан. Гэхдээ л бид уужуу тайвуу ухаанаар асуудлыг шийдэж чаддаг ард түмэн. 1990 оны ардчилсан хувьсгалыг оготны хамраас ч цус гаргалгүйгээр хийж чадсан гэдгээрээ бахархдаг бус уу.

Солиотой гэмээр хийрхэгчид хаврын синдромыг улам өдөөж байна

Гэтэл одоо цуст бослого, зэвсэгт тэмцэлд уриалан дуудаж, түүнийг олноороо дагаж хуйлрах нь энгийн үзэгдэл болжээ. Хаврын синдромын хурц хэлбэр гэж ойлгох уу. Эсвэл санаатай явуулга, өдөөн хатгалга уу. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар сэтгэл санааны байдал хамгийн эмзэг болдог энэ улиралд аль болох тайван байж, хөнгөн хоол идэж, дасгал сургуулилт хийх хэрэгтэй юм билээ. Дасгал хөдөлгөөн хийх нь стрессийг гадагшлуулж, тархи оюуныг тайвшруулах ач холбогдолтой. Харин бусдын өдөөн хатгалга бүрт дагаж хуйлраад байвал сэтгэл санааны хямрал улам гүнзгийрэх болно. Харамсалтай нь, олон нийтэд таалагдахыг хүссэн ахархан бодолтой улстөрчид гал дээр тос нэмж, байдлыг улам хүндрүүлэх дуртай. Энэ мэдээж сайн үр дүнд хүргэхгүй. Уурлаж хилэгнэсэн, сэтгэл санаа нь тогтворгүй болсон ард түмэн хаашаа ч эргэхэд бэлэн байдгийг харуулсан жишээ дэл- хийгээр дүүрэн байна. Хэдхэн жилийн өмнө украинчууд төрийн эргэлт хийх гэж оролдоод юунд хүрэв. Крымийг Орост алдаад дууссан. Энэ улсын дотоодын хямрал одоо ч гүйцэд арилаагүй байна. Дотоодын хямралын улмаас улс орноороо сүйдэж буй Өмнөд Судан, Ардчилсан Конго улсыг дэлхий нийт сэтгэл шимшрэн харж байна. Бас л өөр хоорондоо эрх мэдлээ булаалдсан бүлэглэлүүдийн хөлд ард түмэн нь үрэгдэж, ядуурлын туйлд хүрэв. Энэ үймээн тэмцлээс уул уурхайд нь эзэн суусан гаднын том компаниуд л хожиж байгаа. Харин гаднын явуулгаар улсаа сүйрүүлж буй орны тод жишээгээр Сирийг нэрлэж болно. Хэчнээн ч жил хоорондоо байлдав. Үүнээс хэн ч хожсонгүй. Харин гэм буруугүй энгийн иргэд хэдэн зуун мянгаараа амь насаа алдав. Утга учиргүй, хийрхсэн улс төр ийм л үр дүнд хүргэдэг юм. Тиймээс бид аливаа өдөөн хатгалгад болгоомжтой, ухаалаг хандаж, юмны учрыг олохоосоо өмнө дагаж намирахгүй байдаг болохсон. Ялангуяа синдром ид хөдөлдөг хаврын цагаар.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж