Нийслэлийн их, дээд сургуулийн босго оноог нэмжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Нийслэлийн их, дээд сургуулийн босго оноог нэмжээ

Нийслэлийн их, дээд сургуулийн босго оноог нэмжээ

       

Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Элсэлтийн Ерөнхий шалгалтын босго оноог 480 байхаар тогтоожээ. Яамны зүгээс  босго оноог нэмж, тогтоосноор дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог нэмэх шалтгаан юу байв?

-БСШУСЯ-ны  зүгээс дээд боловсролын чанарыг сайжруулах талаар цогц үйл ажиллагаа явуулж байгаа. Хөдөлмөрийн зах зээл дээр жил болгон 35 мянга орчим оюутан мэргэжилтэн  болоод төгсч байгаа болов ч тэдгээрийн 30 хувь нь л эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Улс орны хөгжилд шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүд болон дээд боловсролтой мэргэжилтнүүдийн тооны харьцаа манай улсад алдагдчихсан. Одоогийн байдлаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 90 гаруй  мянган залуус, их дээд сургуульд 150 гаруй мянган  оюутан суралцаж байна. Хэдийгээр залуучууд массаараа дээд боловсрол эзэмшээд байгаа боловч бодит амьдрал дээр мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус бага байна. Үүний гол шалтгаан нь чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэж байгаатай холбоотой. Эдгээр залуучуудыг хөдөлмөрийн зах зээл дээр илүү нийцсэн сайн мэргэжилтэн болгож бэлтгэхийн  тулд сурлага сайтай, сурах хичээл зүтгэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг л их дээд сургуулиуд авах ёстой. Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаанаас харахад нийт төгсөгчдийн  85 хувь  нь их дээд сургуульд элсч байна. Тийм ч үүднээс их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 байсныг 480 болгож нэмсэн. Босго оноог нэмснээр  өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдана гэсэн үг. Ингэснээр мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо ч нэмэгдэнэ.

-Хөдөө орон нутагт мөн адил босго оноог нэмсэн үү?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын босго оноог 480 болгосон. Харин хөдөө орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлого барьж орон нутгийн сургууль болон  коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн. Хөдөө орон нутагт  суралцаж байгаа залуус ихэвчлэн орон нутагтаа үлдэж ажилладаг.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж