Ойрын өдрүүдэд цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд цас орж, хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд цас орж, хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд болон ирэх саруудад цаг агаар ямар байхыг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүдээс тодрууллаа.


’24-48 цагийн зайтай цаг агаар муудаж байна’

Цаг уур, орчны шинжилгээний газрын  технологич инженер Д.Энхтуяа

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна. Хэзээнээс дулаарах вэ. Энэ сарын цаг агаарын онцлог олон жилийн дунджаас ямар байна вэ?

-Манай орны хаврын улирал нэг өдөр дулаан байхад маргааш нь хүйтэн байдаг. Зургаадуугаар сар хүртэл энэ байдал үргэлжилдэг. Өнгөрсөн сард буюу гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байсан болохоор иргэдэд энэ сар их хүйтэн байгаа мэт санагдаж байгаа байх. Жил бүрийн дөрөвдүгээр сар нэг ийм л байдаг.  Хаврын улиралд цаг агаар 24 цаг бүү хэл 5-6 цагийн дотор өөрчлөгддөг. Энэ сард цаг агаар муудах давтамж олон байна. Давтамж олон байгаагийн дээр хоорондын зай ойр байгаа. 24-48 цагийн зайтай цаг агаар муудаж байна. Ингэхдээ ихэнх нутгийг хамарч байгаа.

-Цаашид ямар байх бол?

-Шөнөдөө дулаан хоносон болохоор өчигдөр ихэнх нутгаар бороо орсон. Харин өнөөдөр төвийн бүсийн зарим газраар бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурч байна. Хүчтэй шуурахгүй. Маргааш /2018.4.10/ ихэнх нутгаар цаг агаар их сайхан байна. Баруун зүгийн нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэрэг цас орно. 12-ноос ихэнх нутгаар цаг агаар муудна. Баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цаг агаар муудна. Ингэхдээ цас орно, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна, хүйтэрнэ. Хүйтрэл 14, 15-ныг хүртэл үргэлжилнэ. Цаг агаар муудаж цасаар шуурах үйл явц 13-14-нд болно.   Ингээд 14-ний өдрөөс эхлэн нутгийн зүүн талаас эхлэн цаг агаар сайжирна. Өөрөөр хэлбэл, 14-нөөс хойш нийт нутгаар дулаарна.

Зургаадугаар сард зүүн аймгуудаар бага зэрэг хур тунадастай

Цаг уур, орчны шинжилгээний газрын  цаг уурч Ч.Сарантуяа

-Энэ жилийн тав, зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ?  

-Тав, зургаадугаар сард цаг агаар орон даяар олон жилийн дундтай ижил байна. Гэхдээ тавдугаар сард нутгийн баруун болон өмнөд хэсгээр дундаж температураас бага зэрэг дулаан байна. Зургаадугаар сард баруун болон төвийн аймгийн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж байх төлөвтэй байна.

-Тавдугаар сард хэр хүйтрэх вэ?

-Ирэх сард хэдэн хэм хүрч хүйтрэх болон хэдийд, хаагуур хүйтрэх зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын сүүлээр ерөнхий мэдээ гарна.

-Хур тунадас хэр орох вэ?

-Тавдугаар сард хурд тунадас мөн олон жилийн дунджийн орчим байна. Ерөнхийдөө баруун зүгийн өмнөд,  говийн нутгийн ихэнх хэсгээр дунджаас арай бага хур тунадастай байна. Төв болон зүүн бүсийн зарим газраар дунджаар арай ахиу цас орно. Зургаадугаар сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орно. Баруун аймгуудын урд хэсэг, зүүн аймгуудын хойд болон зүүн хэсгээр дунджаас багавтар хур тунадас орно. Ерөнхийдөө зургаа, долоодугаар сарын цаг агаар ойролцоо байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж