Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү?

Гүүрэн зам барих газрыг чөлөөлсөн үү?

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулахын тулд Замын цагдаагийн орчимд олон огтлолцолтой гүүрэн зам барихаар болсон. Нийт өртөг нь 42.3 сая ам.доллар юм. Хятад улсын зээлээр барих гүүрэн замыг эсэргүүцэгчид олон байгаа. Нэг хэсэг нь өрөнд орж, өндөр өртөгтэй гүүр барих шаардлага байна уу гэдэг асуудлыг хөндөж буй бол нөгөө хэсэг нь газар чөлөөлөлтөд олгох нөхөн олговорт нийслэл гүүрэн зам барихад зарцуулахтай дүйх зардал гаргана гэдэг тайлбар хийгээд буй.   

Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөхөд зарцуулах нөхөн олговорт хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байгааг тодруулахад “42.3 сая ам.доллартай дүйх нөхөн олговрыг аж ахуйн нэгж, иргэн шаардсан гэдэг нь үндэслэлгүй” хэмээн няцаалаа.

Гүүрэн зам барих ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөний дийлэнх нь газар эзэмших гэрчилгээтэй аж. Газар эзэмшлийн гэрчилгээтэй аж ахуйн нэгжид нөхөн төлбөр олгодоггүй. Газрын тухай хуулиар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглах үүрэг хүлээдэг. Мөн эдгээр нэгжүүдийн хувьд эзэмшиж буй газар нь бүтэн трасст орсон, эсвэл барилга байгууламжийг нь буулгах зэрэг арга хэмжээ авагдахгүй. Эзэмшиж байгаа газраасаа тодорхой га газрыг л татна.

Нийтдээ 22 нэгж газраа татахаас 21-ийн хувьд асуудалгүй дэмжсэн, харин Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ тодорхой хэдэн саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирүүлснийг өнгөрсөн даваа гаригт /2018.04.09/ хэлэлцжээ. Саналыг нь дэмжээгүй тул ажлын хэсгийнхэнд ҮСАХ-гийнхэнтэй дахин энэ асуудлыг ярилцахыг үүрэг болгосон байна.

Саналыг нь тодруулбал, гүүрэн зам барих хугацаанд ҮСАХ-гээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ёстой 698 сая төгрөгийг чөлөөлөх, хүрээлэнгийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд өгөх, чөлөөлөгдөх газарт 322 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг хүсчээ. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас дээрх саналыг дэмжээгүй нь “ҮСАХ-гийн 24 хувийг нийслэл эзэмшдэг. Ийм байхад нийгмийн хариуцлагаа ухамсарлаад бүтээн байгуулалтын ажлыг дэмжих ёстой атал санал нэрийн дор нөхөн олговор шаардаж, мөн төсөвт төвлөрүүлэх орлогоос чөлөөлүүлэхийг хүссэн нь буруу гэж үзсэн аж. 

Гүүрэн зам барих ажлыг энэ сарын 15-аас эхлүүлэхээр Нийслэлийн авто замын газраас төлөвлөсөн. Ихэнх газрыг чөлөөлсөн тул ажил эхлэхэд хүндрэл учрахгүй гэдэг тайлбарыг нийслэлийн Газрын албанаас өгсөн ч ҮСАХ-тэй холбогдох газар чөлөөлөлт ажил уяж болзошгүй байна. Хүүхдийн парк хэмээн нэрлэгддэг ҮСАХ нь 3619 м2 бүхий талбайд үйл ажиллагаа явуулдаг аж. Газар чөлөөлтөд эзэмшил талбайнх нь 3 хувь хамрагдах шаардлагатай юм байна. 

Гүүрэн Замын автор нь Ардчилсан нам

Гүүрэн зам барих ажил энэ сарын 15-аас эхлэх болж буй ч шийдвэрийг гурван жилийн өмнө гаргаж байжээ. Санаачлагч нь Ардчилсан нам гэж хэлж болох нь.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болоход тухайн үед эрх барьж байсан Ардчилсан нам энэ төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, баталжээ.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно гэж үзсэн юм байна.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт баригдана. Мөн Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм байна.

Анх бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр гүйцэтгэгч компани санал тавьсан байсан ч ажлын хэсгээс хугацааг урт гэж үзсэнээр 1.6 жил болгожээ.

Олимпийн гудамж нь ачаалал ихтэй авто замын нэг юм. Гүүрэн зам барих үед тус авто замыг хаана. Орлуулж долоон байршилд түр зам гаргана.

  1. Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
  2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
  3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
  4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
  5. Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
  6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
  7. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам хийж байгаа аж. Ажил удахгүй дуусах юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж