Хог боловсруулах үйлдвэрийг зээлээр барина

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Хог боловсруулах үйлдвэрийг зээлээр барина

Хог боловсруулах үйлдвэрийг зээлээр барина

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Тус байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Өнгөрсөн 2006 оноос хойш Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 1,5 тэрбум ам.долларын урт хугацааны зээл тусламжаар 96 төсөл хэрэгжүүлсэн байдаг. Одоо Улаанбаатар хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9,7 сая ам.долларын  хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулахаар тохиролцоод байна.  

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ ажлыг бол Улаанбаатар хотын дарга хийх гэж байгаа юм байна. Төсөл хэрэгжээд 100 мянган тонн хатуу хог хаягдал боловсруулна гэж байна. Тэгэхээр жилд хэдэн тонн хог хаягдал боловсруулна гэсэн үг вэ. Ямар бүтээгдэхүүн боловсруулах вэ. Ашгаа хэзээ нөхөх вэ. Хүлэмжийн хийн ялгарал жилд 18 мянган тонноор багасгана гэж байгаа. Одоо жилд хэдэн тонн хүлэмжийн хий ялгарч байна вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Улаанбаатар хотод барилгын хог хаягдал жилд 120 мянган тонн гардаг. Энэ хаягдлыг боловсруулах газар байхгүй учраас Туулын шугуй, дунд голд нууцаар, шөнө асгадаг. Энэ үйлдвэрийг байгуулаад барилгын хог хаягдлаа дахин боловсруулж, явган хүний болон бусад материал үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил гэж тооцож байгаа учраас энэ хугацаанд зардлаа нөхөх болов уу. Эдийн засгийн үр ашгийн хувьд хог хаягдал боловсруулах учраас зүгээр хаяснаас хэд дахин илүү ашигтай. Одоогоор дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хог боловсруулах үйлдвэрийг үр ашгийг тооцоолж хэлэхэд бэрх байна. Ямартай ч жилд 18 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурна гэж тооцож байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Уг нь зээлийн хэлэлцээрийг бүхэлд нь дэмжиж байна. Хотын захиргаанаас хэд хэдэн зүйл тодруулмаар байна. Улаанбаатар хотын хогны асуудал томроод байна. Тэгэхээр зээл авч үйлдвэр байгуулах зорилго нь зөв байх. Улаанбаатар тойрсон төвлөрөөгүй хогоо яах вэ. Налайх бол баруун хойноос салхитай. Тэгэхээр налайхын зүүн хойно байгаа уулын даваанд тэр салхи очиж байгаа юм. Дархин боловсруулах үйлдвэрийг Морингийн даваанд байгуулна гэж байна. Энэ чинь нисэх онгоцны буудал явах зам дагуу хогийн цэг, боловсруулах үйлдвэр байгуулах нь хэр оновчтой байрлал вэ?    

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Хот тойрсон хог жилд 1 сая, өдөрт 1000 тонн хог гардаг. Дээрх хогийг 4-5 цэгт буулгадаг. Оршин суугчдын тойруулсан хогийн цэг ч бий. Цаашид барилгын хогийг багахан мөнгөөр худалдаж авахаар төлөвлөж байгаа. Ингэхээр барилгын компаниуд хогоо хаяад байхгүй, энэ үйлдвэр өгнө. Байрлалыг олон байгууллагаас олон жил яриад сонгосон. Үйлдвэр бол хогийн цэг шиг ил задгай биш, битүү байх юм. Тэгэхээр хогийн цэг шиг харагдахгүй болов уу. Налайхын хогийн цэгийн асуудлыг цаашид очиж үзээд нягтална.

Ийнхүү гишүүд санал дүгнэлтээ хэлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж