М.Түвшинхүү: Жүжиг бүрийн гол дүрд би “азаартдаг”

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

М.Түвшинхүү: Жүжиг бүрийн гол дүрд би “азаартдаг”

М.Түвшинхүү: Жүжиг бүрийн гол дүрд би “азаартдаг”

УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүүтэй ярилцлаа.

Монголд киноны жүжигчин байдаггүй

-Маргааш /2018.4.12/ “Нора” жүжиг хоёр удаа тоглогдоно. Уг жүжгийг 1984 онд Монголд анх тоглож байсан юм билээ. Тухайн үед Хельмерийн дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва бүтээж байсан. Та түүнээс хэр ялгарч тоглох бол?

-1890-ээ оны үед “Хүүхэлдэйн байшин” нэрээр бичигдсэн энэ жүжиг тухайн үедээ баруун Европт шуугиулсан. Жендерийн асуудал тухайн үед эд хөндөгдөж байсан. 1984 онд тавигдсанаас 30 жилийн дараа театр маань Г.Доржсамбуу найруулагчийн гэгээн дурсгалд зориулан дахин тавьсан юм. Ардын жүжигчин П.Цэрэндагва бид хоёрын онцлог гэхээсээ илүү 30  жилийн өмнө театрын үзэгчдийн жүжиг хүлээн авалт, өнөөгийн үзэгчдийн хүлээж авч буй байдал өөр. 1984 онд, социализмын үед энэ жүжгийг үзэгчид дуулиантай хүлээж авсан. Шинэ үеийнхэн ч сайхнаар хүлээн авсан. Шулуухан хэлэхэд энэ нь яриан жүжиг, хоцрогдсон байж магадгүй жүжиг.

-Таны бүтээж буй дүр нэлээд бийлэгжүү, бас их ааштай хүний дүр байх юм. Ярилцлага авахаар цаг товлоход бодит байдал дээр тухайн дүрээс зөрүүгүй мэт санагдлаа. Та амьдрал дээр ямар хүн бэ?

-Бүтээсэн дүрээсээ амьдрал дээр зөрүүтэй байлгүй яахав. Ерөнхийдөө миний дууны өнгө, төрх хүнд тааруухан харагддаг юм шиг байна лээ. Үүгээрээ хүнд үнэлэгдэх тал бий.  

-УДЭТ-ын уран бүтээлчид сүүлийн үед дэлгэцийн бүтээлд их тоглох болсон. Таны хувьд “Сарны нулимс” хэмээх Монголын анхны олон ангит кинонд эерэг талын дүр бүтээж байсан. Түүнээс хойш дэлгэцийн бүтээлд хэр тоглосон бэ?

-Тэр бол их олон жилийн өмнө тоглосон дүр. Түүнээс хойш маш олон бүтээлд тогложээ. Тоолж байгаагүй юм байна.  

-Театрын жүжигчин дэлгэцийн бүтээлд тоглохыг шүүмжлэх нь бий. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Болохгүй зүйл байхгүй. Гэхдээ би ганцхан зүйл хэлье, Монголд киноны жүжигчин байдаггүй юм ш дээ.

-Яагаад?

-Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд бол жинхэнэ киноны жүжигчин. Бусад нь тайзны жүжигчид. Монголд киноны жүжигчин гэж байдаггүй юм. Тиймээс театрын жүжигчин кинонд тоглолгүй яахав. Гэхдээ миний хувьд тэр бүр кинонд тоглоод байдаггүй. Цаг, зав байдаггүйгээс гадна ядмаг бүтээлд оролцоод байхыг хүсдэггүй.

-Та ямар нэгэн бүтээлд тоглох эсэхээ хэрхэн шийддэг вэ. Ямар шалгуур тавьдаг вэ?

-Хамгийн эхлээд жүжигчин зохиолоо унших хэрэгтэй. Үүний дараа өөрт ямар нэгэн мэдрэмж төрж, азаар төрөх ёстой л доо. Өнөөдөр зарим жүжигчид хэн нэгэн хүн миний кинонд тоглоод өгөөч гэхээр “Тэгье” гээд л шууд очиж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Миний хувьд нэг, хоёр сая төгрөгөөр кинонд тоглох хүсэл байдаггүй. Найруулагч маань намайг хангалттай үнэлбэл би кинонд оролцдог.

Залуудаа “оддын өвчнөөр” өвчилж байсан

-УДЭТ дотроо дэг журамтай байдаг гэсэн. Олон жил ажилласан хүний хувьд залуусыг хэрхэн сургаж байна. Залуусын шүүмжлэлтэй зүйл болон авууштай тал нь юу байна. Мөн залуу байхдаа хэр “дэглүүлж” байсан бэ?

-Манай театрын залуу уран бүтээлчид маш мундаг. Залуусын дунд цэвэр уран бүтээлийн өрсөлдөөн явагдаж байна. Хувь хүнийхээ хувьд ч тэмцэлтэй, зүтгэлтэй байдаг. Би 2000 онд театрт орж ирсэн. Энд орж ирснээр би хүмүүжсэн. Алдартай, буурал уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан азтай хүн гэж өөрийгөө боддог. Миний хувьд уран бүтээлийн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Найруулагч бол босс, жүжигчид гүйцэтгэгч, цэрэг байдаг. Жүжигчид найруулагчийн цэрэг. Хэдэн цагт ир гэсэн тэр цагт бэлэн байх ёстой. Гэхдээ би жүжгийн бэлтгэлээс хааяа хоцроод байдаг талтай.

-Залуу байхдаа “оддын өвчнөөр” өвчилж байсан уу?

-Миний хувьд залуудаа энэ өвчнийг дайрч байсан. Азаар их эрт, богино хугацаанд тэр өвчнөөр өвчлөөд газарт буусан даа.  

-2000 онд УДЭТ-т орсноос хойш бүтээсэн дүрүүдээсээ хамгийн сайн бүтээсэн гэж үздэг дүрээ онцлохгүй юү?

-18 жилийн хугацаанд 100-аад жүжгийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Театр жилд 10 жүжиг хийж байсан үе бий. Одоо жилд 2-3 жүжиг шинээр тавьж байна. Энэ хугацаанд би гурван жүжиг найруулж, гурван жүжгийн туслах найруулагчаар ажилласан. Бүтээлүүд маань бүгд надад адилхан үнэлэгддэг. Анх Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын урилгаар “Кармен” жүжгийн гол дүрд тоглохоор театрт ирж байлаа. Анхны зүйл нандин байдаг болоод ч тэр үү, энэ дүр надад хэзээ ч мартагддаггүй. Халуун цустай Испани хүний дүрийг гаргах төвөгтэй байсан ч одоо бодоход их сайхан байдаг юм. Түүнээс хойш “Жаргах гэж дурладаггүй”, “Чимээгүй шөнө”, “Хүйтэн сэнтий” гээд жүжгүүд байна. Хамгийн сүүлийнх нь “Адууны түүх” жүжиг.

Том биетэй болохоор зарим дүр надад хаалттай байдаг

-100 гаруй жүжиг дээр ажилласан хүнд бүтээхийг хүсч буй дүр байна уу?

-Байлгүй яахав. Эрэгтэй жүжигчин бүр Гамлетын дүрийг бүтээхийг хүсдэг. Гэвч миний биеийн өндөр Монголын театрын жүжигчдийн дундаж нуруунаас харьцангуй өндөр. Ингээд биеийн хэмжээнээс шалтгаалаад зарим зүйл надад хаалттай байдаг юм.  Гэлээ ч надад чамлах зүйл алга.

-Том биетэйгээс болоод “гологдож” байсан дүр Гамлетаас өөр бий юү?

-Жүжиг бүрийн гол дүрд би азаартдаг.

-Азаартана гэдэг их олон утгатай үг. Уран бүтээлд арай өөрөөр хэрэглэгдээд байх шиг байна?

-Азаартах гэдэг нь цэвэр уран бүтээлийн үг. “Хайран юм”, “Даан ч яав даа”, “Би л энэ дүрд тоглох байсан юм” гэсэн бодол төрж, дотор шатахыг хэлж байгаа юм.

-Таныг олон насны зөрүүтэй эхнэртэй гэх юм. Нууц биш бол хувийн амьдралаа сонирхуулж болох уу?

-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Хүүхдүүд маань бага байна. Эхнэр маань сайхан, сайн эмэгтэй. Хүнсний мэргэжилтэн, уран бүтээлч хүний ар гэрээ авч яваа эмэгтэй.

Театрын эрэгтэй жүжигчид дотроо хамгийн сайн тогооч

-40 нас хүрээд хүний биеийн хэлбэр болон эрүүл мэндэд өөрчлөлт ордог. Таны хувьд энэ бүхэнтэй хэрхэн тэмцдэг вэ?

 -Машин жолоодолгүй, дугуй унаад гурван жил болж байна. Түгжрэлд бухимдаж явснаас дугуйгаар явах нь илүү амар, эрүүл мэндэд тустай байдаг. Хүн эмнэлэг явж биеэ эмчлүүлэхээс илүү өөрийгөө эмчлэх ёстой гэж боддог. Бага байхын л зүрх өвддөг байсан. Тэр маань дугуй унаснаас хойш зүгээр болсон. Аравдугаар сар хүртэл дугуй унана, өвөл нь алхана.

-Эхнэр тань хүнсний мэргэжилтэн гэхээр таны хооллолт дээр их анхаарч байна уу?

-Хооллолт дээр би илүү анхаардаг шүү. Аль болох эхнэрээрээ хоол хийлгүүлэлгүй өөрөө хийхийг илүүд үздэг. Харин тоглолттой үед эхнэр хоол хийж, хүүхдүүдээ хооллодог. Театрын эрэгтэй жүжигчид дотроо хамгийн сайн тогооч болов уу гэж бодож байна.

-Түвшинхүү гэдэг уран бүтээлчийг үзэгчид, хүүхдүүд тань  ямраар дурсаасай гэж хүсдэг вэ?

-Жүжигчин хүний өгөгдөл гэж бий. Миний өгөгдөл хүний хайрыг татдаг төрх биш. Театрын уран бүтээлчдийн баг дунд биеэр том, тоон дунд үсэг яваа мэт харагдаж, хүний нүдэнд онцгой харагддаг. Гэсэн ч би ур чадварын хувьд уран бүтээлчидтэй ижил хэмжээнд үнэлэгдэж, харагдах юмсан гэж боддог. Би театртаа чин үнэнч хүн.  Үр хүүхдүүд маань аавыгаа “Театр хэмээх ариун сүмд үнэнч хүн байсан шүү” гэж бахархаж, дурсаарай гэж хүсдэг.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж