Монголын хөлбөмбөгийн холбооноос ОХУ-д болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох 12 насны хоёр хүүхдийг өнгөрөгч гуравдугаар сард шалгаруулсан билээ. Дэлхийн 200 гаруй орны хүүхдүүдтэй хамтдаа байх фестивалийн шалгаруулалтад “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар оролцохоор болсон.
Тэгвэл дээрх фестивальд сэтгүүлчийн хувиар оролцох Ш.Эрхэс өнгөрсөн ням гаригт Испанийн Мадрид хотын ‘Сантьяго Бернабеу’ цэнгэлдэх хүрээлэнд “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багуудын тоглолтыг үзжээ. Энэхүү тоглолт 1:1 онооны харьцаагаар өндөрлөсөн бөгөөд Ш.Эрхэсийн шүтэн биширдэг Криштина Роналдо, Антуан Гризманн нар гоол оруулсан юм. Европын хөлбөмбөгийн хамгийн том 10 цэнгэлдэхийн нэг болох “Сантьяго Бернабеу” Испани улсын нийслэл Мадрид хотод байдаг. Энэ цэнгэлдэх анх 1947 онд ашиглалтад орсон бөгөөд “Реал Мадрид” клубын цэнгэлдэх хүрээлэн юм.
“Сантьяго Бернабеу”-т 1982 оны ДАШТ, 1964 оны Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдаж байснаараа алдартай. Испанид болсон олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн Ш.Эрхэс тэмцээний дараа энэхүү тоглолтыг үзсэн байна.
ДАШТ-2018: ТОГЛОГЧ Э.ДАРИНЧУЛУУН, ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ Ш.ЭРХЭС
Дэлхийн орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчид оролцох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль ирэх зургадугаар сарын 3-18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болох юм. Тэдэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд оролцох ховор боломж тохиох билээ.
Үеийн нөхдөөсөө шалгарч “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох болсон Э.Даринчулуун “Горилла” багт хагас хамгаалагчаар тоглож, Ш.Эрхэс олон улсын хүүхдийн форумд Монгол орныг сурталчлан, сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан тоглогчийн тухай сурвалжлага бэлтгэх юм.
Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар өсвөрийн (U-12) Улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдгээр тодорч байсан бөгөөд үеийнхэн дундаа ирээдүйтэй тамирчид гэдгээ харуулж чаджээ. Тэдэнд амжилт хүсье.