Хотын дарга аа, энэ асуудлыг шийдэж өгөөч ээ!

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Хотын дарга аа, энэ асуудлыг шийдэж өгөөч ээ!

Хотын дарга аа, энэ асуудлыг шийдэж өгөөч ээ!

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд очиход хажуу тал нь нурж, цонх нь хагарч, цууралт өгсөн байр биднийг угтав. Хажууд нь нэгэн гэр барьжээ. Гэрийн бүсэнд Зам интернэшнил’ гэх солонгос компани хуулийн нэрийг барьж, хүч түрэн оршин суугчдын эрх ашигт халдаж байгаа талаар томоос том эсэргүүцлийн бичиг өлгөжээ. Харин шавар нь нурж унасан байрны хажууд ‘Газрын наймаа гаарч’ байгаа талаар мөн л эсэргүүцлийн бичиг хадсан харагдав.

Нийслэлд бүтээн байгуулалт өрнөж, хот өдрөөс өдөрт тэлж, өөрчлөгдөж байгаа. Гэвч, бүтээн байгуулалтыг дагаад сөрөг үр дагаварууд ч харагдсаар байгаа юм.

Урин дулааны улирал ирж, барилга, зам засварын ажил энд тэндгүй өрнөж байна. Гэвч барилгын компаниуд оршин суугчдын эрх ашгийг хохироож буй тод жишээ болсон үйл явдал Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд болж байна. Айлуудын цонх, хүн машин явах ганц гарцыг хааж таван давхар барилга барих асуудлаас болж барилгын компани болон оршин суугчдын дунд бяцхан тэмцэл өрнөөд уджээ. Оршин суугчид барилга барихаар зэхэж байгаа суурин дээр нь гэр барьж, машинуудаа хааж тавин эсэргүүцлээ ийн илэрхийлж сууна.

Сүүлийн жилүүдэд хоёр орон сууцыг холбосон таван давхар орон сууц үйлчилгээний зориулалттай барилгууд  ихээр баригдах болсон. Үүний тод жишээ бол  “The Beatles” хөшөөний зүүн тал, Оросын элчингийн баруун талд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны 44,45 дугаар  байр юм. Эдгээр хоёр байрыг холбосон таван давхар арктай  барилга барихаар “Зан интернэшнл” гэх компани газар шорооны ажлаа хэдийн эхлүүлсэн  ч оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгаран түр зогсоод байгаа юм. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр 44 дүгээр байрны урд хэсгийн өргөтгөлийг шүүхийн шийдвэрийн дагуу нураажээ. Дээрх өргөтгөлийг тус байрны 02 тоотын орон сууцыг эзэмшигчид болох Т.Улаанаа, Т.Ганцогт нар 1999 онд бүхий л зөвшөөрлийг нь аваад  2004 онд өргөтгөлийг барьсан байна.

Тус өргөтгөлийн нэг давхарт япон гэр ахуйн барааны дэлгүүр, хоёр давхарт нь “Севва грилл паб” ажилладаг байжээ. Эдгээр нэгжүүдийг зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулсан хэмээн шүүхийн шийдвэрээр барилгыг нураасан байна. Энэ талаар иргэд хувийн өмчөө өмчөө шүүхийн шийдвэрээр нураалгачхаад байна гэж гомдоллож сууна.

“Зан интернэшнл” ХХК-ийн  удирдлагуудтай мэдээлэл авахыг хүссэн боловч, утсаар богинохон тайлбар хийв. Тус компанийн албаны хүний тайлбарласнаар “2004 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн засаг даргын захирамжаар дороо үйлчилгээтэй орон сууц болох  таван давхар арктай барилга барихаар захирамж шийдвэр гараад холбогдох зөвшөөрлийг авсан байна.  Харин манай  компанийн эзэмшил газар дээр 44 дүгээр байрны 02 тоотын орон сууцыг эзэмшигчид болох Т.Улаанаа,Т.Ганцогт нар өргөтгөл барьсан. Компанийн зүгээс тохиролцох саналыг тавсан боловч хүлээж аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эцсийн шийдвэр гарч өргөтгөлийг зөвшөөрөлгүй, хууль бус гэж тогтоон албадан буулгаж газар чөлөөлсөн. Харин бусад гурван айлтай ярьж тохиролцон мөнгөн төлбөр өгч зөвшөөрөл авсан. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Оршин суугчидтай уулзаад бид нар оршин суугчдад нөхөн төлбөр өгөөд зөвшөөрлийнх нь гарын үсгийг аваад нэг өрөөний хоёр цонх биш нэгийг л  хаана гэж тохиролцсон.Түүнээс биш харанхуй болтол битүүлнэ гээгүй” гэв.

Би хоёр цонхоо худалдаагүй

Харин 44 дүгээр байрны хоёр давхарт оршин суугч Н.Болдсайхан ийн ярьж байна. Тэрбээр  “Би эхнэр гурван хүүхдийн хамт энэ байранд 11 ажил амьдарч байна. Манайх энэ өргөтгөлийг нураах явцад маш их хохирол амссан. Цонх цуурсан, барилгын хананд цууралт үүссэн. Манай цонхтой наагаад өргөтгөл баригдсан байсан. Шүүхийн шийдвэрээр нураахдаа оршин суугчдад ерөөсөө мэдэгдээгүй. Нэг ёсондоо шүүхийн шийдвэр гуравдугаар сарын 12-ны өдөр гарсан. Гэтэл гуравхан хоногийн дараа шууд нураасан. Уг нь аливаа нэг шүүхийн шийдвэр гарахад шийдвэр гүйцэтгэхийн тулд албан тоот өгөх ёстой байдаг юм байна. Аль аль талаас тийм бичиг ирээгүй. Хоёрдугаарт, ямар ч төрийн албаны хяналтад доор нураагдаагүй. Шууд л том том биетэй залуучууд орж ирээд л аминдаа хайртай нь гараарай гээд л нурааж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж байсан  пабын тоног төхөөрөмжүүд ширээ сандал, мөн дэлгүүрийн тоног төхөөрөмжүүд бүгд юу ч үгүй болсон. Мэдэгдэл хүргүүлээгүй болохоор аж ахуйн нэгжүүд нураана гэж юу ч мэдээгүй байсан. Харин иргэдтэй тохиролцон мөнгөн төлбөр өгч зөвшөөрөл авсан гээд гүтгэлгийн чанартай мэдээлэл яваад байна. Иргэн хүний хувьд би хоёр цонхоо худалдаагүй. “Зан интернэшнл” компанитай тохиролцоогүй. Ганц  урагшаа харсан гэрэл гэгээ ордог цонхоо юу бодож барилга  барьж байгаа компанид зараад зогсож байх вэ?  Манай гэр бүл харанхуй нүхэнд амьдарч чадахгүй шүү дээ” гэв.

Оршин суугчдын хэлж байгаагаар тус барилга баригдвал  галын машин орох ганц гарцыг хаах аюултай гэнэ. “Соёлч 40 мянгат” сууц өмчлөгчдийн холбооны байрууд нь ашиглалтад ороод удсан учраас гал гарах аюул өндөр, өмнө нь ч гал гарч байсан тохиолдол бий гэнэ. Тухайлбал 2014 онд 40-44 байр хүртэл үргэлжилсэн  дээврийн хөндий шатахад энэхүү барилга барих гээд байгаа зайгаар орж унтрааж байсан байна. Хэрэв энэ  зайг барилга бариад хаачих юм бол иргэдийн аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа явдал юм.

Аминдаа хайртай бол өөрөө гараарай

Тус өргөтгөлийн нэг давхарт япон гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан ч дэлгүүрийнхээ өргөтгөл хэсгийг нураалгуулсан иргэн Б.Амартүвшин  ийн ярилаа. Нураалгасан хэсэгт дэлгүүрийн барааны агуулах байсан гэнэ. Түүний хувьд 50 сая гаруй төгрөгөөр хохирчхоод байгаа бөгөөд түүний хохирлыг хэн яаж барагдуулах нь тодорхой бус байгаа юм.

Тэрбээр “Дэлгүүрээ  16 хоног түр хаагаад  засвар хийгээд нээгдээд удаагүй байтал ийм зүйл тохиолдлоо. Гуравдугаар сарын 15-ны өдрийн өглөө 10:10 цагт шууд нурааж эхэлсэн. Дэлгүүрээс бараагаа гаргах гэтэл “Аминдаа хайртай бол өөрөө гараарай” гэж хэлсэн. Миний хувьд  дээрх компанитай тохирсон зүйл байхгүй. Өмнөх айлууд нь цонхоо зарсан гэх яриа байдаг л юм. Оршин суугчид бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга, Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналт, Авлигатай тэмцэх газар,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт хүргүүлсэн. Гуравдугаар сарын 21-ны өдөр Онцгой байдлын газраас дээрх газрын  олгогдсон зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн хариу ирсэн. Бусад газраас хариу ирээгүй. Нураасан өргөтгөл хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан иргэд тус тусдаа  шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Эхний ээлжид холбогдох байгууллагууд руу явуулсан хүсэлтийн хариу 14-21 хоногийн дотор ирэх  учир миний хувьд  хүлээлтийн байдалтай л  байна. Өмгөөлөгчийн хэлснээр бол хүсэлтийн хариу яаж ирэхээс шалтгаалж цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцана гэсэн. Энэ хавьдаа ганц галын гарцтай байр нь 44,45 байрны  энэ зааг байгаа юм. Иргэд бид энд яасан ч барилга бариулахгүй.Энэ зорилгоосоо яасан ч ухрахгүй.Газрынхаа захирамжийг цуцлуулчхаад хохирсон иргэд бид хохирлоо барагдуулж, гаднах талбайн тохижилтоо янзлуулна” гэв.

Онцгой байдлын газраас ирсэн бичигт  “Барилга баригдах явцад шуурхай албаны автомашин орох зам гарц байхгүй, мөн гал түймрийн үед гал унтраах автомашин нь 18 метрийн радиуст эргэлт хийж маневарладаг тул тус хорооллын дотогш орж гал унтраах буюу аврах ажиллагаа явуулах боломжгүй юм” гэж бичсэн байна.

Өргөтгөл хийгдсэн байрны өмчлөгч  иргэн Т.Ганцогтын хувьд байрынхаа өргөтгөлийн зөвшөөрлийг 2004 онд холбогдох бүх байгууллагаас авч барьжээ. Зөвшөөрөл авсан жилээсээ эхлээд сонирхсон хүмүүст түрээслэх, өөрсдөө ашиглах зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Өргөтгөл нураагдах явцад “Севва грилл паб”-ыг  түрээсэлж байсан залуус дотор нь байж таарчээ. “Аминдаа хайртай бол гараарай. Бид нар буулгалаа шүү” гээд өргөтгөлийн зүүн булангаас нь эхлээд том барилгын машинаар нурааж эхэлсэн байна. Нураах ажил хоног завсарласан хооронд ажилчид өөрсдөө бүтэн үлдсэн ганц нэг  зүйлээ авсан гэнэ.

“Зан интернэшнл” компанитай тохирсон зүйл юу ч байхгүй

Энэ талаар “Севва грилл паб”-ын түрээслэгч, байрны өмчлөгч Т.Ганцогт ийн ярилаа. Тэрбээр “Төр засаг өөрөө шийдвэр гаргаж болно. Гэхдээ тэр шийдвэр нь хуулийн дагуу зөв амьдрал дээр хэрэгжихээр байх ёстой. Анхнаасаа 2004 онд “Зан интернэшнл” гэх компанид  барилга барих захирамж гаргадаг нь хамгийн тэнэг үйлдэл. “Зан интернэшнл” компани ямар ч үйл ажиллагаа байхгүй. Зүгээр л ганц  гэрчилгээтэй компани. Гүүглээс хайгаад үзэхэд ямар ч мэдээлэлгүй шүү дээ. Тэгэнгүүтээ хаанаас ямар хөрөнгөөр барилга барих гээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Энд барилга баригдвал энгийн иргэдийн явах,машин орж гарах гарцыг хаачхаж байгаа юм. Дээрээс нь тэнд дөрвөн айлын найман цонхыг тулгаад байшин барина гэж байгаа. Их дэлгүүр циркийн  хооронд  орж гарах дөрвөн зай байсан. Одоо бол хоёр нь бөглөгдсөн. Үндсэндээ хоёр зай  үлдсэн ч газрын маргаантай иймэрхүү л байдалтай байна. Яг энэ дөрвөн арктайгаар холбоотойгоор шүүхийн маргааныг тоолох юм бол тоогоо алдсан байх.

Шүүхийн маргаантай холбоотой асуудал дээр шүүх асуудлыг их сонин шийддэг. Шүүгчийн байрны цонхонд тулгаад барилга  барихаар болох юм бол шүүгчийн шийдвэр яаж гарах байсан бол гэдгийг дотроо их боддог. Шүүгч нарын өөрсдийнх цонхыг хааж барилга баригдах нээ гэдгийг мэдсэн бол өөрсдийнхөө цонхыг хаалгах газрын зөвшөөрлийг хэзээ ч өгөхгүй дээ. Тэгэхээр иргэдэд үйлчилж байгаа,хуулийн зарчим, албан тушаалтанд үйлчилж байгаа хуулийн зарчим асар том зөрүү байгаа биз. “Зан интернэшнл” компанийн зүгээс нийтийн санал асуулга явуулсан зүйл огт байхгүй. Уг нь ном журмаараа явсан бол хамгийн эхэнд тухайн компаниас “Манайх энд барилгын зориулалтаар газар авах гэж байна. Тэгэхээр танай цонхыг хааж таарах нь. Иргэн та ямар саналтай байна” зэргээр саналыг   асуух ёстой байсан.  Энэ асуудал нь ганцхан цонхоо хаалгуулж байгаа башингынхаа суурийг хөндүүлж тулгуулж барилга бариулж байгаа ханан талд байгаа хэдхэн айлын асуудал биш. Нийтийн эрх ашгийн асуудал яригдаж байна. “Зан интернэшнл” компани ямар нэгэн аргаар газрын зөвшөөрлөө авчихсан. Хүчээр  барилгаа барих гэж үздэг.Тэгээд тэр нь асуудалд орохоор бид иргэдтэй тохирсон гэж худлаа ярьдаг. Гэтэл бодит байдал дээр 2007 онд тохиролцсон гээд байгаа долоон хүний хэд нь энд байгаа юм. Тэр одоо хүчин  төгөлдөр тохиролцоо мөн үү?

Ер нь анхнаасаа миний шүүхээр явсан  зорилго бол  өөрийнхөө  хувийн өмчийг хамгаалсан. Хоёрдугаарт хууль бус захирамж өөрөө хэрэгжих гээд байдаг нь зөв үү буруу юу гэж шүүх дээр их тайлбар тавьдаг байсан. Айлын цонхыг хааж барилга барина гэдэг нь хамгийн бүдүүлэг үйлдэл. Хотын дарга энэ  нөхцөл байдал ямар байгааг нүдээр үзэж, асуудлыг шийдэж өгөөсэй. Би албан ёсны үнэлгээний компаниар хохирлоо тогтоолгоно. Хохирлоо төлүүлнэ. Ямар нэгэн байдлаар “Зан интернэшнл”  компанитай  тохирсон зүйл юу ч байхгүй” гэв.

Уг нь аливаа аж ахуйн нэгж  барилга байгууламж барихад онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт гарж, тэрхүү дүгнэлтээ барилгын хөгжлийн төвөөр хянуулсны дараа нийслэлийн хот төлөвлөлтийн газар руу явдаг аж. Гэтэл “Зан интернэшнл” компани хоёр шатны байгууллага алгасаад газрын зөвшөөрлийг ямар аргаар авсан бэ  гэдэг нь иргэдийн сонирхлыг ихэд татаад байгаа юм. Тус компаниас гуравдугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт барилга байгууламж барих зөвшөөрөл авахаар холбогдох бичиг баримт бүрдүүлж өгсөн гэх.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа ““Иргэдийн зүгээс манай байгууллагад гомдол ирүүлсэн  учир шалгаж  байна. Бүх хууль хяналтынх нь шийдвэр манайд ирсэн. “Зан интернэшнл” компанийг барилга барихыг нь зөвшөөрсөн. Харин одоогийн байдлаар манай удирдлагууд барилга эхлэх зөвшөөрөл олгож болохгүй гэсэн байр суурьтай байна. Иргэдийн гомдлыг шалгаж байгаа учир барилгын ажлыг нь зогсоосон байгаа” гэв

Энэ хавийн 40-44  дүгээр байрны барилгууд нь бөөр бөөрөөрөө нийлцэн бөгөөд хамгийн сүүлийн тусгаарлаж байгаа зай нь  энэ хоёр байрны зааг юм. Дээрх барилга баригдчихлаа гэж бодоход  2014 онд гарсан гал  шиг их хэмжээний  гал гарах юм бол  үндсэндээ энэ тойрог битүү учир шатаад дуусна гэсэн үг. Тэр тохиолдолд хэдэн хүн амь  нас өмч хөрөнгөөрөө  хохирох уу? Энэ хариуцлагыг хэн хүлээх үү?  Иргэд ийнхүү нар харахын төлөө ийн тэмцэж байна. Тэд ‘Хотын дарга аа,  энэ асуудлыг шийдэж өгөөч ээ’ гэсэн хүсэлт тавьж сууна.

 

2014 онд гал гарах үеийн зураг

2013 онд гал гарах үе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж