Хятад хаалга дэлгэсээр

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Хятад хаалга дэлгэсээр

Хятад хаалга дэлгэсээр

2002 оноос хойш Хятадын Хайнань арал дээр зохион байгуулж буй “Боао Азийн Форум”-д Хятадын дарга Ши Жиньпин эдийн засгаа илүү нээлттэй болгож, машин зэрэг импортын бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна гэдгээ зарлалаа. Хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай хэмээн хөрөнгө оруулагчдын хэлдэг Ши Жиньпиний амлалтууд Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн адил танил сонсогдож байсан ч энэхүү илтгэлийн дараа АНУ, Азийн хөрөнгийн зах зээлийн ам.долларын ханш өссөн байна.

Ши Жиньпин гадаад хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээлд орох боломжийг илүү нээлттэй болгож өргөжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Хятадын Коммунист нам Дэн Сяопины  эдийн засгийн шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгаа ажээ.

Ши Жиньпин мэдэгдэлдээ, Хятад Улс аль болох ойрын хугацаанд автомашин, хөлөг онгоц, нисэх онгоцны үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувийг нэмэгдүүлж, өмнө нь мэдэгдэж байсны дагуу санхүүгийн секторыг нээлттэй болгоход онцгой анхаарна гэжээ. ‘Энэ онд автомашин болон бараа бүтээгдэхүүний импортын татварыг бууруулахад анхаарч байна” гэжээ. Мөн Ши Жиньпин  “АНУ болон худалдааны бусад түнш орнуудыг нэр заагаагүй боловч “Хүйтэн дайны сэтгэхүй” болон “Тусгаарлах үзэл” хол явахгүй” гэдгийг мэдэгдэлдээ дурдсан юм.

Хятадын эрх баригчид 2013 оноос хойш автомашины салбар дахь хувь нийлүүлсэн компаниудын гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн амлаж байгаа ажээ. Гэвч Хятад дахь хувь нийлүүлсэн компаниудад гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувийг 50 хувиас ихгүй байхыг, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтыг хориглосон хэвээр байгаа билээ.

АНУ-ын “Тесла моторс” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Хятадын зах зээл дэх шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэж, автомашины салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувийг нэмэгдүүлэхийг Хятадын Засгийн газраас хүссэн. Өнгөрсөн долоо хоногт Хятад импортын татвар ноогдуулах бараа бүтээгдэхүүний жагсаалтад цахилгаан автомашиныг оруулсан. Харин “Боаогийн Азийн Форум” дээр Ши Жиньпин автомашины импортын татварыг хуучин хэвээр нь үлдээхээ амласны дараа “Тесла моторс” компанийн хувьцааны ханш дөрвөн хувиар нэмэгдсэн юм.

Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга Лю Хэ нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр “Хятад Улс энэ жил шинэ шинэ зах зээл нээж, автомашины импортын татварыг хуучин хэвээр нь үлдээх’-ээ зарласан юм.

Ши Жиньпиний эдийн засгийн реформ явуулж, оюуны өмчийн хулгайг таслан зогсоох хууль эрх зүйн орчноо чангатгах тухай дээрх амлалтуудыг гадаадын хөрөнгө оруулагчид таатай хүлээн авсан байна.

АНУ-Хятадын худалдааны дайн намжих уу?

Бээжин дэх олон улсын ажиглагчдын бичиж буйгаар “Боаогийн Азийн Форум” дээр Ши Жиньпиний хэлсэн үг зах зээлд эерэг нөлөө үзүүлж буй нь ажиглагджээ. Гэвч шинжээчид Хятадын амласан энэхүү реформыг явуулахад урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Хятадын автомашины импортын татварыг АНУ-ын импортын автомашинд ноогдуулдаг гаалийн 2.5 хувийн татвартай харьцуулаад, Хятадтай явуулж буй худалдаа бол чөлөөт худалдаа биш, харин ухаангүй үйлдэл” хэмээн шүүмжилсний маргааш Ши Жиньпин “Боаогийн Азийн Форум” дээр автомашины секторыг илүү нээлттэй болгохоо амласан.

Ши Жиньпин мөн даатгалын салбарыг ч мөн ил тод болгож, ирээдүйд гадаадын хөрөнгө оруулагчид болон компаниуд даатгалын компанид хяналтын болон эзэмшлийн хувийг эзэмшдэг болно гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын импортын татвар ноогдуулна хэмээн сүрдүүлсэн нь Ши Жиньпиний хатуу байр суурийг арай зөөлрүүлсэн гэж Вашингтон үзэж байна. АНУ Хятадыг ийн сүрдүүлсэн нь олон жилийн турш яригдаж буй оюуны өмчийн хулгай, технологийн компаниудын бүтээлийг хуулбарлан дуурайж буйн эсрэг Хятадын эрх баригчид арга хэмжээ аваагүй, өөгшүүлсэн гэж үзэж буйтай холбоотой.

Бээжин Вашингтоны энэ хардлагыг байнга үгүйсгэж ирсэн билээ. Худалдааны дайн дэгдээгээд буй АНУ, Хятад худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрэх найдвар байгааг Хятадын албаны хүмүүсийн “Үүсээд буй нөхцөл байдлын улмаас талууд хэлэлцээ явуулах нь гарцаагүй” хэмээсэн мэдэгдэл харуулсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж