Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын оролцсон “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг сүүлийн өдрүүдэд бүх телевизээр гарав. Нэвтрүүлгийн хэлбэр, хийц найруулга ярих юмгүй гоё. Сайд, зочид, хөтлөгчид бүгд мундаг. Их ч мөнгөөр санхүүжиж хийгдсэн нь илт. Норвеги хүртэл явж хийсэн энэ нэвтрүүлгийн гол агуулга нь баялгийн сантай болох явдал. Нэвтрүүлэг хийсэн, хийлгэсэн хүмүүсийн зорилго ч үүнд чиглэгдсэн нь ойлгомжтой.
Газрын доороо есөн эрдэнээр баялаг Монгол Баялгийн сантай болох нь хамгийн зөв санаа. Болдог бол гучин гэр бүл биш гурван саяулаа байгалийн баялгийг тэгш хүртмээр л байгаа. Гэхдээ сар болгон 21 мянган төгрөг авах асуудлын тухай энд яриагүй нь мэдээж.
МАН-ын засгийн үед, Монголын эдийн засгийн супер өсөлтийн жилүүдэд 800 тэрбум төгрөгөөр “найрлачихсан” ард түмэн билээ, монголчууд бид. Баялгийн сантай болох тухай яриа эндээс эхлэлтэй юм. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр гэнэт олдсон 800 тэрбумыг баруун солгойгүй цацаж, эх орны хишиг, шинэ гэр бүл болсны мөнгө, оюутны тэтгэмж гээд тараачихсан чинь авдрын ёроолд атга гурил ч үгүй хоцорсон.
Ингээд олсон мөнгөө замбараагүй зараад байж болохгүй гашуун үнэнд гүйцэгдсэн монголчууд Ирээдүйн өв сан байгуулаад хэдхэн жил болж байгаа. Ирээдүйн өв санд 2017 онд 165 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн, одоо хэд болж арвижсан, хорогдсоныг мэдэхгүй ч, энэ санг байгуулсан нь Ирээдүйн өв сангийн тухай хуульдаа, эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөөдөр болон хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх явдал гэж тусгаж өгсөн байдаг. Олсныхоо хэрээр үрдэг улстөрчдийн цээж өвчнийг хязгаарлаж, эрдэс баялгийн орлогоо үндэсний санхүүгийн хуримтлал болгон хөрвүүлэхийн тулд Ирээдүйн өв сан байгуулсан гэж тухайн үед гишүүд тайлбарлаж байв.
Гэтэл салбарын сайд нь ахиад “Баялгийн сан” гэсэн өөр нэг нэр томъёо гаргаж, хууль дүрэм батлуулахаар яриад явж байгаа нь ямар учиртайг бүү мэд. АН санаачилсан бол хэрэггүй, МАН санаачилсан бол маш сайн гэдэг манайхны нэг тэнэг зан ч байж мэдэх.
Д.Сумъяабазар сайд дэлхийн дүрмээр, том зургаар харж байгаад Баялгийн сан байгуулмаар байгаагаа телевизээр ярьж харагдана лээ. Тэгээд хий л дээ, иргэд бол баялгаа тэгш, хүртээмжтэй хүртье л гээд байгаа. Гол нь баялгийн санд төвлөрсөн мөнгийг юунд зарцуулах нь эрх баригчдын шийдэх асуудал.
“Уул уурхайн салбараас тухайн жилд төсөвт орох орлогын 20 хувийг Баялгийн санд хадгалах боломжтой. Хүний хөгжлийн сангаар авч үзвэл жилд 500 тэрбум төгрөг хуримтлалд оруулах бололцоо байгаа”-г уг нь аль дөрвөн жилийн өмнө тооцож гаргасан байдаг. Гээд МАН засаг бариад бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааныхаа хоёр жилийг лав өнгөрөөчихлөө. Нэвтрүүлэг, бичлэг, пи-ар болоод явахаараа “цуутай хүүхэн хуримгүй” гэгч болдог тал бий, анхааруулахад илүүдэх юун.
Монголчуудыг гадныхан баялгийн хараал туссан гэдэг юм. Товчхондоо өнөөдрийн улс төр тойрсон дуулиан, баривчилгаа, хэрүүл, талцал болгон уул уурхайг тойроод өрнөж байна. Төрийн ордон зөвхөн зэс, нүүрсний хэрүүл хийдэг газар болж хувирсан. Оюутолгойг тойрч есөн жил, Тавантолгойг тойрч найман жил хэрэлдлээ. Дээр нь “Эрдэнэт”-ийн наймаа, луйвар гээд юун баялгийн сан, хараал, хэрүүлээс өөр сэдэв харж байгаа улстөрч байгаа ч юм уу, бүгд л нүүрсчин, зэсчин болчихсон яваа.
Баялгаа бүртгэх, төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон газруудаа төр өмчлөлдөө авах, хяналт тавих, Үндэсний зэс корпораци байгуулах гэх мэт олон ажил хийхээ амласан сайдын ярианаас баялгийн сангийн асуудлыг улс төрөөс салгах ёстой гэсэн ганц өгүүлбэр хамгийн их таалагдсан.
Ерөөсөө уул уурхай дээр улстөрчид нь ч, иргэний элдэв янзын хөдөлгөөнийхөн ч, иргэд ч овоорч суугаад шаазгай шиг сайхан хэрэлддэг болоод удаж буй. Тиймээс Д.Сумъяабазар хэлсэндээ хүрч чадах юм бол баялгийн сан, уул уурхайн асуудлыг улс төрөөс бүр хол тавих хэрэгтэй. Уул уурхай дээр овоорч хэрэлддэгээ улстөрчид нь больчихвол асуудал нь аяндаа цэгцрээд ирнэ. “Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад, Ерөнхий сайдтай хамт хөрөнгийн бирж дээр цан цохино” гэж Д.Сумъяабазар сайд мөрөөдлөө яриад сууж байна. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй ч, уг нь бүтчихвэл сайхан л зорилго. Даанч Ерөнхийлөгчөөсөө эхлээд эх орончид, иргэний хөдөлгөөнийхөн Тавантолгойг эргэлтэд оруулж, сантай болох сайдын зорилгыг гацааж мэдэх л юм.
Хэрэвзээ үнэхээр баялгийн орлогыг баялгийн санд хадгалмаар байгаа бол төмөр замаа тавь,төсвийн зардлаа бууруул. Төсөв нь шүүрэн шанага шиг байвал Баялгийн сан байгаад ч нэг ч төгрөггүй “нэрийн данс” шиг болох вий.
Ж.ЭРХЭС