Улаан асрын зүүд (107-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (107-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (107-р бүлэг)

Улаан асрын зүүд (107-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуун долдугаар бүлэг

ИЛҮҮ МӨНГӨӨ ТҮГЭЭН ЖЯ МҮ ИХ ЖУРМЫГ ТОДОРХОЙЛЖ, СУРВАЛЖИТ ТУШААЛЫГ СЭРГЭЭЖ ЖЭН ӨТГӨС ТЭНГЭРИЙН ХИШИГ ХҮРТЭВ

Өгүүлэх нь: дотоод ордонд ороод Жя Жөн цэргийн яамны олон сайдтай золгож бас олон вантай учрав. Умарт Жюань ван:

-Энэ өдөр бид зарлигаар танаас асуух явдалтай болоод дуудуулсан юмаа гэсэнд Жя Жөн яаран сөгдөв. Олон сайд:

-Чиний ах, хөдөөх мужийн ноёдтой сүлбээлж эрхэндээ эрэмшин ядуу доодсыг дарлаж, хөвгүүний дураар олныг цуглуулан мөрийтэй тоглуулж, номхон ардын эмс охидыг булаахаар шахаж алсан явдлыг чи цөмийг мэдэх үү гэж асуусанд Жя Жөн:

-Ялт түшмэл миний бие эзний хишгийг хүртэж нэр заасан сургагч түшмэл болоод хугацаагаа дуусгасан хойноо тэтгэмжийн ажлыг шалгаж байгаад өнгөрсөн жилийн эцсээр буцаж ирсэн. Дараа нь хишгээр үйлдэх ажилд томилогдоод удалгүй бас Жянси мужийн газар тариаланг захирах тушаалыг хүлээж байгаад эзэнд буруушаагдсан хойноо нийслэлд буцаж ирээд мөн үйлдэх явдлын яаманд өдөр шөнөгүй хичээн зүтгэлээ. Гэрийн алив явдлыг огт хайхарсангүй. Энэ үнэхээр их эндүүрэл боллоо. Хүүхэд ач нараа сургаж чадсангүй нь эзний хишгийг мартсан явдал юм. Хэдэнтээ залхаан шийтгэхийг эзнээс гуйсугай гэсэнд Умарт Жюань ван хэлсэн ёсоор нь дээш айлтгав. Төдөлгүй эзний зарлиг буусанд умарт Жюань ван тоочиж өгүүлсэн нь:

-Байцаагч түшмэл, Жя Шө гаднах мужийн ноёдтой сүлбээлдэж, эрхэндээ эрдэж, ядуу доордыг дарласан учир, тэр байцаагч түшмэлийн зааснаар болбол Пин Аньжөүтай явалцаж, Жя Шө зарга заалхайд гар дүрсэн зэргийг илчлэн айлтгасанд, дээд эзэн “Жя Шөг чанга шийтгэх хэрэгтэй” гэжээ. Өчгийг үзвэл, Пин Ань жөүтай ураг элгэн холбоотой бөгөөд албаны хэрэгт оролцоод удаагүй гэсэнд байцаагч түшмэл ч гэрчилж чадсангүй. Гагцхүү хүчиндээ эрдэж, дүүжин чулуу гэгчийн хуучин дэвүүрийг булаан авсан явдал хэдий үнэн боловч энэ бол тоглоом наадмын эд болох тул ардын хөрөнгийг эзэрхсэнтэй адилгүй. Дүүжин чулуу хэдий амиа хорлосон боловч солио галзуугаас болсон бөгөөд шахамдуулан алснаас ялгаатай. Одоо Жя Шөгийн ялыг хөнгөлөн хилийн өртөөнд илгээж, ялыг нь тайлуулахаар болжээ. Жя Жөнь шударга ардын эмс охидыг булааж татвар болгох гэсээр шахаж хавчин үхүүлэв гэгч заргын тухай, бүгдийг байцаах яамны уг заалдсан бичгийг үзвэл, Ёу Эр же бол угтаа Жан Хуагийн ядуу хоосны эрхээр дуртайяа ургаа буцсаны дараа Ёу Эр жегийн эх нь сайн дураар Жя Жөний дүүд татвар болгон өгчээ. Эзэрхэн булаасан явдал биш болой. Ёу Саньжегийн амиа хорлосныг албанд мэдүүлэлгүйгээр булж хаясан явдлын тухайд байцаавал, Ёу Саньже бол Жя Жөний хүр охин дүү мөн бөгөөд түүнд нөхөр хэлэлцэж өгөх гээд сүй тогтоох бэлэгт шахагдсаны дээр үжид самуун үг тархаасан тул ичингүйрээд амиа хорложээ. Жя Жөнь хавчиж үхүүлсэн биш. Тийн гэвч өөрийн бие нь үе улирсан тушаалтан байгаад хууль цаазыг мэдэхгүй амины хэргийг дарагдуулсан явдалд шийтгэвэл зохих боловч гавьяат түшмэлийн үр болох тул ял тулгалгүйгээр уучлан аваачиж тушаалаас нь огцруулан хилийн газар илгээж ялыг нь тайлуулна. Жя Руний нас бага тул цээрлүүлэн сургаад тавина. Жя Жөн үнэхээр олон жил гаднах мужид алба хааж, албанд хичээнгүй зүтгэсэн тул түүнийг гэрээ олигтой хамаарсангүй гэдэг ялаас хэлтрүүлжээ гэв.

Жя Жөн сонсоод нулимс асгаруулан талархаад яаран мөргөв. Бас доорд түшмэлийн сэтгэлийг орлон айлтгах болов уу гэж ван ноёнд мөргөн гуйв. Умарт Жюань ван

-Чи тэнгэрийн таалалд мөргөн талархвал болно. Бас ямар айлтгах юм байна вэ гэвэл Жя Жөн,

-Ялт түшмэл би, богдын өршөөлөөр их ял авсангүйгээр барахгүй бас гэр хөрөнгийг буцаан хайрласанд гэмшин төвдөхгүй байх тул дээдсийн үлдээсэн хүнд хишиг ба хуримтлуулсан хөрөнгө хогшлыг цөмийг албанд тушаахыг хүснэ гэв. Умарт Жюань ван,

-Энэ богд эгэл доордоо элбэрэн нигүүлсэж, эрүүгийн хуулийг хичээмжлэн хэрэглэж, сайшаал шийтгэлийг алдалгүй журамлана. Одоо нэгэнт цаглашгүй их хишиг хүртээж, эд агуурсыг чинь эгүүлэн өгсөн тул чи бас ийнхүү илүүц айлтгал өргөж юү хийнэ вэ гэсэнд түшмэл ч хэрэггүй гэж хэлэв.

Жя Жөн хишигт мөргөж вантанд ёслон талархаад гарч Жя Мүгийн сэтгэлийг амгуулая гэсээр яаран харив. Их бага, эр эм бүх хүн Жя Жөнг ёр бэлгэгийн учирт дуудсаныг мэдэхгүй тул гадуур сураглуулж байтал түүний ирэхийг хараад ялимгүй сэтгэл тайвширсан боловч асууж чадсангүй. Жя Жөн санд мэнд эхийнхээ дэргэд очиж эзний хишиг хүртэн уучлагдсан явдлыг тодорхой хэлж өгөв. Жя Мү хэдий сэтгэл нь амарсан боловч хоёр тушаалаа алдаад, Жя Шө хилийн өртөөний газар алба хааж, Жя Жөнь бас хязгаарын газар явах болсныг сонсоод эмгэнэн гасалж эхлэв. Шин Фүрэнь, Ёу хатан хоёр сонсоод уйлцгаав. Жя Жөн:

-Лао тайтай санаа амар бай. Ах хэдий хилийн өртөөнд очих боловч мөн төрийн албанд зүтгэх тул зовж зүдрэхэд хүрэхгүй. Сайтар зүтгэвэл бас тушаалаа сэргээж болно. Жэнь хөвгүүн яг залуу байх тул сайтар хичээн зүтгэх хэрэгтэй. Үгүй бол өвөг эцгийн буяныг удаан эдэлж чадахгүй болно гэх мэтийг тодруулж хэлэв.

Жя Мү, Жя Шөг нэг их таашаадаггүй бөгөөд зүүн ордны Жя Жөнь ч хар нүднээс хөмсөг гадуур тул Шин Фүрэнь, Ёу хатан хоёр л их уйлж байв. Шин Фүрэнь дотроо:

-Гэр хөрөнгө байхгүй. Эр нөхөр нь алс хол явах болоод Жя Лянь хүү нь байвч хоёрдугаар авгыг дагасаар ирсний дээр одоо бүр ч тэдний царайг харах болсон тул бараадаж дагахаас ч яахав. Одоо би гоонь бие, ганц толгой яах вэ гэж бодно. Тэр Ёу хатан бол Нин Гуофү ордны явдлыг ганцаараа мэдэж Жя Жөнийг эс тооцвол ганцаараа хүндлэгдсээр ирсний дээр эхнэр нөхөр хоёр их эвтэй байдаг. Одоо ялд унаад хол явах болж, хамаг хөрөнгөө хураалгаад Рун Гуо Фүд хоргодох болсон тул Лао тайтай хайртайн учир эдний гэрт багтан суухад хүрчээ. Жя Рун эр, эм хоёр үүд өрхөө дээш татах чадалгүйн дээр Пэй Фөн, Ше Луань хоёртой үлджээ… гэж Ёу хатан бодож байснаа, хоёр охин дүүг нь Жя Лянь үгүй хийгээд, ямар ч юм болоогүй юм шиг, эхнэртэйгээ хоёул хотол бүрэн амьдарч байна. Тэгэхэд бид хэдүүлхнээ үлдээд одоо яаж өөдөлнө гэж бодохоос нулимс нь гарна.

Жя Мү сэтгэл төвдөхгүй хүүгээсээ: “Чиний ах, Жя Жөнь хоёрын ял шийтгэл шийдэгдсэн тул одоо гэртээ ирж болох уу. Жя Рун холбогдолгүй юм бол тавигдаад ирэх үү” гэж асуув. Жя Жөн:

-Чухам ёсондоо бол ах ирж болохгүй. Гэвч би ах, ач хөвгүүн хоёрыг гэрт нь ирүүлж, юм хумыг нь төхөөрүүлье гэж гуйсанд яам зөвшөөрсөн. Бодвол Жя Рун тэдэнтэйгээ цуг ирэх байхаа. Лао тайтай тайван бай. Би очоод аргална гэв. Жя Мү: “Энэ хэдэн жил би өтлөөд хүнээсээ гарлаа. Гэрийн явдлыг ер хайхарсангүй. Одоо зүүн ордон цөлмүүлээд бүх юм нь албаны боллоо. Ахын чинь гэр, Жя Ляний юмыг ч хураалаа. Манай баруун ордны сангийн мөнгө, зүүн мужийн газар тариалангаас хичнээн үлдэж байгааг чи мэдэж байна уу. Тэр хоёрыг явахад овоо мөнгө өгвөл сайн сан гэв. Түүнийг ийн ярьж байхад Жя Жөн, үнэнээр яривал эх зовно. Хэлэхгүй бол хожмыг байтугай одоо ч аргагүйг яана гэж бодож байлаа. Тэгээд:

-Лао тайтай асуугаагүй бол би аймшиггүй хэлж чадахгүй. Одоо та нэгэнт асуусан тул хэлье. Жя Лянь хөвгүүнийг би өчигдөр байцааж үзлээ. Хуучин сан хөрөнгийн мөнгө хэдийн хоосроод, хэрэглэж дууссанаар барахгүй, гадагшаа бас өртэй болжээ. Одоо ч гэсэн ахын явдалд мөнгө зарж, хүн гуйхгүй бол, эзэн хаан хэдий уучлан өршөөсөн боловч тэр эцэг хөвгүүн хоёрт төдий сайнгүй бөгөөд одоо энэ мөнгийг ч аргацааж чадахгүй байна. Зүүн мужийн газар тариа гэвэл дараа жилийн түрээсийг энэ жилдээ идэж бараад эвлүүлж болохгүй байх тул эзний өршөөлөөр хөдөлгөлгүй үлдсэн хувцас хунар, засал зүүдэл цөмийг худалдаж ах ба Жя Жөнь хоёрын замын зардал болгохоос өөр аргагүй. Амьдралын явдлыг дараа нь бодож үзье гэв.

Энэ яриаг сонсоод Жя Мү бас л уйлав. Тэгээд:

-Юу вэ энэ чинь, манай гэр бас энэ хэмжээнд хүрсэн юм уу? Би хэдий биеэр өнгөрөөсөнгүй боловч эргэцүүлэн бодоход миний төрхөм угтаа эндэхээс арав дахин илүү байсан боловч бас хэдэн жил хоосон ямбархсаар ийм хэрэг гараагүй байтал доройтсоор нэг хоёр жил бололгүй дуусчээ. Чиний хэлэхээр, манайх одоо нэг хоёр жил ч тэсэхгүй болов уу гэв. Жя Жөн:

-Энэ хоёр үе улирсан пүнлүү хөдлөөгүй бол гадна бас баахан болно. Одоо түшиг найдвар юү ч үгүй болсон тул хэн манийг дэмжих юм бэ? гээд нулимс унагаад, төрөл садангийн дотор манайхны зарж байсан нь одоо цөм үгүйрээд, зараагүй нь дэмжих ч үгүй. Өчигдөр би нарийн шалгасангүй. Зөвхөн гэр зуур зарагдаж байгаа хүн бүлийн дансыг үзвэл, дээш хэрэглэх мөнгийг гаргах газаргүйгээр барахгүй, доорх хүмүүсийг ч тэжээж чадахгүй болжээ.

Ингээд Жя Мү арга тасран зовж байтал Жя Шө, Жя Жөнь, Жя Рун нар ирж их ахайтны амрыг айлтгав. Жя Мү нэг гараараа Жя Шөг, нөгөө гараараа Жя Жөнийг бариад асгаруулан уйлав. Тэр хоёр ичингүйрэн ширвээдэж, сөгдөн уйлалдав. Тэд: “Үр ач нар болсон бид олиггүйдээ дээдсийн гавьяаг алдаад, бас Лао тайтайг зовоосон тул бид нар үхэвч ясаа тавиулах газаргүй боллоо” гэв. Жя Жөн арга буюу ятгаж:

-Харин урьдаар энэ хоёрын зардлыг бодъё. Гэртээ нэг хоёр өдрөөс илүү байж болохгүй. Удвал хүлээхгүй шүү гэсэнд Жя Мү нулимсаа тогтоож ядан: “За та хоёр авгай нартайгаа ярилцацгаа” гээд Жя Жөньд:

-Энэ явдлыг сунжруулж болохгүй. Гаднаас бараг олдохгүй дээ. Эзний тогтоосон цагийг зөрчиж болохгүй. Би та нарт аргалж өгье. Энэ гэр яахин зүг толгойгүй байж болох вэ гэж хэлэв.

Дараа нь Жя Шө нар тэндээс гарч гэм нь өмнөө гэмшил нь хойноо болоод салж сарнихад хүрсэн зэргээ ярилцаад, гэргий хүүхэдтэйгээ уулзан гэмшин гутарцгаав. Харин Жя Шө өтөлсөн хүн тул гайгүй, Жя Жөнь, Ёу хатан хоёр яахин салж төвдөх вэ. Жя Лянь, Жя Рун хоёр тэднийхээ гараас барьж уйлна. Хэдий цэрэгт цөлснөөс хөнгөн боловч амьдаар хагацан салах явдал болов. Хэдий тийм боловч шүд зуун давахаас аргагүй боллоо.

Тэднийг явсны дараа Жя Мү Шин, Ван хоёр Фүрэнь бол Юань Янгаар авдар хоргоо уудлуулж, энэ айлд бэр болж ирснээс өнөө хүртэл хуримтлуулсан юмаа гаргуулж, Жя Шө, Жя Жөн, Жя Жөнь нарыг дуудуулж авчраад тус бүрд нь хувь өгөв. Жя Шөд гурван мянган лан мөнгө өгөөд: “Энэ мөнгөний хоёр мянгаар нь чи зардал хий. Үлдсэнийг их тайтайд үлдээ” гээд бас гурван мянган лан Жэнь Эрд өгөв. Чи нэг мянгыг нь аваад хоёр мянгыг нь эхнэртээ орхи. Та нар тус тусдаа амьдарна. Харин дөрөвдүгээр авхайг харьд мордуулах нь миний хэрэг. Хөөрхий тэр Фөн охин нэг насаараа зовж зүдрээд хоосон хоцорлоо. Түүнд бас гурван мянган лан өгнөө. Тэр өөрөө хадгалаг. Жя Лянь хөдөлгөж болохгүй. Тэр өвчтэй байгаа болохоор Пин Эрийг дуудаж өг. Энэ бол өвөг эцгийн чинь үлдээсэн хувцас. Би миний багадаа эдэлж байсан хувцас хунар, засал зүйдэл мөн бөгөөд одоо над хэрэггүй тул бүстэй хүнийхийг нь их Лаое, Жэнь Эр, Лянь Эр, Рун эр нар аваачаад хувааж ав. Бүсгүй хүнийхийг их тайтай, Жэнь Эрийн эхнэр, Фөн охин нар хувааж автугай. Энэ таван зуун лан мөнгийг Жя Ляньд тушаасугай. Ирэх жил Линь охины авсыг өмнө хүргэтүгэй хэмээн хувааж өгөөд дараа нь Жя Жөнг дуудаж

-Чи бас гадна өглөгтэй гэнэ. Энэ ч байх л зүйл. Чи энэ алтыг худалдуулж өрөө төл. Тэд намайг ингэхэд хүргэлээ. Чи ч бас миний хүү. Би чамайг санахгүй. Бао Юй нэгэнт гэрэлсэн тул үлдсэн эдгээр алт мөнгөн эдлэл бараг хэдэн мянган лан хүрнэ. Цөмийг нь Бао Юйд өгнө. Жя Жүгийн эхнэр надад элбэрэлтэй. Жя Лань ч адил. Би мөн тэдэнд юм хувааж өгнө. Одоо ингээд л энэ явдал дуусна гэв.

Эхийнхээ ийнхүү мэргэнээр ялган үйлдсэнийг үзээд Жя Жөн нар уйлан сөгдөж “Лао тайтай одоо өдий их наслаад элбэрэлгүй үр ач бидэнд өдий их хишиг хүртээснээр бид үнэхээр орох газраа олохгүй боллоо” гэсэнд Жя Мү:

-Битгий солиорогтун! Энэ уршиг дэгдээгүй бол би гаргахгүй. Одоо манай гэрийн хүн хэтэрхий олон болжээ. Ганц Эр Лаое тушаалтай байгаа.Цөөн үлдээвэл болно. Чи даруй хэрэг мэдэгчид, бүгдийг дуудан ирүүлж зохистой хуваан тохируул гэж захигтүн. Гэр бүрд зарах хүн байвал барав. Тэр үед хамаг юмыг хураасан бол яана. Манай дотор гэрт ч хэдэн хүн үлдээгээд, хүнтэй суулгахыг нь суулгаад, харьд өгөхийг нь өгч явуул. Одоо энэ гэр байшин хэдий албанд хураагдаагүй боловч энэ хүрээлэнг чухам тушаах байжээ. Тэр газар тариалангийн зүйлийг Жя Ляниар бүртгүүлж, худалдахыг нь худалдаж, үлдээхийг нь үлдээтүгэй. Дахиж хоосон сүр мандуулж болохгүй. Би бас нэг явдлыг шууд хэлье. Жян Наний Жэнь овогтон бас манай энд баахан мөнгө хадгалуулсан нь их тайтайгийн тэнд байна. Хүнээр хүргүүлэх хэрэгтэй. Бас ямар нэг учир болбол тэд чухам “Галд автаад бас дахиад усанд автахад” хүрнэ гэв.

Жя Жөн ерөөсөө гэр додомдохыг мэддэггүй хүн тул эхийнхээ үгийг сонсоод тэр бүхнийг “За” гэж хүлээж дотроо: “Лао тайтай бол чухамдаа гэр додомдох хүн юм. Цөм манай мэтийн өөдгүй амьтан саад болжээ” гэж бодов. Тэгээд ээжийгээ амарч сувилуул гэж гуйв. Тэгтэл Жя Мү “Миний үлдээж байгаа тоотой бага сага юмыг миний хойтын явдалд хэрэглээд үлдсэнийг нь цөмийг намайг асарсан инж нарт өгсүгэй” гэсэнд Жя Жөн нар зовон шаналж бүгдээр сөгдөөд:

-Лао тайтай битгий бачимд. Таныхаа буянаар үр ач бид нар чинь удалгүй, дээдийн хишгийг хүртсэн тэр цагт айл гэрээ сайхан авч явж, алдал нүглээ арилгаад, Лао тайтайгаа зуу насалтал ачлан өргөнөө гэцгээв. Жя Мү:

-Тэр бэлгэ орштугай. Тэр цагт би үхэвч дээдэстэйгээ учрах нүүртэй болно. Та нар намайг эрхэм баян жаргаахыг мэдээд, үгүй ядуу зовохыг мэдэхгүй хүн гэж бүү бод! Энэ хэдэн жил та нарын оргиж бадарч байхыг үзээд, баярлахдаа инээлдэн наадаад, юунд ч зовохгүй санаа амар суусаар, энэ мэт нэг мөсөн доройтно гэж ер санасангүй. Гаднаа нирхийгээд дотроо хоосорно гэгчийг би хэдий мэдэж байсан боловч өвөг дээдсийн буянд өөрийн биеийг эрхшүүлж, ямба намбаа тавьж чадахгүй байсаар энэ болжээ. Одоо яг энэ далимаар хэрээ татаж, хэвээ дахин тогтоох хэрэгтэй. Үгүй бол амьтны элэг доог болно. Чи бас намайг үгүйрснээ мэдмэгц үхэхээ яарлаа гэж бодож байгаа. Би дотроо өвгөд дээдсийн дэлгэр их гавьяаг санаж, та нарыг дээдсээсээ улам сайн явж, айл гэрээ сайхан авч яваасай гэж өдөр шөнөгүй хүсэж ирсэн. Тэр эцэг, хөвгүүн хоёр ямар уршиг тавьсныг мэдэхгүй гэв.

Ийнхүү Жя Мүг ийм их олон үг айлдаж байтал Пин Эр санд мэнд гүйн ирж Ван Фүрэньд,

-Өнөө өглөө манай найнай гаднах байдлыг сонсоод уйлсаар одоо амьсгал нь тасалдах мэт болж байна. Намайг тайтайд хэл гэж явууллаа гэж мэдүүлтэл Жя Мү “Чухам яагаад байна” гэж асуув. Ван Фүрэнь “барагтай гэнээ” гэв. Жя Мү өндийж босоод: “Эвий халаг. Энэ өстөнүүд. Намайг тамалж алахад хүрчээ” гэсээр босож биеэр очиж үзнэ гээд хүнээр түшүүлэн явав. Жя Жөн яаран хориглож:

-Лао тайтай удаан зовсны дээр бас их юм сая захиж ядарсан тул амрах хэрэгтэй. Ач бэр чинь ямар байсан ч бэрээ явуулж үзүүлэхэд болно. Та өөрөө очих хэрэггүй. Бас дахин уярч зовсоор бие чинь муудвал би одоо яахав гэж ятгав. Жя Мү:

-Та нар явцгаа. Дахиад ирнэ биз. Над бас хэлэх үг байна гэсэнд Жя Жөн юм хэлж чадсангүй. Тэгээд ах, ач хоёрын явах бэлтгэлийг хийлцье гээд Жя Ляньд ээжийг хүн дагуулж явуул гэж хэлэв. Жя Мү, Юань янг дагуулан Фөн Жед өгөх юмыг хүнээр бариулаад өөрөө дагаж явав. Фөн Жегийн амьсгал давхцаж байв. Нүдээ хавдтал уйлсан Пин Эр, Жя Мү, Ван Фүрэнь нарыг дагуулж ирж байгааг сонсоод яаран гарч угтав. Жя Мү: “Яаж байна вэ” гэсэнд түүнийг айн сандарна гэж болгоомжлоод: “Сая бузгай дээрдлээ” гэж хэлээд хөшгийг зөөлхөн сөхөв. Фөн Же нүдээ нээгээд, тэдний ирснийг хараад гэмшин гутрав. Жя Мү нар, өөрийг нь хайхрахгүй хаяж гэж уурлах байх гэж бодож байтал тэд ирж эргэсэнд цээжийг нь таглаж байсан хий гэнэт тархаад уужран босох гэж тийчлэв. Жя Мү Пин Эрд: “битгий босго” гээд “Хөдлөх хэрэггүй. Гайгүй юү” гэж асуусанд Фөн Же нулимс мэлтэгнүүлсээр: “Гайгүй байна. Багадаа энд ирснээс хойш Лао тайтай, тайтай нар намайг их хайрлажээ. Гэтэл буян багатай энэ бие минь ад чөтгөрт эзлэгдэж, сүнс сүлдгүй болоод Лао тайтай, тайтай нарынхаа өмнө өчүүхэн төдий ч ачлалыг гүйцэтгэж чадахгүй болжээ. Намайг хүн гэж үзэж, бүхэл их айлын явдлыг мэдүүлж байхад би цөмийг улаанаар урвуулж хаясан тул одоо би ямар нүүрээр та нарыгаа харна вэ. Өнөөдөр Лао тайтай, тайтай нарынхаа эргэж ирсэн буяныг даахгүй болжээ. Гурван өдрийн насны хоёр өдөр нь хасагдлаа гээд эхэр татан уйлав. Жя Мү:

-Тэр уршгийг гадны хүмүүс дэгдээсэн тул чамд ямар хамаа байхав. Чи хэдий хамаг эд мөнгөө алдсан боловч бас чамд хамаагүй. Би чамд юм авчирлаа. Энэ байна гээд авчирсан юмаа үзүүлэв. Ханашгүй ховдог сэтгэлт Фөн Же, хоосрон цөлмүүлсэндээ гаслан зовохоос гадна бас хүний хэл амнаас айгаад бараг амьд явах санаагүй болоод байтал Жя Мү түүнийг хайрлаж, Ван Фүрэнь зэмлэхгүйгээр ирж тохинуулсныг үзээд бас Жя Лянь хэрэгт ороогүйг нь бодож дотор нь нилээд уужрах мэт болов. Тэгээд дээр дээрээсээ Жя Мүд мөргөж:

-Лао тайтай санаа амар бай даа. Миний энэ өвчин таны ивээлээр сайн болбол би хар ажлын зарц охин болж Лао тайтай, тайтай нарыгаа шамдан асарна гэсэнд Жя Мү уярч нулимс унагав. Түүнийг дагаад бүгдээр уйлдаг болсон юм. Тэр дундаас Бао Юй бол гойд уйламхай. Тэрбээр ийм зовлон үзээгүй, жаргал цэнгэлийг мэдэхээс биш, гаслан зовлонг мэдэхгүй хүн тул одоо хааяагүй гаслал дүүрснийг үзээд, бүр тэнэгтээд хүн л уйлж байвал дагаад уйлна.

Түүнийг эргэж ирсэн бүгд л гаслан зовохыг үзээд Фөн Же, Жя Мүгийн зүг арай гэж: “Лао тайтай, тайтай нар минь харь даа. Би гайгүй болохоороо очиж мөргөнө” гэж тайтгаруулах хэдэн үг хэлээд толгойгоо өндийлгөв. Жя Мү Пин Эрд: “Сайн асар, юу л дутвал миний тэндээс очиж ав” гэж хэлээд, гэртээ харив. Түүнийг өрөөндөө ороход нь уйлалдах чимээ гарав. Жя Мү тэсвэр алдан, Ван Фүрэнийг явуулаад Бао Юйд: “Их авга, их ахыгаа мордуулаад түргэн ир” гэж хэлүүлэв. Тэгээд орон дээрээ хэвтээд нулимс унагав. Юань Ян нар ирж аргадан тайтгаруулав.

Жя Шө нарын хагацан салахын зовлонг хэлэхийн аргагүй. Хэн тэднийг дагаж явах дуртай байхав. Гаслан гашуудах дуун тэнгэр тулна. Амьдаар хагацах нь үхэж салахаас нэн хэцүү. Үлдэгч нь, үйлээ эдлэгчээс их уяралтай болой. Зүв зүгээр байсан Рүн Гуофү ордон одоо гиншил гуншлаар дүүрчээ. Жя Жөн бол дүрмийг сайтар баримталж ёс журмыг ч эрхэмлэдэг хүн тул морь унаж өмнө нь явж, хотоос гараад хундага өргөж гар барин салав. Тэрбээр мордуулахдаа:

-Эзэн төр, гавьяат түшмэлийг энэрэн өршөөсний хариуд хичээн зүтгэх хэрэгтэй гэж захив. Тэд нулимс асгаруулан салцгаав.

Жя Жөн, Бао Юйг дагуулан эргэж, үүдэн дээрээ очтол олон хүн үймэлдэж “Өнөөдөр эзний зарлиг бууж, Рүн Гуо фүгийн үе улирсан тушаалыг Жя Жөнгээр залгамжлуулна гэжээ” гээд баярын зоос гуйсанд үүдний хүн: “Уулын тушаалаа өөрөө олсон тул бас ямар баяр гэнэ вэ” гэж маргав. Тэд: “Үе улирах тушаал олдошгүй их алдар болой. Да Лаое Чинь нэгэнт түүнээ алдсан тул одоо дахин олж чадахгүй. Богд эзний өршөөл тэнгэрээс ч их. Одоо энэ тушаалыг Эр Лао ед шагнасан нь өдрийн од мэт олдошгүй бэрх завшаан болох тул баярын зоос өгөхгүй яах юм бэ” гэцгээв. Ийнхүү үймэлдэж байтал Жя Жөн хүрч ирэв. Үүдний хүн мэдүүлсэнд хэдий баярласан боловч ах нь ялд унаснаас болсон тулд энэлэн зовж яаран ороод Жя Мүд дуулгав. Ээж нь тэсгэлгүй баярлаж, гараас нь барьж, хичээн зүтгэж хишиг хариулах үгийг баахан сургав. Ван Фүрэнь Жя Мүг эргэж ирэхдээ энэ баярын мэдээг сонсоод баярлав. Шин Фүрэнь, Ёу хатан хоёр дотроо эмгэнэн гаславч өнгөн дээрээ гаргаж чадахгүй байв.

Эрх сүртэнийг зусардан дагагч төрөл садны нь зарим хүн, Рун, Нин хоёр ордонд хэрэг гарсныг үзээд хөл зайлж үзэгдэх ч үгүй байснаа. Жя Жөн тушаалаа залгамжилж, эзний энэрэл сайн байгааг мэдээд бүгд ирж баярлан талархав. Гэтэл Жя Жөн бол төрөлхийн чигч шударга хүн тул ахынхаа тушаалыг залгамжилсандаа зовж байвч гагцхүү эзэн тэнгэрийн хишигт бишрэн залбирна. Маргааш нь дотор орж хишигт мөргөөд буцаан шагнасан орд харш, гэр хүрээгээ албанд оруулах бодруул бичиж айлтгав. Дотоод ордноос зарлиг буулгаж хэрэггүй гэсэнд Жя Жөн сая сэтгэл амарч гэртээ ирээд хувиа сахиж хичээн зүтгэв. Гэвч гэрийн ундрал нь доройтон хярвайж, орлого нь гарлагадаа хүрэхгүй хэвээр байв. Жя Жөн бас гадагш аргацааж чадахгүй тул гэрийн нь хүмүүс түүнийг номгочилж, Фөн Же өвчтэй учир гэрийн явдалд оролцож чадахгүйн хажуугаар Жя Ляний өр шир өдрөөс өдөрт нэмэгдэх тул гэр байшин, газар тариалангаа барьцаалан зээлдүүлэхээс аргагүй болов. Ордны доторх зарц нарын хөрөнгөжсөн зарим нь Жя Ляний яршиглахаас айж ядуу хоосон гэж арга гарган зайлна. Зарим нь чөлөө аваад ирэхгүй, тус тусын арга замаа бодно. Ганцхан Бао Юун гэгч хоёр ордны уруудах үед таарч ирсэн тул харин үнэн сэтгэлээр зүтгэе гэж, тэдгээр эзнээ мэхлэгчдийг үзээд үргэлж хорсон занана. Тийм боловч шинэхэн ирсэн хүн, үг хэлэх газаргүй тул уцаарлан уурсана. Тэгээд идээд л унтана. Хүмүүс түүнтэй ая нийлэхгүйг мэдээд, түүнийг алба ажлаа хийхгүй, архи ууж, хэрэг өдөж байна гэж Жя Жөнд ховлоно. Жя Жөн “Дураараа болтугай. Түүнийг Жэнь овогтон баталж ирүүлсэн учир авахгүй гэхийн арга байхгүй. Хэдий ядуурсан ч ганц тэр хүн дээр байхгүй гээд хөөлгөсөнгүй. Хүмүүс түүнийг бас Жя Ляний өмнө ийм тийм гэсэнд, тэрбээр дур мэдэж чадахгүй тул арга буюу аяыг нь дагуулжээ.

Нэг өдөр Бао Юун тэсэж ядан хэдэн хундага архи уугаад Рүн Гуофүгийн гудамжаар явж байтал хоёр хүн тэнд юм яриад зогсож байжээ. Нэг нь:

-Чи хар! Ийм их ордныг түрүүний хэдэн өдөр нэгжин хураасан. Одоо яав? Гэсэнд цаадах нь:

-Яалаа гэж доройтох вэ? Доторх нэг эх дагина бол эдний охин гэнэ. Хэдий үхсэн боловч суурьтай юм. Үүгээр үл барам, эдэнтэй харилцдаг нь ван, гүн, бэйл бэйс тул өргөж тэтгэх хүн мундахгүй. Одоогийн Фүгийн эрхэлсэн түшмэл, даруй урьдын зурганы сайд ч эдний төрлийн ах дүүс. Эдгээр хүн хамгаалан гарч чадахгүй юү? гэв. Нөгөөх нь:

-Чи бусдыг яриад яахав. Харин энэ ирж байгаа Жя ноён бол тун хэцүү шүү. Тэр хоёр ордонтой үргэлж харилцдаг байцаагч түшмэл тэр удаад буруушаан айлтгасан боловч дээд эзэн бас Фүгийн эрхэлсэн түшмэлд үнэн байдлыг магадлан тодотгосны дараа шийтгэсүгэй гэжээ. Тэр яах вэ? Тэр бол энэ хоёр ордны тусыг хүртсэн хүн боловч төрөл ургаа өмгөөлөв гэхээс айхдаа, харин бүдэрсэн дээр нь нэг сайн нудраад, хоёр ордныг нэгжүүлжээ. Өнгөт ертөнцийн хүний сэтгэл гэгч юутай хэцүү вэ! гэв.

 

Тэр хоёр ийнхүү санаандгүй ярилцаж явтал ард нь ойрхон хүн дагаад, тов тодорхой сонссоныг нь мэдсэнгүй. Бао Юун дотроо, энэ газар нутаг дээр бас ийм хүн байна! Чухам манай Лаоегийн ямар садан болохыг мэдэхгүй. Би учирвал үхтэл нь занчаад, хэрэг гарвал биедээ хүлээсүгэй” гэж архины аагиндаа элдэвчлэн бодож байтал гэнэт тэртээ талаас “Зам зайл” гэх дуун сонсогдов. Бао Юун хулган зогсож байтал мөнөөх хоёр сэмхэн “Энэ бол тэр Жя ноён болой” гэснийг сонсоод дотроо хорсож, архины халуунаар “Хүний үнэргүй муу боол, юунд манай Жя овогтны ачийг мартав” гэж чанга дуугаар хашгирав. Жя Юй Цүнь сүйхэн дотроосоо ганц яв гэснийг сонсоод ажиглан харвал, нэг согтуу эр байсан тул тоолгүй өнгөрөв.

Тэр Бао Юун архиндаа болоод юу болсныг мэдэлгүй ордонд сагсууран ирж саяын учирсан тэр ноён бол энэ ордны өргөж гаргасан хүн гэгчийг сураглан мэдээд “Хуучин ачийг бодохгүй харин манай гэрийг бүдэрсэн дээр нь нударчээ. Сая намайг хараахад тэр дуугарч чадсангүй” гэв. Рун Гуофүгийнхэн Бао Юунд дургүй боловч эзэн нь хайхрахгүй болохоор аргагүй байснаа сая гадаа гараад уршиг татсаныг мэдээд Жя Жөнгийн завыг харж байгаад, түүнийг мэдүүлж орхив. Энэ үед Жя Жөн уршиг төвгөөс айж байсан тул тэдний мэдүүлэхийг сонсоод уур нь хүрч Бао Юунийг дуудан ирүүлж хэд сайн хараагаад хүндэд үзэн шийтгэх аргагүй тул даруй хүрээлэнд очоод гадагш гарч болохгүй гэв. Бао Юун цагаан сэтгэлтэй, үнэн зүрхнээс эзэндээ үйлчилдэг хүн тул Жя Жөн харин хүний хов үгээр түүнийг донгодов гэж ер санасангүй. Өнөөх нь дахин маргаж чадалгүй ор дэвсгэрээ аваад хүрээлэнд орж, ногоо тариа усалж арчлахаар очив. Юу болсныг эс мэднэ. Дараах бүлэгт үзтүгэй!

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж