Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.

Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Амжилт гаргасан тэдгээр тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэлээ. Мөн салбарт нь тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй болон тамирчидтай ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ жил тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болж тэмцээн болох газруудад урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж чадаагүй хэдий ч амжилт гаргасан байна. Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийж, хажуугаар нь тэмцээн уралдаандаа оролцдог гэлээ. Гэсэн ч хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь Монголд битүү ордон байдаггүй, энэ нь Олон улсын хоккейн холбооны техникийн шаардлагад багтдаг зэрэг асуудал юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний санал, сэтгэгдлийг сонссоны дараа бэлтгэлгүй, заалгүй мөртлөө багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж, олимпод оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ. Мөн хоккейн шигшээ багтай болж, түүндээ легонер тоглогч авахад нь өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ хэлсэн юм. Монгол Улсад битүү дээвэртэй заалтай болоход ч анхаарч, энэ төрлөөр бэлэн болж байгаа төслүүдийг ажил хэрэг болгохын тулд Элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа, цаашид анхаарал хандуулахаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд, тамирчид болоод Монголын хоккейн холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын хүсэлтийг өдөрт нь хүлээн авч уулзсанд талархаад, тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж