УИХ Д.Гантулгыг шалгуулах уу, хамгаалах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

УИХ Д.Гантулгыг шалгуулах уу, хамгаалах уу?

УИХ Д.Гантулгыг шалгуулах уу, хамгаалах уу?

Эрх баригчид УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, ажилдаа орлоо.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргая гэхэд эрх зүйн орчин дутмаг байгаа нь  эцэстээ Үндсэн хууль зөрчих болж буй аж.

Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.

Хуулийн төсөлд оруулах гол өөрчлөлт нь 2010 онд УИХ-аас хүчингүй болгож байсан УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь заалт, өнгөрсөн өвөл Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн мөн хуулийн 6.9.1 дэх заалттай холбогдож буй юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх “Гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх”, УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн заалтыг тус, тус сэргээхээр тусгаж буй аж.

Нэг үгээр хэлбэл, УИХ дээрх хуулийн төслийг дэмжин баталсан нөхцөлд Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрэн нээгдэх юм байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа ямар үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болох вэ гэдгийг дараах байдлаар заажээ. Үүнд:

  • Нас барсан;
  • Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;
  • Хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
  • Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
  • Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заасан аж.

Харин дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байсныг өнгөрсөн онд Цэц их суудлын хуралдаанаараа хүчингүй болгосон. Энэ нь УИХ-ын тухай хуулийн 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэх заалт юм.

Мөн Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д ирүүлсэн ч 2010 онд УИХ-аас УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь заалтыг хүчингүй болгосон тул хэлэлцэх боломжгүй болгосон. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан ч УИХ-ын тухай хуульд гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол хүсэлтийг нь УИХ хэлэлцэнэ гэж заасан байдаг болохоос түдгэлзвэл хэлэлцэнэ гэх зохицуулалт тусаагүй. Дээр нь УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал нь шүүхээр орж, эцэслэгдээгүй байгаа.

Иймээс УИХ шүүхээр эцэслэгдээгүй асуудлыг прокуророос ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хэлэлцэж, нэг талд гаргахын тулд өмнө нь хүчингүй болгосон заалтаа, мөн Цэцээс түдгэлзүүлсэн заалтыг буцаан сэргээх шаардлага үүсэж буй юм байна.

Гэвч УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг дахин сэргээсэн нөхцөлд УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь хуулиар дархлагдах вий гэсэн болгоомжлол гарч буй ч уг заалтыг сэргээхгүйгээр Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах боломжгүй, мухардал хэвээр үргэлжлэх болно гэсэн тайлбар ч бас дагаж байна.

Хэрхэх нь УИХ-ын шийдэх асуудал. МАН УИХ-д 65 суудлыг бүрдүүлдэг. Парламентын шийдвэр олонхид үндэслэдэг. Иймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь хууль тогтоогчдоос өөрсдөөс нь хамаарах боллоо. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж