Индонезид гэрийн аргаар үйлдвэрлэсэн хуурамч архи хэрэглэсэн 60 гаруй хүн хордож амиа алдаж, олон арван хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хэвтжээ. Тус улсын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар архинд хордож амиа алдсан хүмүүс дээр дурдсанаас ч олон байж болзошгүй гэнэ. Хуурамч архи үйлдвэрлэж, худалдаалсан хэргээр Вест Жава мужид нэгэн сэжигтнийг барьж, саатуулаад байгаа ажээ. Сэжигтэн шумуулын хорыг гэрийн аргаар гаргаж авсан охьтой найруулсан байжээ.
Орон нутгийн цагдаагийн газрын дарга хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ сэжигтэн этгээд архины охийг цагаан гаа, ханиадны эм болон шумуулын хортой найруулсан нь тогтоогдсон гэжээ. Энэ хэрэгт холбоотой өөр нэгэн сэжигтэн архины охийг Кока кола болон энергийн ундаатай хольсон байжээ. Хуурамч архинд хордож, Бандун хотын эмнэлэгт нэгэн эр нас барсны дараа гэр бүлийнхэн нь энэ талаар цагдаагийнханд мэдэгджээ. Индонезийн дийлэнх иргэд Исламын шашинтнууд бөгөөд шашны хатуу дэг ёсыг баримталдаг боловч том хотуудад архи согтууруулах ундаа хэрэглэх нь түгээмэл ажээ.
Индонезид архи, согтууруулах ундаанд өндөр татвар ноогдуулсан учраас өндөр үнээр худалдаалдаг гэнэ. Тиймээс ядуу ажилчид гэрийн аргаар үйлдвэрлэсэн хуурамч архи худалдан авах нь олонтоо тохиолддог байна. Индонезид согтуу хүнийг таашаадаггүй боловч архи согтууруулах ундаа хэрэглэх нь хууль бус биш ажээ.
Эх сурвалж: Agence France – Presse