Д.Сумъяабазар: Дүүргээ дэмжиж байж нийслэлийн ажил өнгөтэй, өөдтэй явна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Дүүргээ дэмжиж байж нийслэлийн ажил өнгөтэй, өөдтэй явна

Д.Сумъяабазар: Дүүргээ дэмжиж байж нийслэлийн ажил өнгөтэй, өөдтэй явна

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ сарын 7-нд буюу өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн тойргийнхоо иргэдтэй уулзлаа. Дүүргийнхээ 8, 10, 11, 28 дугаар хорооны иргэдтэй хийсэн уулзалтад ХНХ-ийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон орлогч дарга нар оролцсон юм.

Мөн дүүргийн газрын алба, Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС-ний Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтнүүд ирж, иргэдийн асуултад хариулт өгөн, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Сонгинохайрханчуудыг төрд төлөөлөн сууж байгаа зургаан гишүүний нэг болсныхоо хувьд Д.Сумъяабазар гишүүн чамгүй олон ажлыг амжуулаад буй. Тухайлбал, Австри улстай хамтран ирэх хоёр жилд дүүргийнхээ гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэхээр болсон. Мөн тус дүүрэгт нийтдээ найман сургууль гурван ээлжээр хичээллэж байснаас саяхан 107-р сургуулийг ашиглалтад оруулсан байна. Үлдсэн долоон сургуулийн дөрвийг улсын төсвөөр, гурван сургуулийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар энэ ондоо шинээр байгуулж, дүүргийнхээ бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох юм. Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдах дээрх сургуулиудын нэг нь Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр сургалтаа явуулахыг Засаг дарга Ж.Сандагсүрэн онцоллоо.

Түүнчлэн өнгөрсөн жил дүүргийн Шинэ Орбитын эцэст байгуулсан бөхийн МJ спорт цогцолборыг дахин Баянхошуу бүсэд байгуулахаар болжээ. Хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор дамжуулан зөв бие бялдартай, хүмүүжилтэй болгох чухал ач холбогдолтой тус спорт цогцолборын барилгын ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэх аж. Харин шаардлагатай 400 орчим сая төгрөгийг Д.Сумъяабазар гишүүн болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дэмжлэгтэйгээр санхүүжүүлэх аж.  Энэ талаар Д.Сумъяабазар гишүүн “Ирээдүйн олимпын тамирчин Баянхошуу бүсээс төрөөсэй гэж хүсэн би тойргийнхоо энэ бүсэд MJ спорт цогцолборыг санаачлан байгуулах гэж байна. Мөн хүүхэд багачуудын дунд шүдний өвчлөл их байгаа тул дүүргийн 105, 76, 67-р сургууль дээр “Шүдний төв” байгуулах болно. Ингэснээр хүүхдийн шүдийг үнэгүй үзэж, эмчлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Уулзалтын үеэр эрчим хүчээр хангагдаагүй 4 хороог энэ оны 4-8-р сард багтаан цахилгаан эрчим хүчээр холбохыг Д.Сумъяабазар гишүүн холбогдох хүмүүст нь үүрэг болгов. Мөн гэр орон нэн шаардлагатай байсан 4 өрхөд УИХ-ын гишүүн өөрийн зүгээс өргөө цагаан гэр бэлэглэсний зэрэгцээ хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн зарим хүмүүсийг төрийн одон,медалиар шагнаж урамшуулсан юм. Иргэдийн зүгээс хороондоо гудамж талбайг гэрэлтүүлэх, зам тавих, өөрийн хашааны газраа өмчлөх зэрэг асуудлуудыг хөндөн ярьж байв. Мөн улс орны хэмжээнд уул уурхайг хариуцлагажуулах, замбараагүй лицензийн асуудлыг цэгцлэх, уул уурхайгаас ард түмэнд ирэх өгөөжийг бодитой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа.

Д.Сумъяабазар: Дүүргээ дэмжиж байж нийслэлийн ажил өнгөтэй, өөдтэй явна

Тойргийнхоо иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцсан юм.

-Уулзалтын үеэр иргэдийн зүгээс ямар саналууд ирж байна?

-Иргэдийн зүгээс УИХ-ын ажлыг сайжруулах, түргэн шуурхай явах талаар багагүй шүүмжилж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, ажилтай орлоготой болох тал дээр олон санал хэлж байна. Хороо орон нутгийн асуудалд хөрөнгө хүч нэлээн дутмаг учраас зам, тохижилтын ажлууд хийгдэхгүй байгаа тал дээр нэлээд шүүмжлэлтэй асуудлуудыг ярьж байна. Эдгээр асуудлуудыг 2018 оны улсын төсвийн хөрөнгө, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон хувийн зүгээс хийх төлөвлөгөөтэй байгаа.

Сонгинохайрхан дүүрэг хамгийн том, хүн ам ихээр суурьшсаны зэрэгцээ хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх ажлууд удаашралтай байна. Үүнд нийслэл, дүүргийн удирдлагууд үйл ажиллагаагаа уялдуулж, гадны байгууллагуудтай хамтран ажиллан хөрөнгө санхүүгээ босгох зэргээр овсгоотой ажиллан, үлдэж байгаа хугацаанд иргэдэд амласан ажлуудаа хийж дуусгах ёстой.

-Сонгинохайрхан дүүрэгт маш бага төсөв хуваарилсан талаар та уулзалтын үеэр хэлж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Нийслэлийн хамгийн том дүүргийг хөрөнгө санхүүгээр болон бодлогоор нь дэмжиж өгдөггүй,нүд үзүүрлэж байгаад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд маш их харамсч байна. Тиймээс цаашид хотын дарга энэ тал дээр арга хэмжээ авч, Сонгинохайрхан дүүргийг нүд үзүүрлэлгүй төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг цаг тухайд нь хөрөнгө санхүүг нь тусгах ажлыг хийж, хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд иргэд олон ч маш их бухимдалтай байна.

Хотын ажил амаргүй. Гэхдээ ажлыг хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Дүүрэг гэдэг бол хотын нэг эд эс нь. Дүүргээ дэмжиж байж нийслэлийн ажил өнгөтэй, өөдтэй явна.

-Дүүргийн 10-р хороонд дахин төлөвлөлтийн асуудал удаашралтай байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломж байна вэ?

-Улаанбаатар хотын газрын алба, гэр хорооллыг барилгажуулах асуудлыг хариуцсан нэгж байгууллагууд ажлаа сайн хий гэж хэлмээр байна. Одоо эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Гадны хөрөнгө оруулагчдын хандах хандлага эерэг. Уул уурхайн салбараас орж ирэх эдийн засгийн өгөөж, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжууд бүрдэж эхэллээ. Эдийн засгийн өсөлт 2018 ондоо 7.5 хувь руу очих хандлагатай байна. Валютын нөөц 3 тэрбумаас дээшээ явж байна. Монголбанкны бодлогын хүү 10 хувь дээр ирээд доошоо буучихлаа. Арилжааны банкууд Засгийн газрын бонд авахаасаа илүүтэй эдийн засаг руу хөрөнгө санхүү нийлүүлэх боломжууд бодитоор бий боллоо. Энэ нь цаагуураа эдийн засагт бодит байдлаар санхүүгийн урсгал бий болох нь ээ гэсэн дохио юм. Иймд барилгын болон бусад салбарууд нэлээд сэргэж, урагшлах байх гэж би харж байгаа. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч мөн адил энэ боломжийг ашиглаж, ТЭЗҮ-ээ бодитой гаргаж, арилжааны банкууддаа хандан бизнесээ дэмжүүлж яваасай гэж хүсч байна.

-Дүүрэг дээрээ гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийнэ гэлээ. Хаана хаана хийхээр төлөвлөж байна вэ?

-Дүүргийн хэмжээнд камержуулалт, гэрэлтүүлгийн ажлыг Австри улстай хамтран хийж хэрэгжүүлэхээр болсон. Гарч байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь гэрэлтүүлэг, камержуулалт муутайгаас болсон байдаг. Тиймээс гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдээ аюулгүй орчинд амьдруулах үүднээс эл ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж