"Супер дээд лиг"-ийн медальтууд тодров

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

"Супер дээд лиг"-ийн медальтууд тодров

"Супер дээд лиг"-ийн медальтууд тодров

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан “Супер дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт өндөрлөлөө. Тэмцээний хэсгийн болон медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болсон юм. “Супер дээд лиг”-ийн тэмцээнд “Ховд Шонхорууд” түрүүлж аваргын цомыг хоёр дахь удаагаа хүртсэн бол “СХД Тэнүүн Өлзий” багууд мөнгөн медаль хүртэв. Лигийн хүрэл медалийн төлөөх тоглолтод “Улаанбаатар Blue Dragon” баг, “Баянгол дүүрэг Mongolians” багууд үлдэж байсан. Шийдвэрлэх энэ тоглолтод Blue Dragon баг илүүрхэж, медальт байранд шалгарсан юм.

“BLUE DRAGON” БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хожигдох эрхгүй ганц тоглолтоор шийдэгдэх учиртай энэ тоглолтод “Улаанбаатар Blue Dragon” “Баянгол дүүрэг Mongolians” багийг  88-74-өөр буулган авлаа.  Тоглолтын эхнээс багууд сонирхолтой өрсөлдөөнийг гаргаж байсан бөгөөд 21 удаа тэргүүллээ солилцож, 9 удаа тэнцсэн байна. Гэхдээ шийдвэрлэх мөчид “Blue Dragon” баг илүү байж чадснаар анх удаагаа “Супер дээд лиг”-ийн хүрэл медалийн эзэд болсон. Мөн “Blue Dragon” баг  хамгийн ихдээ 20 оноогоор тэргүүлсэн бол “Баянгол дүүрэг Mongolians” баг эхний үед 20-15-аар таван оноогоор тэргүүллийг авчээ. Тоглолтод С.Эрдэнэдалай онцгой сайн байж 27 оноо,10 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол З.Энхтөр 18  оноо, 9 самбар авсан байна. Харин эсрэг багаас Б.Дамдинсүрэн 21 оноо, 18 самбар, Н.Бат-Оргил 21 оноо, 7 самбар, Б.Жанжийжаваалий 15 оноо авчээ.

СУПЕР ДЭЭД ЛИГИЙН АВАРГААР ХОВД ШОНХОРУУД БАГ ТОДОРЛОО

Энэ удаагийн “Супер дээд лиг”-ийн тэмцээний аваргын төлөө “Ховд Шонхорууд” болон “СХД Тэнүүн Өлзий” багууд учраа тааран тоглосон юм. Ингээд “Ховд Шонхорууд” аваргийн цувралд илүүрхэж, “Супер дээд лиг”-ийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Финалд үлдэж, “Ховд Шонхорууд”-тай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн “СХД Тэнүүн Өлзий” баг лигийн тэмцээний анхны медалиа авлаа.

Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод 110-90-ээр “Ховд Шонхорууд” хожсон бөгөөд тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 24 оноо, 9 самбар авч багаа тэргүүллээ. Шонхорууд холын шидэлтээр илүүрхэж,  хурдан довтолгоонд санаачлагатай байсан нь аваргын тоглолтод хожих гол шалтгаануудын нэг болсон байна. Энэ тоглолтод Рикардо Максвелл 23 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт,  Ц.Отгонжаргал 22 оноо, 12 самбар, Э.Дөлгөөн  15 оноо, 15 самбар авчээ. Лигийн дэд аварга “СХД Тэнүүн Өлзий” багаас ОУХМ Д.Дэлгэрням 25 оноо, 7 самбар, А.Гансүх  16 оноо, 10 самбар авч багаа манлайлжээ. 

“Ховд Шонхорууд” 48 минутын турш онооны давамгай байдалтай тоглосон бол “Тэнүүн Өлзий” хамгийн ихдээ долоон оноогоор илүүрхсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж